Хошуурдаг Монгол /фельетон/
Нийтлэлч А.Амарсайхан
2015.03.23

Хошуурдаг Монгол /фельетон/

“Хондны сөл хөөгөөд хонин сүрэг хошуурна” хэмээн эрт үеийн найрагчид дуу алддаг байж. Гэтэл одоо цагийн найрагчид “Монхрын суртлыг дагаад монгол хүмүүн хошуурна” хэмээн шүлэг найраг хайлах боллоо. Энэ нь яах арагүй үнэний хувьтай. Монголын хонин сүрэг гэхээсээ илүү хүн сүрэг нь хошуурдаг өвчтэй аж.

Ерээд онд Эрээн хот руу толгойтой бүхэн хошуурсан. Төрийн албаны даргаас эхлээд төмөрчин барилгачин, багш эмч бүгдээрээ ганзагачид болцгоох дөхсөн нь гайхалтай. Монгол Орос хоёр улсын баатрын таван хошуу энгэртээ гялалзуулсан сансрын нисгэгч нь хүртэл гахай зөөж, галт тэргээр гэр хийсэн. Удалгүй уурга даах дайны болсон бүх залуус Солонгост ажиллахаар хошуурсан.

Тэдний элчин сайдын яам Төв цэнгэлдэхэд бүртгэлээ явуулж, чадуу Монголоор тохуу хийсэн. Эрийн гурван наадмын дэвжээг арав тойрсон урт дараалал үүсч, холын орон руу хошуурсан монголчууд хонон өнжин, уртын урт дараалалд шахцалдаж байсан нь эмгэнэл.

Монголчуудын нэг нь шатахуун түгээгүүр баривал бүгд дуурайж хошуурна. Дөрвөн замын уулзарт найман түгээгүүр барих дөхнө. Хэдэн жилийн өмнөөс телевиз байгуулдаг моод дэлгэрч мөнгөтэй болгон хошуурсан. Ийм цөөхөн хүн амтай улсад тавь жаран телевиз яаж амьдарч чадаад байна аа? хэмээн гадаадын судлаач эрдэмтдийн нүд оройдоо гардаг. Телевизийн тоо энэ хурдаараа өсөх юм бол удахгүй гурван сая монголчууд дөрвөн сая телевизтэй болж мэдэхээр байгаа.   

Хэдхэн жилийн өмнөөс жижиг дунд үйлдвэр гэх зүйлийг ярьж эхлэх торгон мөчид монголчууд нэгэн зүйл рүү хошуурсан. Тэр нь хонин сүрэг мэт хундан цагаан өнгөтэй, хөөрхөн шөмбөгөр хоншоортой. Гаднын тусламжийн төслийн сургагч багш, монхор хамартай эр монголчуудад хонины ноосоороо гар эсгий зулж, түүгээрээ углааш хийхийг зааж өгсөн нь дайн дажныг эхлүүлчихэж билээ. Ингээд л Монгол орон эсгий углаашаар амьсгалж эхэлсэн юмдаг.   

Есөн дүүрэг, хорин нэгэн аймаг, гурван зуун дөчин сум, мянга гурван зуун жаран баг нэг бүрт эсгий зулж, углааш урлах аргыг заасан сургалт явагдаж, эсгийний өнхрүүшийн шахаа үргэлжилсэн.

Жижиг дунд үйлдвэр яригдахаар эсгий углааш санаанд буудаг, эсгий углааш харагдахаар Жижиг дунд үйлдвэр гэх үг тархинд харвадаг болсон. Банкууд зөвхөн эсгий углаашны үйлдвэрт л хөнгөлөлттэй зээлээ олгож, дарга түшмэлүүд зөвхөн эсгий углаашны үйлдвэрийн захирлуудыг л Жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл хэмээн хүлээж авч, уулздаг болчих нь тэр.

