З.Энхболд, Д.Эрдэнэбат нарын мэдээлэлд "Няцаалт" хийх нь
Монгол улсын сайд асан, Академич Т.Намжим
2015.03.18

З.Энхболд, Д.Эрдэнэбат нарын мэдээлэлд "Няцаалт" хийх нь

          “Өнөөдөр” сонины 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн дугаарт “Оросууд түүхий эдээр найдвартай хангахгүй тул нефть боловсруулах үйлдвэрийн ажил зогссон” гэсэн гарчигтай Улсын Их Хурлын даргын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдтэй хийсэн уулзалт дээр ярьсан зүйлсийн сурвалжлагын материал нийтлэгджээ.

         Тэрхүү уулзалт дээр Даланзадгад сумын нэгэн иргэний тавьсан саналд хариулт болгож УИХ-ын дарга газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар өөрийн санаа бодлоо илэрхийлсэн зарим зүйлээр тайлбар хийж, бодит байдлыг мэдээлжээ. Гэхдээ түүнтэй санал нийлэхгүй байгаа талаар Монгол улсын сайд асан, Академич Т.Намжим гуайтай ярилцлаа.

- “Оросууд түүхий эдээр найдвартай хангахгүй тул нефть боловсруулах үйлдвэрийн ажил зогссон” гэсэн тухайд

 УИХ-ын даргын Өмнөговь аймгийн төв Даланзадгадын иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын талаархи нийтлэлийн “Оросууд түүхий эдээр найдвартай хангахгүй тул нефть боловсруулах үйлдвэрийн ажил зогссон” гэсэн гарчигийн талаар болон ер нь Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрт импортын тос боловсруулна гэсэн учраас уг Төслийн ажил зогссон мэтийн ташаа ойлголтын талаар тусгайлан тайлбар, залруулга хийж, ард иргэдэд бодит ойлголтыг хүргэх нь зүйд нийцэх болов уу.

Тухайлбал, оросууд түүхий эдээр хангахгүй тул нефть боловсруулах үйлдвэрийн ажил зогссон, Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулбал тэдний талаас 20-30 жил түүхий эдээр хангах боломжгүй гэсэн нь бодит байдалд үл нийцнэ.

Яагаад гэвэл, ОХУ-ын Иркутскийн Нефтийн Компани, Монголын “Монголсэкию” ХХК, Японы Марубени корпорацийн хооронд 2010 оны 8 дугаар сард Иркутск хотноо Монголын Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон үед Иркутскийн нефтийн компанийн шугамаар жилд 2 сая тонн газрын түүхий тос нийлүүлж байхаар Орос, Монгол, Японы гурван талын харилцан тохиролцсон баримт бичгийг албажуулсан бөгөөд уг баримт бичиг нь Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл буюу уг үйлдвэрт түүхий тос нийлүүлэх контрактад гарын үсэг зурах хүртэл хүчинтэй байх юм.     

Иркутскийн нефтийн компани нь өөрийн эзэмшлийн газрын тосны болон байгалийн хийн ордтой бөгөөд Японд түүхий тос нийлүүлж байгаа компани юм.

Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах бас нэгэн батлагаатай шийдэл бол Монголын Уул уурхайн яам, “Д-ГТБҮ” ХХК, Марубени корпорацийн хооронд, Японы Марубени корпорацийн ОХУ-аас импортлон авч буй түүхий тосноос Д-ГТБҮ-т шууд нийлүүлэх талаар 2013 оны 12 дугаар сард Үндсэн гэрээ (Framework Agreement) байгуулсан явдал юм.

-Оросоос түүхий тосыг 20-30 жилээр нийлүүлэх боломжгүй гэсэн тухайд

УИХ-ын дарга Даланзадгадын иргэдтэй хийсэн тэрхүү уулзалт дээр : “Оросын нефтийн нөөцд тулгуурласан үйлдвэр байгуулахаар болсон ч, тэдний талаас удаан хугацаа буюу 20-30 жил түүхий эдээр хангах боломжгүй гэдгээ илэрхийлсэн учир энэ ажил хойшилсон” гэжээ.

