Гишүүдийг цалингүй болгоё
Цалин, хөлс
2015.03.18

Гишүүдийг цалингүй болгоё

Эдийн засгийн хямралыг богино хугацаанд, эрсдэл багатайгаар даван туулахын тулд төрийн албан хаагчдыг цомхотгож, нийслэлийн орлогчдыг цалингүй болгосон нь саяхан.

Тэгвэл УИХ-ын гишүүдийг ч үүнд хамруулья. Нарийн яривал хямралд хүргэж, халаас хоосолсон хүмүүс нь тэд. Тэгээд ч сая хүрэхтэй, үгүйтэй төгрөгийн цалингаа тэд огтхон ч тоодоггүй юм билээ. Зарим нэг нь туслахаа хоолны мөнгө хий хэмээн картаа өгч баярхдаг. Гарын арван хуруундаа багтаж ядсан компанийн хувьцаа эзэмшигчдэд татвар төлөгчдийн халааснаас сугалсан цалин нэртэй хэдэн цаас амны алчуур шиг санагддаг биз.

Нөгөөтэйгүүр, нийслэлийн орлогч нар цалингүй атлаа тансаг амьдраад л байна. Хямрал тэднийг дайрах нь битгий хэл тойрохоосоо ч эмээгээд холуур өнгөрсөн гэх юм билээ. Ямартаа л ажилгүй болохын оронд цалингаасаа татгалзаж байх вэ дээ. Гишүүд тэдний дэргэд хууль баталсан, санаачилсан, боловсруулсан гээд мөнгө авчихна. Тойргийн нэртэй 90 сая төгрөгийн хадгаламжтай. Хэвлэлтийн зардал нэрийдлээр хэдийг нь ч халааслаж болно. Цаана орлого нь овойж оцойсон олон сайхан компанитай. Тэд хэдийд, хаана, ямар ч нөхцөлд газардахгүй.

Ямар сайндаа л ангийнх нь андууд болох Ж.Батзандан, О.Баасанхүү нар гишүүдийн хариуцлагыг чангатгасан хууль санаачилжээ. Хэрэв УИХ-ын гишүүн УИХ-ын чуулганыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалбал нэг минут нь 100 мянган төгрөгөөр торгодог байх санал оруулсан байна билээ. Мөн бусдын кнопыг дардаг, УИХ-ын чуулган дээр халамцуу ирдэг хүмүүст хариуцлага тооцох тухай ч багтсан гэсэн. Тэгэхээр өнөөх туслахын хоолны мөнгө хоцролтод зарцуупагдаж, гишүүдэд ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй. Хэрэв сар бүр төрөөс өгдөг хэдийг нь үгүй болгочихвол жинхэнэ утгаараа халаас руугаа гар хийхээс өөр аргагүй болох вий. Энэ үед л ухаанд нь байсан ухна ишиг сэрж, уушиг зүрх нь савлаж, хариуцлагын шанааг амсах болов уу.