Их тойрууг Энгельсийн гудамжтай холбох “Нарны гүүр”-ийн барилгын ажлыг эхлүүллээ
2010.03.29

Их тойрууг Энгельсийн гудамжтай холбох “Нарны гүүр”-ийн барилгын ажлыг эхлүүллээ

Олны ярьж сурснаар хуучин Тээврийн товчооноос төмөр зам давуулан Хан-Уул дүүргийн Цагаан хаалганы чиглэлд 895 метр урт, 19,5 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1,5 метрийн өргөн явган хүний зам бүхий гүүрэн байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол боллоо. Япон Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хийж гүйцэтгэх уг төслийн нээлтэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Ю.Ишида нар оролцсон юм.

Төмөр замыг давуулан нийслэлийн өмнөд хэсгийг төв хийгээд хойд хэсэгтэй холбох уг байгууламжийг “Нарны гүүр” хэмээн нэрлэх бөгөөд ашиглалтад орсоноор Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал эрс багасч, замын түгжрэл буурна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Одоо хийгээд байгаа судалгаагаар уг гүүр ашиглалтад орсны дараа өдөрт 30-аас 50 мянган машин явж өнгөрөх гэнэ. Таван тулгуур, зургаан алслалтай гүүрэн байгууламжийг ажлын төлөвлөгөөний дагуу 2012 онд ашиглалтад өгөх юм.

Зуун жил ашиглах боломжтой уг гүүрэн гарцын захиалагчаар ЗТБХБЯ, хэрэгжүүлэгч нь НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, зөвлөхөөр Японы “СиТи АЙ” компани, гүйцэтгэгчээр “Жэй Эф И” компани оролцож байгаа юм. Гэрээнд заасны дагуу барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллах хүн хүчээ аль нэг гуравдагч улсаас авахгүй байхаар талууд тохиролцсон гэлээ.

Цаашид нийслэлд өрнүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд “Нарны гүүр”-ээс ач холбогдол хийгээд хэмжээгээр багагүй таван ч гүүрэн байгууламж барихаар яригдаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.