Төсөл хэрэгжсэн хэдхэн жилийн дотор Монгол улсын агуулах чингэлэг, бараа бааз, цаашлаад айлын гэр, амбаар, орон сууц, гарааш бүгд эсгий углаашаар дүүрч, ард түмэн өөрсдөө гудамжинд хоноглоход хүрсэн байлаа. Хэдэн тэрбум эсгий углаашийг хэрхэн борлуулах тал дээр засгийн газрын толгой гашлав. Ерөнхий сайд Цагаан сарын үзэсгэлэн худалдаа хэмээгчийг санаачилж эсгий углаашнуудыг борлуулах бодлого явуулсан нь амжилт олсонгүй.

Бүх ард түмнээрээ цагаан сарын бэлгэндээ дан ганц эсгий углааш сонгож, орсон гарсан бүх хүнд бэлэглэсэн боловч тэр их үндэсний үйлдвэрлэлийн ядахдаа арван хувийг ч далдруулж дийлээгүй юм. Лайтай эсгий углаашнууд далдарч дуусахгүй тул айлын эрх хүүхдүүд машин болгон тоглож, гэрийн бор хулганууд гөлчгийгөө үүрлүүлэн бойжуулж, эхнэрүүд зүү хуруувчны зөөлөн сав болгон ашиглаж байгаа. Тэгээд ч барагдахгүй хэвээрээ л болой.

Дараагийн хошууралт нарийн боов луу чиглэж билээ. “Жижиг дунд үйлдвэр гэдэг бол нарийн боовны цех мөнөөсөө мөн!” хэмээн дарга нар хурал бүр дээр хэлэх болсон нь цогтой агаад бадрангуй. Төд удалгүй Монгол улсын 1 сая 564 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг тужид нь бүрхсэн нарийн боовон давхрага үүсэв.

Монголын 3 сая хүн дээр нэмээд 50 сая мал бүгдээрээ “Нарийн боов” гэх үгийг сонсмогцоо огидог болтлоо нарийн боовонд цадлаа. Гэхдээ яах вэ, нарийн боов Монгол улсад ач тусаа өгсөн. 2004 оны цуут бичин жилийн зуд нүүрлэхэд нарийн боов хэмээгч хүчит тэжээлийг цасан доороос ухаж идсэний ачаар хүн малын гарз илт багассан гэлцдэг.  

Дараа нь монголчууд хиаман цех рүү хошуурцгаасан. Зуугийн ундаа, зайрмагны цех нэг үе хаданд гарсан. Өнгөрсөн хоёр гурван жилд умардын цаатангуудын гаднаа үстэй гутал руу хошуурч байгаа. Толгойтой бүхэн өрхийн үйлдвэрлэл эрхэлж, гаднаа сахалтай дотроо нэхийтэй гутал урлаж буй нь бахдалтай. “Гудамжинд чулуу шидвэл заавал “Приус” машин оногдоно.

Түүн дотор заавал Соёлын тэргүүний ажилтан тэмдэгтэй, заавал цаатан гуталтай жолооч сууж таардаг” гэж ярьцгаах боллоо. Ард түмэн энэ хоёрт хошуурч байгааг бодолцож, “Приус” угсарч СТА тэмдэг цутгадаг Жижиг дунд үйлдвэрийг Монгол улсын бүх аймаг, сум, багт байгуулах үр өгөөжтэй ажлыг эхлүүлэхээр УИХ-ын байнгын хороо хэлэлцэж байгаа сурагтай.  

Монголчууд бид хот руугаа хошуурсан шиг хошуурсан. Үүний ачаар Монголын хүн амын дийлэнх олонхи нийслэл хотдоо шаваарч, гиннесийн дээд амжилт тогтоож чадлаа. Уул уурхай, алт, жонс, нүүрс рүүгээ бид хошуурсан.

Удахгүй өргөн нарийн олон царигтай төмөр замаараа хошуурдаг болно гэж байгаа. Ингээд бодохоор монголчууд бид нэг юм сонсохоороо нийтээрээ хошуурдаг, хошуурлаа гэхэд хошуурсан шиг хошуурч чаддаг ард түмэн ажгуу.

А.АМАРСАЙХАН