Дэгсперт Яримпилийн дэврүүн яриа  /егөө хошигнол/
Яаруу Яримпил
2015.03.23

Дэгсперт Яримпилийн дэврүүн яриа /егөө хошигнол/

Яаруу Яримпил гуай бол сампин цохиж, гуншин дуулдаг байсан мянга есөн зуун жараад оны үеийн ня-бо хүн. Түүнийг бид хашир “Дэгсперт” хэмээн тооцож, ярилцлагад урихаар шийдсэн юм. Энэ яаруу эрхэмтэй дөрөвхөн хором хөөрөлдөж, нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудлын талаар дэврүүн халуун дүгнэлтийг нь соёрхон болгоосон бөлгөө.

-Аж ахуйн нэгжийн тайлан гаргаж өгнө гэдэг ярвигтай ажил уу?

-Тайлан гаргах ч яах вэ, Яримпил ах нь яаруу хүн болохоороо нүд ирмэх зуурт л гялалзуулчихдаг. Харин гаргасан тайлангаа аваачиж өгнө гэдэг л бэрх дээ! Татварын хэлтсийн үүдэнд үүрийн таван жингээр очиж дугаарлана.

Уртын урт дараалалд өдөржин хөлсөө урсгаж зогсоод, арайхийн хаалганд хүрч явтал “Оочер тасаллаа. Маргааш ирцгээ!” гэх хахирган дуу хадна. Ингээд л татварын хэлтсийн үүдэнд хононо доо.

-Гудамжинд хонодог гэж үү? Та тоглосон байлгүй дээ?

-Ах нь тоглоогүй ээ. Бодит үнэнийг л ярьж байна. Худлаа гэвэл би идэр есийн тэсгим хүйтэн шөнө чулуун шалан дээр хоносоор байгаад бөөр бөгсний өвчтэй болчихсон.

-Ня-бо гэдэг ч хэцүү мэргэжил юм аа. Дулаан хонтоорт тоо бодоод л суудаг ажил гэж би ойлгодог байлаа.

-Хэцүү хэцүү. Нэг зун тайлангаа өгөх гээд гудамжинд оочерт хонож байлаа. Тэгтэл шөнө дунд хэн нэгэн хүчтэй угзарч сэрээдэг гэнэ. Хартал цагдаа байна. “Нийтийн эзэмшлийн талбайд архидан согтуурч, унтаж хэвтсэн” хэрэг өдүүлсний учир бидний хэдэн ня-бо-г ачаад явчихлаа.

Архи амсаа ч үгүй гэдгээ хичнээн учирлаад ч нэмэргүй, эрүүлжигдсэн дээ хөөрхий. Тэрнээс нь болоод бид тайлангаа хоцроож торгуул шийтгэлд унаж үйлээ үзсэн. За за, ах нь яараад байна. Айлд урилга заллагатай.

-Жаахан тэсчих л дээ, Яримпил ах аа! Айл чинь нүүчихгүй. Ингэхэд, өөр ямар бэрхшээл саад гардаг вэ?    

-Татварын хүүхнүүдийн ааш муутайг яана! Мань мэтийн царай муутай нягтланг мөс шиг хүйтэн харцаар шилбүүрдэж хялалзаад л, толгой түрийгүй загнана. Залуу нягтлангуудад бол шал өөр хандана шүү дээ.  

-Шинэ хуулинд цахим сүлжээгээр тайлангаа өгдөг болох гэж байгаа. Тэр цагт таны царай муутайгаараа адлуулдаг зовлон арилах байх аа.   

-Тэр ч үнэн шүү. Харцаа аттачлаад илгээж чадах биш, ха ха. Ер нь цахим сүлжээг хурдан л гэдэг. Яаруу Яримпилийг гүйцэх техник дэлхийд байхгүй. Интернэтээр илгээсэн мэйл хагас секундэд ирдэг гэдэг дээ.

Гэтэл хагас секундэд ах нь тайлангаа пархийтэл гаргаад, үдийн цайгаа пурхийтэл ховх сороод, хүүгээ сургуульд нь шуртхийтэл хүргэчихээд ирдэг яаруу хүн. Тэр и-мэйл намайг гүйцнэ гэдэг лөөлөө!

-Шинэ хуулинд жижиг компани нүсэр том тайлан гаргадгийг болиулна гээд байгаа. Үүнийг та зөв гэж бодож байна уу?

-Ээ дээ, тэр дэмий.

-Яагаад?

-Жижиг компаниуд орон тооны нягтлангүй. Тиймээс тэд чинь мань мэтээр нь тайлангаа гаргуулдаг. Улирлын эцэс болохоор ахад нь овоо олон газрын халтуур орж ирж, чамгүй бурзайлгадаг юм шүү дээ. Тэгэхээр жижиг компаниудаар том тайлан гаргуулдгийг хэвээр нь үлдээж манийгаа бодоорой гэж эрхэм гишүүдээс хүсье. Хариуд нь та нартаа сонгуулийн үеэр том туслана аа.

-Том тус гэдгийг тань юу гэж ойлгох вэ? Арай авлига биш биз?

-Авлига биш ээ, санал өгнө! Нэг санал гэдэг чамлахааргүй том тус шүү. Нэгээр илүү бол мянгаар илүү гэж ардын сайхан үг бий дээ. Тайлангийн үеэр халтуур хийдэг найз нараа бүгдийг нь танд санал өгүүлсэн ч чадна. Ахынх нь алтан фэн мянгаад ня-бо байгаа.   

-Цахим тайлангийн бас нэг сайн тал нь улирал бүр тайлан гаргадгийг болиулж, жилд нэг юм уу, хоёр удаа л тайлан гаргадаг болгох юм билээ.

-Ээ, Чойрын Богд минь гэж. Тэр чинь бас асуудалтай юм байна шүү. Ахынх нь ажлын ачаалал хэд дахин хөнгөрөөд явчих нээ. Нөхөр Яримпилийн ачаалал гурав дахин буурсан гээд захирлууд цалин хасчихвал яана? Бүр цаашлаад орон тооны цомхотголд орвол ах нь хаашаа харж уйлах вэ?

-Санаа бүү зов, Яримпил гуай. Ганц тайлангаар ня-бо хүний ажил дуусдаггүй биз дээ? Цалин бодно, компанийн орлого зарлагын тооцоо хийнэ гээд л зөндөө ажил байгаа болохоор таныг халахгүй дээ!

-Өө, нээрээ тийм шүү дээ. Би эсрэг ярилцлага өгөгчийн дүрдээ бүр орчихож. Ингэхэд, ойрдоо тэр цахим сүлжээ гээч юмыг чинь сураад завгүй байгаа.

Мэйл хаягтай, фэйсбүүк, твиттертэй болсон. Мэйл хаяг нээлгэнэ гээд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хоёроо барьж очиж, том онигоонд орсон. Хаяг нээхэд үнэмлэх хэрэгтэй гэж ойлгосон нь тэр.

-Ха ха, супер онигоо байна. Ярилцлагаа үүгээр өндөрлөе, Яримпил гуай. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Ах нь цахим орчинд хакер шахуу болсон. Удахгүй тайлангаа яахоо, жи-мэйл, хот-мэйл, дропбокс, гого-шэйр бүгдээр нь илгээхийг сурчихна. Харж л байгаарай. За за, ах нь яараад байна. Чарлаа Жамц хүлээгээд сүйд болж байгаа. Би гүйлээ!

Егөөдсөн А.АМАРСАЙХАН