Баянзүрхийн гүүрээр бүх төрлийн автомашин нэвтэрнэ
40 жил гар хүрээгүй Баянзүрхийн гүүрэнд хийсэн өргөтгөл, их засварын ажил дуусч өнөөдрөөс эхлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчиж эхэллээ. Баянзүрхийн гүүрийг анх 1958 онд хятадууд барьсан бөгөөд 1966 оны их үерийн үеэр эвдрэл гарсныг нь оросууд шинэчлэн засварлаж, уртасгаснаас хойш их засвар хийгдээгүй өдий хүрчээ.
Улсын нийслэлийг зүүн аймгуудтай холбосон гол гарц болох энэхүү гүүрэнд өнөө жил эвдрэл гарч, манай улсын зам гүүрийн чиглэлээр урдаа барьдаг компаний болох “Ган гүүр”-ийнхэн их засвар хийсэн байна. Нийт 920 сая төгрөг зарцуулсан их засварын хүрээнд өмнө нь 6,3 метр өргөн байсан гүүрийг 8 метр болгон өргөсгөж, явган хүний замыг тусгаарлаж өгснөөр явах эд ангийн хөдөлгөөнд саад болохооргүй болсон байна. Гүүрийн засварт шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг хотын удирдлага шуурхай шийдвэрлэж байсны үрээр гүүрийг төлөвлөсөн хугацаанаас нь 14 хоногийн өмнө ашиглалтад оруулж байгаа ажээ. Одоо Баянзүрхийн гүүрээр 80 хүртэлх тоннын даац бүхий тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжтой боллоо.