Д.Оюунхорол: Тува Улсын хөгжил баруун бүс ялангуяа Завхан аймгийн хөгжилд ихээхэн нөлөөтэй
2009.10.26

Д.Оюунхорол: Тува Улсын хөгжил баруун бүс ялангуяа Завхан аймгийн хөгжилд ихээхэн нөлөөтэй

Манай оронд айлчилж байгаа Тува Улсын Засгийн газрын тэргүүн Кара-Оол Ш.В. тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нартай өнөөдөр Төрийн ордонд уулзаж ярилцлаа.

Одоогоос гурван жилийн өмнө уулзаж, тэр үед яригдаж байсан олон асуудлууд ажил хэрэг болсонд баяртай байгаагаа НББСШУ-ны байнгын хорооны дарга уулзалтын эхэнд тэмдэглээд баруун бүсийн хил залгаа нутаг, ялангуяа Завхан аймгийн хувьд хамтарч ажиллах, хийж бүтээх зүйл их байгааг дурдлаа.

Тухайлбал, Тува Улсын Цагаан толгойн хилийн боомтоос Олон улсын стандартын хатуу хучилттай засмал зам тавьж байгаа бөгөөд энэ замыг Завхан аймгийн төв хүртэл татах, Тэс сумын Арц суурийн хилийн боомтоор Тува Улсаас өндөр хүчдэл орж ирсэн бөгөөд үүнийг аймаг руу татаж нийт сумдад өндөр хүчдэл оруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг хэлсэн. Мөн малчдыг мөнгөжүүлэх, мал, мах борлуулалтын асуудалд анхаарах шаардлагатай байгааг хэлж, стандартын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн гаргах, түүнчлэн хоёр талын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр хамтарсан махны үйлдвэр барих боломжтой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Мөн монголын иргэд Тува улсруу зорчиход нэг хүн 35 кг-с дээш ачаа тутамд асар их хэмжээний татвар төлдөгийг бууруулах арга хэмжээ авахад анхаарч үзэхийг хүсээд, оюутан солилцоо, оюутны тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж анхаарч ажиллана гэлээ.

Тува Улсын хөгжил баруун бүс ялангуяа Завхан аймгийн хөгжилд ихээхэн нөлөөтэйг хэлээд, төмөр зам барих асуудлыг хурдасгах, малыг хөлөөр нь болон, бэлтгэсэн мах гаргахад анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

Тува Улсын Засгийн газрын тэргүүн Кара-Оол Ш.В. байнгын хороодын дарга нарыг хүлээн авч уулзан санал солилцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр төмөр зам тавих ажил сайн явагдаж байна. Ирэх жилийн 8 сард дуусах төлөвлөгөөтэй байгаа. Бидний гол асуудал хилийн хамтын ажиллагаа юм. Бид бүхэн санаа бодлоо солилцон зөв шийдвэр гаргавал ажил улам урагштай байх болно. Мал, мах гаргах нь зөвхөн Тувагаар хязгаарлагдахгүй цааш нь борлуулалт хийхэд стандартын чанар гол асуудал байдаг. Энэ тал дээр хийх ажил их байна. Мөн боловсролын хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал оюутны тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах хэрэгтэй.Тодорхой тогтоосон квоттой тул хил залгаа аймгаас ирж суралцдаг оюутны тоо бага байгаад анхаарал хандуулахыг хүсч харилцан мэдээлэл солилцож ажиллах нь ихээхэн үр дүнтэй болохыг тэмдэглэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.