Багахангайд их, дээд сургуул ьбайгуулж, техникийн болонбарилгын материалын захыг нүүлгэе
Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатарын хүн амын дөрөвний нэг нь шахцалданхан суудаг. Энэ "бар" дүүргийн чигчий хурууны хумсанд ч хүрэхгүй гуравхан мянган хүн амтай дүүрэг бол Багахангай юм. Хуучин орос цэргийн суурин байсан энэ хотхоныг үнэндээ улсын маань нийслэлийн долоон дүүргийн нэг гээд төсөөлөхөөс халшрам. Налайхын цаахна байдаг таван давхар орон сууцнуудтай, хиймэл нууртай хотхоныг л ашиглаж чадахгүй байгаа юм чинь нийслэлээс 100 орчим км-т орших Багахангайг хөгжүүлээд, хун ам суурьшуулаад жигтэйхэн сайхан амьдруулна гэдэг үлгэр ч юм шиг. Хувьхандаа л гэхэд энэ балгас болсон газарт нэг сумын статус өгвөл өгөед зөнд нь хаячихмаар санагддаг.
Тэгсэн улсын ярих нь энэ дүүргэнцэр хэдхээн жилийн дараа манай нийслэлийн өнгө төрхийг илэрхийлсэн худалдаа үйлчилгээ, соёл боловсролын дориухан хотхон болох гэнэ шүү.Ухаандаа Багахангайд байдаг орос цэргийн ангийн нисэхийн аэродром, онгоцны агуулахуудыг Нийслэлийн хүн амын төмс, хүнсний ногоо, махны нөөцийн төвлөрсөн агуулах, хөргөлтийн зоорь маягаар ашиглаж болох юм байна. Бүр хоёр тэрбум төгрөгийн төслийг хүртэл орон нутгийн удирдлага нь гаргасан байна лээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт техникийн "Да хүрээ" зах байдаг.
Энэ зах дээр борлогддог машин техникийн ихэнхи нь БНХАУ, Япон, Солонгоос орж ирж байна. Багахангай төмөр зам, мянганы замын орчимд оршдог суурин болохоор тэдний ашигт нийцсэн үзэсгэлэнтэй талбaй, гаалийн баталгаа бүхий автомашин борлуулах төвийг байгуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд хэрэв техникийн зах нээгдчихвэл хотын ногоон орчин сайжирч, замын хөдөлгөөн сийрэгшээд нийслэлчүүд бидэнд л зол болох юм даа.Их, дээд сургуулиудыг нийслэлээс шилжүүлэн, хотхон цогцолбор маягтай байршуулах яриа сүүлийн үед гараад байгаа.
Дэлхийн томоохон хотуудад ийм жишиг бий нь бий. Багахангай ч бас хүн ам сийрэг, нутаг дэвсгэр цэлгэрийн хувьд Хөдөө аж ахуйн болон Батлан хамгаалахын чиглэлийн сургуулиудыг орон нутагтаа суурьшуулах бодлого боловсруулжээ. Санаагаар болдог бол ч нийслэлд жилээс жилд өсөөд байгаа хун амын механик өсөлтийг хазаарлаж, оюутан залуус аятай тухтай вакуумжсан орчинд сурч амьдраад, сайхан л юм даа. Янзлаад оруулах бэлэн байрууд байна. Харин нэг гачлантай нь Баян-Өлгийгөөс ч юм уу, холын аймгаас ирсэн оюутнуудад жаахан дамжлагатай л юм уу даа. Тэрнээс биш сурах чин эрмэлзлэлтэй оюутан, сонсогчид эруул агаарт, хотын их архидалт, зугаа цэнгээнээс алс амар л юм. Тэнд энэ чиглэлийн сургуулиуд төвлөрвөл арваад мянган оюутан, гурван мянга гаруй багш хуран чуулсан хотхон үүсэх нь.Манай улсад ашиглагдаж байгаа барилгын материалын 80 гаруй хувийг Хятадаас татдаг гэсэн мэдээ буй.
Улаанбаатарт уйл ажиллагаа явуулдаг барилгын материал борлуулдаг ихэнх төвүүд стандартын шаардлага хангаагүй, хадгалах агуулахгүй, өнөөгийн шаардлагад нийцсэн орчин бүрдүүлээгүй байдгаас гадна хотын хөрс, агаарын бохирдол нэмэгдүүлэх, замын түгжрээ үүсгэдэг зэрэг сөрөг талуудыг үндэслэн Багахангайд Барилгын материалын төв зах байгуулах гэсэн санаа байгаа юм. Мөн химийн болон тэсэрч дэлбэрэх, шатах тослох материалын төвлөрсөн агуулахуудыг ч Багахангайд байгуулж болно. Хэрвээ энэ мэт санал төслүүдийг төр засаг, Нийслэлийн удирдлагаас сайшаан дэмжвээс эхний ээлжинд орон сууцнуудыг хэрэглээний халуун устай болгох, цэвэр усны эх үүсвэрийг хайх, инженерийн байгууламжийг шинэчлэх зэрэг ажлууд шил шилээ даран ундрах юм билээ. Энэ талаар өнгөрөгч баасан гаригт болсон "Багахангай дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт" сэдэвт зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм.
Зөвлөгөөнд Засгийн газрын тэргүүн шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон яам, агентлагийн төлөөлөгчид, нийслэлийн удирдах албаны хүмүүс оролцож санал бодлоо хуваалцсан.