Өнөөдөр 32-ын замыг нээнэ
Энэ онд багтан Нийслэлийн гол гол замууд засварт орно. Улсын төсвөөс 6,5 тэрбум, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр засвар хийгдэх юм. Эхний ээлжинд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртлэх засвар шинэчлэлтийн ажил хийгдэж дууссан. Төв замын засварын сүүлчтэй зэрэгцээд их тойруугийн зам буюу Баянбүрдээс зуун айл хүртэлх автозамыг өргөтгөх ажил хийгдэж байна. Жолооч нарыг хамгийн ихээр бухамдуулж уур “хараал”-ыг нь бардаг зуун айлын зам засварт орж байгаад жолооч нар таатай байгаа. Үүнээс гадна 32-ын тойргоос “МТ”-гийн шатахуун түгээх станц, долоон буудлын автобусны зогсоолоос Дамбадаржаагийн Замын цагдаагийн пост хүртлэх замуудад асфальтан хучилт хийх, ус зайлуулах шугам хоолой худгийн тагийг өндөрсгөх, явган хүн зам барих ажлуудыг хийнэ.
Одоогоор 32-ын тойргоос Дамбадаржаагийн салдаг уулзвар хүртлэх автозамын засвартай байна. Энэ сарын 25 буюу өнгөрсөн баасан гаригт хөдөлгөөнийг нь бүрэн хааж, гурав хоногийн дотор засварын ажлыг хийж өчигдөр буюу ням гаригт нээхээр төлөвлөсөн байсан. Гэтэл цаг агаарын байдлаас болж жаахан хойшлогдсон аж. Гэхдээ өнөөдөртөө багтан засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ. Өчигдөр 17 цагийн үед очиход тэмдэг, тэмдэглэгээг нь тавиад эхэлчихсэн байв. Харин энэ зам нээгдэхээр үргэлжлүүлээд долоон буудлаас Дамбадаржаагийн Замын цагдаагийн пост хүртлэх 900 метр замын шинэчлэлийн ажил эхлэнэ. Дээрх ажил 20 гаруй хоног үргэлжлэх юм. Учир нь замыг нь өргөтгөхөөс гадна үерийн ус зайлуулах хоёр хоолой шинээр хийх ажээ.