Чойр-Сайншандын замыг барьж дуусгахад анхаарал хандуулахыг хүсэв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн олон улсын бага хуралд оролцож байгаа Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Харухико Куродаг өчигдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.
Азийн хөгжлийн банк бол Монгол Улстай нягт хамтран ажилладаг цөөн гадаад түншүүдийн нэг гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд тус банкнаас үзүүлсэн санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, тулгамдсан асуудлыг даван туулахад чухал хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх арга хэмжээг Засгийн газраас боловсруулсан 2010 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг хэлэлцэх үедээ УИХ асуудлыг тал бүрээс нь нухацтай авч үзэж, нөхцөл байдлыг харгалзан шийдэх болно гэдгийг УИХ-ын дарга онцлов. Түүнчлэн баруун бүсийн бороо тэнхлэгийн зам болон Чойр-Сайншандын чиглэлийн бүс нутгийн авто замыг барьж дуусгахад анхаарал
хандуулахыг хүслээ.
Азийн хөгжлийн банкнаас манайд оруулж буй хөрөнгө оруулалт үр ашигтай байгааг УИХ-ын дарга онцлоод цаашдаа дунд хугацааны хөтөлбөрөө үргэлжлүүлэх, улмаар хамтын ажиллагааны шинэ чиглэл гаргаж хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эдийн засгийн хямралыг гэтлэн давахад олон улсын банк, санхуүгийн байгууллагууд тусламж дэмжлэг үзүүлсний үр дүнд Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж байгааг ноён Харухико Курода дурдаад цаашдаа нийгмийн халамжийн тогтолцоог өөрчилж халамжийг эмзэг бүлэгт чиглүүлэх, түүнчлэн төсвийн сахилгыг сайжруулахад анхаарах нь чухал гэдгийг онцлов. Мөн Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулсан явдалд тэрбээр баяр хүргээд Монгол Улс уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар эрчимтэй хөгжих бололцоо хангагдаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газартай цаашид ч хамтранажиллаж, тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхээ ноён Харухико Курода уулзалтын явцад илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.