"Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих"төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд С.Баярцогт "Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай" хуулийн төсөл, Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих" төслийн тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар, түүнчлэн УИХ-ын Төсвийн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны Протоколд Монгол Улсын Засгийн газарт тус зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгосны дагуу Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулах "Тогтворжилтын зээл"-ийн хэлэлцээрт 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Гадаад харилцааны сайд гарын үсэг зурснаар зээлийн хэлэлцээр байгуулагдсан байна. Энэхүү зээлийн хэлэлцээрийн дагуу Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нийт 25 сая ам.долларын зээлийг жилийн нэг хувийн хүүтэйгээр олгож байгаа нь мэдээллийн технологийн салбарт, ялангуяа аутсорсингийн үйлчилгээнд зориулагдах юм гэж Сангийн сайд танилцууллаа.
Харин "Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих" төслийг холбогдох тогтоолын төслийн хамт танилцуулаад, уг ажлыг 2009-2011 оны хугацаанд нийт 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн, энэ төсөл болон бусад дагалдах төслүүд хэрэгжсэнээр нийслэлийн их тойруугийн авто зам бүрэн хэмжээнд ашиглалтад орох юм гэв.
Уг ажлын хүрээнд нийт 435,02 у\м хоёр урсгал бүхий 17,2 м өргөнтэй гүүрэн гарц, хорооллын доторхи авто замтай холбосон 1 км хатуу хучилттай авто зам, төлөвлөлтийн дагуу 100 м явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.