Дархан-Уул аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хувьд гэвэл, дээр дурьдсанаар Дарханд байгуулагдах үйлдвэрт түүхий тос нийлүүлэх тухай Монгол, Орос, Японы холбогдох Талуудын хооронд байгуулсан 2 удаагийн албан ёсны хүчин төгөлдөр гэрээ, хэлэлцээр байгаа учраас уг төслийг хэрэгжүүлэх үйл хэрэг, түүхий тосны хангалтын асуудлаас болж хойшилсон явдал байхгүй.

Монгол, Японы Засгийн газрын хооронд 2013 оны 9 дүгээр сард байгуулсан Стратегийн түншийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт хоёр улсын Засгийн газар Монголын Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хамтран хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Монгол, Японы холбогдох Талууд, уг  үйлдвэрийг барьж байгуулах бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд үргэлжлэн хэрэгжих учиртай юм.

Ер нь Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын хооронд 2015 оны 2 дугаар сард Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан өнөөгийн нөхцөлд хэн нэгэн өндөр албан тушаалтан манай хоёр улсын хамтын ажиллагааны шугамаар хэрэгжих “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төслийг саатуулах, зогсоох гэсэн туйлын зарчимгүй оролдлого гаргах учиргүйсэн билээ.

Мөн ОХУ-ын газрын тос олборлож экспортлодог компаниуд зориудын бодлогоор Монголд газрын тос нийлүүлэхгүй, эсвэл тийм боломжгүй гэх асуудал бол дараахи учир холбогдлын үүднээс авч үзвэл байж боломгүй юм. Тухайлбал :  

1. ОХУ бол газрын тосыг олон зуун сая тонноор нь олборлодог, дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг юм. Эдүгээ ОХУ-аас манай энэ бүс нутгийн гол хоёр орон - БНХАУ, Япон улсад олон арван сая тонн түүхий тос нийлүүлж байгаа атлаа, өөрийн хөрш Монгол улсад жилд хоёрхон сая тонн түүхий тос нийлүүлэх боломжгүй гэх нь ойлгомжгүй асуудал болох бус уу.  

 2. ОХУ бол Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болох гэж олон жилийн турш хүчин чармайлт гаргасан, эцэст нь Гүрж улсад тавьсан зарим бүтээгдэхүүний хоригоо цуцлан байж, саяхан тус байгууллагын гишүүн болсон тул олон улсын зах зээлд биржийн үнээр чөлөөтэй худалдаалагддаг нийтлэг зарчимтай онцгой бүтээгдэхүүн болох газрын тосыг Монголд нийлүүлэхгүй байх учиргүй юм.  

3. Гагцхүү хоорондоо дайны байдалтай улсууд л хэн нэгэндээ газрын тосыг нийлүүлэхгүй байх таагүй нөхцөл үүддэг байна. Тэгэхээр найрамдалт сайн харилцаатай манай хөрш ОХУ-аас Монгол улсад газрын тосыг нийлүүлэхээс татгалзах учиргүй гэдэг нь ойлгомжтой баймаар юм.

4.Аль нэгэн улс орон, олон улсын хэмжээнд харш, гаж буруу дэглэм, үйлдлийнхээ улмаас, газрын тосны хоригт орох явдал гарсан байдаг. Жишээ нь ӨАБНУ арьс өнгөөр ялгаварлах дэглэмийн учир холбогдолоор нэгэн үед нефтийн хоригт орсон тохиолдол байсан.        

Монгол улсын хувьд, тийм хоригт орох явдал болоогүй байхад найрамдалт харилцаатай хөрш улсаас газрын тос нийлүүлэхгүй гэх учиргүй гэдэг нь мэдээжийн хэрэг юм.         

