Аялал жуулчлалын адал явдал
Монголд жуулчлана гэхээр нүд бүлтэлзэж, цээж түнхэлзэж, зүрх балгалзаж, үнхэлцэг хагарам аймшигтай, адал явдлуудыг туулна гэсэн үг. Монголын жирийн малчин, жолооч, хөтөч, үйлчлэгч, ард иргэд бид тэрхүү цочиж давхиймээр, айж орилмоор, ичиж улаймаар адал балмад явдлуудыг цогцлоон бий болгодгоо өөрсдөө мэддэггүй.
Газрын мухар дахь ганц чулуу
Энхэл донхолтой шороон замаар гурван зуун километр сэгсчүүлсний дараа, хөтөч сүр жавхлантайгаар “Энэ бол сэнжит хад!” гээд, өөртөө бол байгалийн гайхамшиг гэж санагддаг сэнжит хадаа жуулчинд үзүүлжээ. Тэгтэл уйлж эхлэв гэнэ. “Манай ганган байгаль харь хүнд ийм мундаг сэтгэгдэл төрүүллээ” гэж жолооч нь бахдан дуу алдав.
Гэвч эндүүрэл байж. “Нэг муу чулуу үзүүлэхийн төлөө намайг бүтэн өдөржин тарчлаасан гэж үү?” хэмээн өнөөх жуулчин нь гомдоллож, эхэр татуулан уйлсаар л байсан гэдэг. Аргагүй шүү дээ, хөөрхий. Улайдам халуун говьд, уурын зуух шиг бүгчим бүхээгтэй, нугас таслам хатуу явдалтай “УАЗ-469” машинаар бүтэн өдөржин донсолж, үйл тамаа үзсэний эцэст ганц муу чулуу харна гэдэг аймшиг!
Хэдэн мянган бээрийн алсаас нисэж, амралтын хайран хоногуудаа харамгүй үрэн байж ийм хөгийн юм үзсэндээ тэр хүн яаж бухимдаж, яаж харамсаа бол. Очоод Монголын тухай найз нөхөд, хамаатан садандаа ямар аймшигтай зүйл ярьсан бол? Жуулчин авна, мөнгө олно гэж хий сагсалзахаасаа өмнө “Тэдэнд юу үзүүлэх вэ, Хэрхэн ая тухтай аялуулах вэ, Тэд юуг таашаах вэ?” гэдгийг мэдмээр. Аялал жуулчлалын салбарын бодлого, стандарт, хүний нөөц, зорилго зорилт гээд бүх зүйлийг ултай суурьтай эмхтэй цэгцтэй болгомоор.
“Халуун устай” буудал
Хоёр гадаад эр Монголд ирээд, буудаллах болж. Гэтэл зочид буудлын ажилтан тэдний дунд нь нэг өрөө өгчихөж. Цаадуул нь “Уучлаарай, бид ижил хүйстнүүд биш. Та эндүүрчихлээ” гээд учиргүй сандарч, ичиж улайсан гэдэг. Манай ажилтан манай л хүн юм болохоороо бас гайхаад, “Тэр өрөө хоёр ортой шүү дээ” гээд зүтгээд байсан нь онигоо биш болсон явдал.
Хаширсан жуулчид хамгаас түрүүнд “Халуун устай биз?” гэж сайтар лавлан асуусны дараа Монголын зочид буудалд өрөө авдаг. Тэгээд усанд орох гэтэл өнөөх халуун ус нь байхгүй болж таарна. Хууртсандаа бухимдсан жуулчин гомдол мэдүүлэхэд, буудлын ажилтан “Бидний буруу биш. Цаанаасаа тасарсан байгаа” гэж хэнэг ч үгүй хариулдаг. Зун болгон гудамжаа ухаж төнхөж, шугам хоолойгоо засч, халуун усаа тасалдаг орон дэлхийд ганцхан л байдаг. Тийм болохоор тэд хэзээ ч биднийг ойлгохгүй.
Дэлхий дахинд “Зочид буудал”, “Дэн буудал” гэх мэтчилэн буудлууд стандарт зэрэглэлтэй. Гэтэл манайд тийм зүйл байхгүй. Дэн буудалтай хэрнээ “Манайх зочид буудал. Маш тохилог” гэж хэлж жуулчин хүлээж авч бөөн бухимдал үүсгэнэ. Зочид буудлын талаар төр засгийн бодлого гэж байдаггүй. Монголд зочид буудлуудын асуудлыг аль яам хариуцдаг нь ч тодорхой биш.
