Нийслэл өмчөө худалдан 85 орчим тэрбум төгрөг олно
Нийслэл төсвөө 105 тэрбум төгрөгөөр тэлэхийн тулд зарим обьект өмчлөлөө дуудлага худалдаагаар худалдаалах санал гаргаад байсан билээ.
Нийт 19 обьектыг хувьчлах ёстой байснаас өнгөрсөн долоо гарагт хуралдсан НИТХ-ын ээлжит хуралдааны эхний хэлэлцүүлгээр Гэрлэх ёслолын ордныг дээрх жагсаалтаас хассан юм. Харин өнөөдөр болсон НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг хувьчлах асуудлыг ирэх долоодугаар сар хүртэл хойшлуулж, бусад обьектыг тодорхой хувь тогтоон дуудлагаар худалдах шийдвэрийг гарлаа. Өөрөөр хэлбэл, Усан спорт сургалтын төв болон Ионсэй эмнэлгийн барилгыг хувьчилна. Гэхдээ тодорхой хувь хэмжээг зааж өгөх ёстой юм байна гэсэн шийдэлд төлөөлөгчид хүрсэн юм. Түүнчлэн өрхийн эмнэлгийн хуучин барилгууд болон рашаан сувиллын хуучин барилгуудыг дангаар нь бус тухайн газартай нь цуг одоогийн ханшаар үнэлэн хувьчлахаар болжээ.
Мөн энэхүү хуралдааны үеэр хувьчлах барилга байгууламж, газар, эд хөрөнгийн үнээс 10 хүртэлх хувийг дүүрэгт нь өгнө гэсэн санал багагүй маргаан дагууллаа. Хэрвээ тухайн обьект нийслэлийн өмчид байвал заавал дүүрэгт өгөх ёстой юу, дүүргийн төсөвт ачаалал өгөх юм биш үү гэсэн санаануудыг төлөөлөгчид гаргаж байсан юм. Ингээд зөвхөн газрын дуудлага худалдаанаас 10 хүртэлх хувийг дүүрэгт шилжүүлэх саналыг төлөөлөгчид дэмжлээ.
Нийслэл төсвийн алдагдал хүлээсэн ч, эдийн засаг хямралтай хүндрэлтэй байгаа ч төсвөө тэлэх бодлого явуулж эхэлсэн. Тиймээс хувьчлах 19 обьектоос 85 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолж байгаа аж.