Зам дээр эвдэрч түгжрэл үүсгэж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураана
Техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцоогүйгээс уулзвар гарц руу ороод унтарчихдаг, шатахуун нь дуусаад зогссон, машинаа түрсэн дүр зураг өдөр бүр харагдах болсон. Дээрх шалтгаанаар өдөрт 15-20 тээврийн хэрэгслийн дугаарыг хурааж байна.
Энэ нь нэг талаас гадны орнуудад хэрэглээнээс хасагдсан автомашинуудыг манайхан оруулж ирдэгтэй холбоотой.
Манай улсад хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 61,9 хувь нь 12 жилээс дээш жилийн насжилттай.
20 гаруй хувь нь 7-11 жилийн насжилттэй гэхээр манай улсад ямар автомашин явдаг нь тодорхой харагдаж байгаа байх.
Мөн зам тээврийн осолд орсны улмаас ноцтой эвдрэл гэмтэлтэй болсон, ялгаруулж буй утаа харьцангуй их байгаа нь илэрхий мэдэгдэж байгаа, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг бүрэн бус гэсэн үндэслэлээр улсын дугаарыг нь хураан авдаг байгаа.
Түүнчлэн орон нутгаас нийслэл рүү бүрэн бус, өнгө үзэмжгүй автомашинуудыг оруулахгүй.Товчоод дээр ажиллаж байгаа Замын цагдаагийн алба хаагчид хяналт тавьж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй жолооч нарыг товчоодын цаана зогсоож машиндаа засвар үйлчилгээ хийсний дараа хотын хөдөлгөөнд оролцуулах юм.