Х.Баттулга Буриадын Засгийн газрын тэргүүнтэй уулзлаа
2009.10.06

Х.Баттулга Буриадын Засгийн газрын тэргүүнтэй уулзлаа

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өчигдөр Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн гарын тэргүүн В.В.Наговиц, тус улсын Тээвэр, эрчим хүч, замын сайд С.Ю.Козлов нартай уулзлаа. Уулзалтаар Алтанбулаг болон Замын-Үүд боомтыг нийслэл Улаанбаатар хурдны замаар холбох, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх зорилгоор зэрэг асуудлаар санал солилцжээ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны авто зам барих санхүүжилтын асуудал, Улаанбаатар хотын авто замын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгаа 100 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа сайд Х.Баттулга Буриадын Засгийн газрын тэргүүнд дуулгасан байна.

Мөн Алтанбулаг-Хиагтын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор дамжин авто машинаар тээвэрлэлт хийхэд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байдаг бөгөөд тус боомтоор нэвтэрч өнгөрөхөд учирч буй хүнд суртал, саад тотгорыг үгүй болгож, цаашид тээвэрлэлтийн улам илүү аятай таатай нөхцлийг бүрдүүлэхийг хүссэн байна. Төмөр замын салбарын тээх, нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улс, ОХУ-ыг дамжсан төмөр замын тээврийн коридорын хэсэг болох ОХУ-ын Улаан-Үүд-Наушкийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар анхаарч байгаагаа Буриадын Засгийн газрын тэргүүн онцоллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.