5.Манай улсын бензин шатахууны хангамжийн асуудал хариуцсан яам, агентлагийн хүмүүс, гол төлөв Роснефть компанитай л харьцдаг бололтой байдаг. Тэдний талаас манайд стандартын бус бензин, дизель түлшийг өндөр үнээр нийлүүлж байх гээд түүхий тос нийлүүлэхгүй гэсэн ойлголт төрүүлдэг бололтой юм.

“Д-ГТБҮ” Төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй монгол, японы холбогдох Талуудын хувьд бол, ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр хөрш зэргэлдээ Монгол улстай худалдаа-эдийн засгийн харилцааг бие даан явуулж байх журам тогтоогдсон, зам харилцааны ойр дөт нөхцөл боломж бүхий хөрш зэргэлдээ Иркутск мужийн газрын тос олборлож экспортлодог хувийн хэвшлийн компанитай харилцан тохиролцооны баримт бичиг байгуулсан болно. 

-Манай дотоодын нефтийн нөөц нь боловсруулах үйлдвэрийн хэрэгцээг хангаж чадахгүй гэсэн тухайд

УИХ-ын дарга Даланзадгадад хийсэн уулзалт дээр “одоогоор нефтийн хоёр орд бий. Бага хэмжээний нөөцтэй учраас манай улсын хэрэгцээг хангаж чадахгүй, газрын тос боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд урт хугацаанд ашиглах нөөц манайд байхгүй” гэсэн байна.

Гэтэл Монгол Улсын Үндэсниий Аюулгүй байдлын Зөвлөл (ҮАБЗ) 2014 оны 3 дугаар сард стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрт дотоодын түүхий эдийг ашиглах тухай нэг заалт бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай” гэсэн 14/06 тоот зөвлөмжийг гаргасан байна.

Тэгэхээр ГТБҮ-т дотоодын түүхий тосыг ашиглах тухай ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ-ын даргын дотоодын тосны нөөц бага учраас манай хэрэгцээг хангахгүй гэж хэлсэн үгийг хэрхэн уялдуулж ойлгох болж байна вэ гэсэн асуулт тавигдах болов уу.

Манай оронд Хятадын компаниудын олборлолт хийж буй хоёр ордын түүхий тосны нөөц бага гэдэг нь үнэн. Гэхдээ газрын тосны геологийн батлагаат нөөц 333 сая тонн, ашиглалтын батлагаат нөөц 35-42 сая тонноор тогтоогдсон болно. Уг газрын тосны нөөцийн дийлэнх хэсэг нь Тамсагбулагийн сав газарт байгаа бөгөөд манай улсын 20 орчим жилийн хэрэгцээг хангаж болох юм. 

Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр, Японы техникийн байгууламжтай баригдах учраас хаанахын ч, ямар ч тосыг боловсруулах технологийн чадавхитай байх тул дотоодын болон импортын газрын түүхий тосны алиныг ч боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Түүхий эдийн хангалтын хувьд дотоодын тосыг боловсруулах зорилт тавина. Гэхдээ дотоодын тосны хүрэлцээ бага, эсвэл зам тээврийн нөхцөл бүрэлдэхгүй бол импортын тосыг боловсруулах шаардлага гарна.

-Чойр юм уу, Сайншандад нефтийн үйлдвэр барина гэсэн тухайд

        УИХ-ын дарга Даланзадгадын иргэдтэй хийсэн уулзалт дээр : “нефть боловсруулах үйлдвэрийг Чойр юмуу, Сайншандад барина” гэсэн байх юм.  

        Ерөөсөө Газрын тос боловсруулах үйлдвэрийн оновчтой хүчин чадал, зохистой байршлыг гагцхүү энэ чиглэлийн мэрэгжлийн байгууллагын мэрэгшсэн өндөр мэдлэгтэй хүмүүсийн шинжлэх ухааны арга зүйн дагуу боловсруулсан Техник-эдийн засгийн үндэслэлээр тогтоодог олон улсын хэмжээнд хэвшсэн нийтлэг зүй тогтолтой байна.