Байгалиас заяатай галзуу хулгана
Гадаад орнуудад галзуу хулгана барих гэж өчнөөн хөрөнгө мөнгө үрж, зардал чирэгдэл болдог. Харин Монголд өнөөх галзуу хулгана нь байгалиас заяатай, төрмөлөөрөө бэлээхэн оршин байдаг. Улаанбаатарын гудамжаар унаатай аялна гэдэг ямар ч айхавтар огцом эргэлттэй, эгц босоо уналттай “галзуу хулгана”-аас илүү аймшигтай, илүү түгшүүртэй.
Хажуугаас чинь асар том шар автобус хүжигнэтэл хаазлан ирээд замын хашлага руу шахна. Шахуулаад айхгүй бол аймшигтай чанга дуут дохиогоо яг чихэн дээр чинь чарлуулан зүрх хагартал цочооно. Жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг огт баримтлахгүй. Урдуур чинь ухаангүй юм шиг дайрч уулга алдуулна. Түүгээр ч барахгүй замын түгжээнд дэргэд чинь зогсвол “Пак юу, стүпид мэн!” хэмээн хазгай далий англиар орилж нүд оройд гаргана. Улаанбаатарын энэхүү галзуу хулгана шиг хөдөлгөөн жилд хэдэн жуулчныг үргээдэг бол?
Монголын үнэртэй салхи
Монгол мужаанууд гадаадын жуулчдад зориулж нэгэн бузар зүйлийг урладаг. Энэ бол энгийн модон жорлон. Модон жорлонд орж, Монголын үнэртэй салхиар амьсгалж үзсэн жуулчин тэр дороо аяллаа зогсоож, бөөн бухимдал тээж буцдаг тохиолдол гарсаар л байгаа гэлцдэг.
Модон жорлон гэдэг монголчуудын хувьд байдаг л зүйл. Харин тэдний хувьд энэ ертөнцийн хамгийн муу үгээр ч илэрхийлж боломгүй бохир бузар орчин, заваан муухай үнэр болдог нь мэдээж. Ил задгай талд дээлээ нөмрөөд морь харж байгаа хүн гадаад жуулчны хувьд байж боломгүй бүдүүлэг ааштан, адгийн булай гаж донтон болж харагддаг. Аялал жуулчлалын салбараа өөд татах эхний алхам болгож, ядахдаа 00-ийн асуудлаа шийдье хэмээн ярьж байгаа нь зөв ч эсэргүүцэх хүмүүс бий гэнэ.
Хүйтэн царай
Найрсаг зочломтгой, сайхан сэтгэлтэй, гэнэн цайлган монголчуудыг зэрлэг капитализмд шилжсэн хорин жил танигдахгүй болтол өөрчилсөн. “Гайхамшигтай” үндэстэн гэдэг үнэлгээнээсээ хэдхэн жилийн дотор навс уруудаж, одоо “Хүйтэн” харьцаатай үндэстэн гэгддэг болчихсон сууцгааж байна.
Энэ ч аргагүй. Хөдөө гадаа явж буй жуулчдыг согтуу хөлчүү залуучууд айлгаж цочооно. Хотод бол халаасны хулгайч, залилагч мэхлэгч нар отно. “Миний Монголын газар шорооноос юу ухах гээд байна? Аан..?” хэмээн сүрдүүлж, хөөж тууна. Зочид буудал, зоогийн газар, дэлгүүр хоршоо бүх газарт найрсаг инээмсэглэл гэж үгүй. Баахан ууртай хүйтэн царай л тэднийг угтдаг.
Эмзэглэл
Аялал жуулчлалыг утаагүй үйлдвэрлэл гэдэг. Дэлхийн бүх улс орон энэхүү утаагүй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулж, цэгцтэй бодлого явуулдаг. Гэтэл Монгол улсад минь бүх зүйл эсрэгээрээ. Төр нь бодлогогүй суусаар л. Иргэд нь утаагүй үйлдвэрийг хорлон сүйтгэсээр л.
Автобусны ойворгон жолооч нэг дуут дохиогоор хэдэн жуулчин үргээдэг бол? Олби оготно шиг давхих харанхуй таксичин нэг мушгилтаар хэдэн аялагчийг айлгадаг бол? Хаа тааралдсан газраа морь хардаг хэнэггүй эр нэг суултаар хэдэн гадаадыг огиулдаг бол? Ойртсон болгон луу орилж байдаг ааштай авгай нэг хялайлтаар хэдэн зочин хөөдөг бол?
Том бага, дарга цэрэг, ноён харц гэлтгүй дээр доргүй бүгдээрээ хичээхгүй бол Монгол улсыг зорих жуулчингүй болчих вий дээ. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Дэлхийн 139 орныг жагсаахад Монгол улс 131 дүгээр байрт мөлхөж байна.