12.8 сая долларын Автозамын хяналтын камер суурилуулна
Нийслэлийн хэмжээнд нийт 51 автозамын уулзварт гэрлэн дохио байрлуулсан байдаг. Эдгээрийн 17 нь ОХУ-д үйлдвэрлэгджээ. Харин 3,4 дүгээр хороолол болон 13 дугаар хорооллын гэрлэн дохионудыг БНХАУ-д үйлдвэрлэсэн юм байна. Хойд хөршид үйлдвэрлэсэн гэрлэн дохионны сэлбэг хэрэгсэл нь олдохоо больсон бол урд хөршөөс оруулж ирсэн нь хямд өртөгтэй ч амархан эвдэрдэг муу талтайг мэргэжилтнүүд шүүмжилж байлаа.
Харин манай Монголын ШУТИС-ийн багш, оюутнуудын бүтээсэн гэрлэн дохиог хэдэн жилийн өмнө хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, “Хурд” дэлгүүрийн урд талын уулзварт байрлуулсан байдаг ажээ. Автозамын нэг уулзварт иж бүрэн гэрлэн дохио суурилуулахад найман мянган ам,доллар шаардлагатай байдаг байна.
Замын санд жил бүр таван тэрбум гаруй төгрөг төвлөрдөг ч түүнээс зарцуулах боломжгүй тул Монгол Солонгосын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр гэрлэн дохиог шинэчлэхээр болоод байгаа билээ. БНСУ-ын “Скай Си энд Си” компани гэрлэн дохионы шинэчлэл, хяналтын камерыг хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан. Тендерийн дагуу автозамын 26 уулзвар дээр хяналтын камер байрлуулж замын хөдөлгөөнийг хянахын дээр 45 уулзварын гэрлэн дохионд шинэчлэлт хийн, 14 цэгт замын хөдөлгөөний ачаалал, хурд, бөглөрөлийг мэдэрдэг мэдрэгч байрлуулах юм. Нийт 12.8 сая долларын төсөв хөрөнгөтэй энэ төслийн тоног төхөөрөмж эхнээсээ орж иржээ.
Шинэчлэн засварлах гэрлэн дохио, хяналтын камер нь хоёр жилийн баталгаатай бөгөөд тэр хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал буцааж шинийг авах, үнэ төлбөргүй засуулах боломжтойн дээр камер нь долоо хоногийн доторх автомашины хөдөлгөөнийг бичих хүчин чадалтай гэнэ. Камерыг эхний ээлжинд Нарантуулаас 10 дугаар хороолол орох зам, Энхтайвны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замаас 10 дугаар хороолол хүртэлх хэсэг, Эх нялхсаас Сансарын тунель хүртэлх замуудад тавих юм байна. Эдгээр газруудад шинэ жилээс өмнө хяналтын камер ажиллуулахаар ажлаа эхлээд байна.