        Тийм болохоор, аливаа үйлдвэрийн байршлыг аль нэгэн яам газар, хэн нэгэн албан тушаалтан өөрийн бодол, сонирхолоор тогтоох юм уу, нөлөөлөх явдал байж таарахгүй юм.

        Газрын тос боловсруулах үйлдвэрийн оновчтой байршлыг тогтоодог сонгомол зарчим, зүй тогтол бол бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний гол бүс нутагт байгуулдаг явдал юм.

        Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг тогтоох арга зүйн үндсэн шалгуур бол түүхий тосны болон түүнээс үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний тээврийн зардлын харьцуулалт байдаг.  

        Түүхий тосыг боловсруулах үйлдвэр лүү нэг төрлийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэх зардлын хэмжээ нь, олон нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг тус бүрт нь тохирсон зориулалтын буюу янз бүрийн тээврийн хэрэгсэлээр алс холын зайнд, энд тэнд оршдог, асар олон тооны хэрэглэгчид рүү тээвэрлэж хүргэх зардлаас бага байдаг учраас боловсруулах үйлдвэрийг бензин шатахууны хэрэглээний гол бүсд байгуулдаг зүй тогтолтой байна.  

         Монгол улсын хувьд, газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 90 орчим хувь нь эдийн засгийн Төв бүсд буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон энэ бус нутгийн бусад аймгуудад ноогддог онцлогтой байна.                 

        Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг тогтоох хоёр дахь гол хүчин зүйл бол үйлдвэрлэлийн зохих нөхцөл, шаардлагыг хангасан дэд бүтэцтэй байх явдал юм. ГТБҮ бол их хэмжээний цахилгаан, ус хэрэглэдэг технологийн онцлогтой байна.

        Монгол улсын бензин шатахууны ойрын ирээдүйг хэрэгцээг хангахын тулд хоногт 44 мян баррель буюу жилд 2 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж ажиллуулахад 45 мВт-ын цахилгаан эрчим хүчний болон хоногт 6,500 тонн цэвэр усны хэрэглээтэй байх болно.

        Тийм хэмжээний цахилгааны болон усан хангамжийн байгууламж, мөн түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хангах төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн нөхцөл бүрдсэн газар бол улсын хэмжээний бензин шатахууны хэрэглээний 90 хувь нь ноогддог эдийн засгийн Төв бүсийн нэг тулгуур төв - Дархан хотод байгуулах явдал нь хамгийн оновчтой хувилбар болох нь Техник-эдийн засгийн үндэслэлээр тогтоогдсон, мөн Техникийн зураг төслөөр болон Байгаль орчны нөлөөлөлийн нарийвчилсан үнэлгээгээр нотлогдсон болно.

         Чойр юмуу, Сайншандад цахилгаан, усны хэрэгцээг хангах эх үүсвэр, техникийн байгууламж байхгүй, мөн нийгмийн дэд бүтэц ч дутмаг учраас тэр хоёр газрын алинд ч газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй юм.  

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар бүтээгдэхүүний өртөг, үнэ өндөр болно гэсэн тухайд             

УИХ-ын дарга Даланзадгадын иргэдтэй хийсэн уулзалтад : “Ганц асуудал байгаа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ өртөг юм. Түүхий эдээ тээвэрлэх зардал өндөр байна. Үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр болох нь ойлгомжтой.

1 литр нь 4000 төгрөгөөр хэн бензин авах вэ” гэж хэлсэн байна.

Чухам хаанахын ямар төслийн судлагаагаар газрын тос болосруулах үйлдвэр байгуулахад 1 литр бензиний үнэ 4000 төгрөг байхаар тооцоо гарсан юм бол доо гэсэн асуулт гайхшрал төрүүлж байна. Хэрэв үйлдвэрлэсэн бензин шатахуун нь тийм өндөр өртөгтэй байхаар тооцоо гарсан бол эдийн засгийн үр ашиггүй буюу хэрэгжүүлэх боломжгүй төсөл гэдэг нь мэдээжийн хэрэг болно.

“Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төслийн хувьд, нэг баррель түүхий тосны зах зээлийн үнэ өнөөгийн байдлаар 45 доллар байгаа ч гэсэн, нилээдүй өндрөөр буюу 70 $ байх, Тамсагаас 1 тн түүхий тосны тээвэрлэх зардал 30 $ (Иркутскээс нийлүүлэхэд 1 тн түүхий тосны тээврийн зардал 3 $ байна), японы технологиор 1 тн түүхий тосыг боловсруулах үйлдвэрлэлийн зардал 61.5 $ байх нөхцөлөөр хийсэн тооцоогоор бол бензин шатахууны борлуулалтын үнийг өнөөгийн түвшингээс хямдруулах дараахи боломж харагдаж байгаа болно :

  1. RON 95 бензиний жижиглэн үнийг өнөөгийн түвшингээс нь литр дутамд 310 төгрөгөөр, одоогийн АИ 92 бензиний үнээс 80-130 төгрөгөөр хямдруулах,
  2. RON 98 бензиний үнийг өнөөгийнхөөс 60 төгрөгөөр хямдруулах,
  3. Дизель түлшний үнэ 200 төгрөгөөр хямд байхаар тооцоонд тусгасан. 
  4. Бензин шатахууны борлуулалтын үнийг хямдруулсанаас нийт хэрэглэгчдийн бензин шатахуун худалдан авах зардал 400 тэрбум төгрөгөөр хэмнэгдэх тооцоо гарсан болно.           

          Энд нэг тайлбарыг хийхэд, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрт олон улсын стандартад тэнцдэггүй АИ 92, А 80 бензинийг үйлдвэрлэхгүй, түүний оронд бензиний нийт хэрэглээний 90 хувьд зориулж RON 95 бензин, мөн өндөр октантай RON 98 бензинийг үйлдвэрлэх болно.

Эдийн засгийн үр өгөөжийн тухайд :

 Д-ГТБҮ-ийн эдийн засгийн үр ашгийн тооцоог түүхий тосны үнэ 70 доллараар буюу өнөөгийн зах зээлийн үнээс даруй 20-25 доллараар өндөр байх болон бензин шатахууны борлуулалтын өнөөгийн үнийг тодорхой хувь хэмжээгээр хямдруулах, мөн дотоодын түүхий тосны тээврийн зардал 30 $/тн байх нөхцөлөөр хийгдсэн тооцоогоор дараах эдийн засгийн үр ашгийн үндсэн үзүүлэлттэй байна :

  1. Жилд бүтээх нэмүү өртгийн хэмжээ 1,200 орчим сая ам. долларын буюу 2.3 орчим их наяад төгрөг буюу 2014 оны ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хэмжээтэй байх тул Монгол улсын эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах.
  2. Улсын төсөвт НӨАТ болон ААНО-ын албан татварын нийлбэр дүнгээр, бензин шатахууны хямдруулсан үнээр тооцоход жилд дундажаар 400 сая ам. долларын буюу 1:1900 гэсэн ханшаар тооцвол 760 орчим тэрбум ₮-ийн татварын орлого оруулах. Энэ нь өнөөгийн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн улсын төсөвт оруулж буй татварын орлогоос ч их байх болно.
  3. Үйлдвэрийн татвар төлөлтийн дараах орлого жилд дундажаар 530 сая орчим ам.доллар байхтооцоо гарсан тул анхны хөрөнгө оруулалтын нөхөн төлөх ашигт ажиллагааны түвшин, татварын дараахи орлогоор тооцож үзэхэд 34.83 орчим хувь байхаар урьдчилсан тооцоо гарсан болно.