Энэ цагийн эвтэй дөрвөн амьтны үлгэр /фельетон/
2015.04.27

Энэ цагийн эвтэй дөрвөн амьтны үлгэр /фельетон/

Эрт урьд цагт биш энэ манай зуунд гэнэ. Энэтхэг биш монгол цустай эвтэй дөрвөн амьтан амьдран суудаг байжээ. Нэгэн гайхам цэлмэг өдөр өнөөх дөрвөн амьтан алимны мод олов.

Алимны энэхүү мод нь аливаа модноос анги. Таван салаа биетэй, тавин дүнчүүр мөчиртэй, “Таван толгой” нэртэй юмсанж. Таван живаа булиа эр тамшаалж идээд барамгүй, тавин түмэн бүдүүн шараар татаж ачаад дуусамгүй их жимстэй учир “Манай улс хагартлаа баяжиж дээ” хэмээн дөрвөн амьтан баярласан гэдэг тоймгүй.

Энэтхэг гаралтай эвтэй дөрөв шиг энэ амьтад эвсэж нийлээд энгүй их жимсээ түүгээд, тэнгүй их мөнгөтэй болно гэж хойд урд хөрш нь, холын саахалтын айлууд нь бүгд атаархаж, өмдөндөө чишин морь харах шахаж гэнэ. Гэвч монгол дөрвөн амьтан алимаа ч түүсэнгүй, мөнгө ч олсонгүй. Яасан юм бол доо гэж гайхаад, явж очоод чагнатал мань дөрвөн амьтан дөрвөн талд хуваагдаад хэрэлдэж суусан нь гайхмаар.    

Хэн оройд суудаг, хэн нь доор зогсдог тухай эрэмбэ дарааг нь дуулгаснаас болоод дөрвөлжин хэрүүл дэгдсэн нь энэ. Бяр чадлаар хамгаас илүү байтлаа бүгдийн доор орж, адгийн булай болохгүй гэж заан уурссан байлаа. Авхаалж самбаа илүү атлаа анхиагүй муу туулайг тэргүүн дээрээ гаргахгүй хэмээн бич цухалдав. Туулай мөчөөгөө өгсөнгүй, чихний уртаар яривал би оройд зогсоно гэж зүтгэлээ. Тэнгэрийн жигүүртэн байтлаа газрын бэтэгнүүдийн доор орох хэрэг үү хэмээн тагтаа цамнаж, таван салаа биетэй “Таван толгой” нэртэй саглагар сайхан модоо хугалчих шахах нь аймаар.   

Дөчин өдөр гучин шөнө маргалдсаар маргаан нь хэрүүл болон ужгирч, бүр УИХ байгуулж боловсон технологиор хэрэлддэг, албан ёсны хэрүүлчид болцгоосон нь лайтай. Ингээд Ганданд мянга найман маань хөгжөөдөг шиг Их хурлын танхимд тойрч суугаад хэрүүлээ хөгжөөв. Арван есөн заан, арван есөн бич, арван есөн туулай, арван есөн тагтаа нийт далан зургуулаа суугаад, долоон зуун жар хоног хэрэлдээд ч алимны мод өөд цоройх амьд краныг цогцлоох эрэмбэ дараагаа тогтоож чадсангүй.

Эцэст нь аль эрэмбэ оновчтойг шийдэх амьд туршилт явуулах санааг зааны намын бүлэг гаргалаа. Ээ бүү үзэгд, туршилт тун эмгэнэлтэй дуусав.

Зааныг хамгийн оройд нь зогсоогоод үзтэл, түүний өмссөн 69 размерийн “Коби-10” пүүзний уланд энгэртээ тагтаа тэвэрсэн туулайны зурагтай фудболка өмссөн бичний дардас л үлдсэн нь аймшигтай. Гурван хөөрхий талийгчдын дардсыг боржин чулуунаа буулган, оршуулах ёслолыг үйлдэж байхуйд, зааны намын бүлгийнхэн эрэмбийн учрыг ухав гэнэ.  

Гэвч эрэмбийг л зөвшилцөөд авбал алим хураалт эхэлнэ хэмээн шүлсээ залгиж суусан хөөрхий ард түмний горьдлого биелсэнгүй. Учир юунд вэ хэмээтэл бас л хэрүүл мандсан байлаа. Заануудын нам хураасан алимаа заавал ч үгүй Тайланд улсад гаргана гэж тэс хөндлөн зүтгэнэ. Бичнүүд харин хойд ах нартаа өгнө гэж гүрийнэ. Тагтааны намын бүлэг алимыг агаараар тээвэрлэж ардчилсан Куба ахан дүүстээ аваачна гэж чарлалаа.

Туулайн бүлгийнхэн урд айлдаа өгвөл урт зам туулахгүй гэж учирлаж тайлбарлаж байв. Энэ сэдвийн хэрүүл илүү ч үгүй дутуу ч үгүй дөрвөн жил сунжирсны эцэст арайхийн өндөрлөв. Хий горьдож суусаар турж эцсэн ард түмэн “Одоо л нэг...” хэмээн хөөр баяр болцгоов. Гэвч бас л хий горьдсон байлаа.  

Дөрвөн төрлийн амьтдын дөрвөн намын бүлэг дөрвөн өөр царигаар алимыг тээвэрлэнэ хэмээн маргаж эхэлсэн нь гачлантай. Таван живаа булиа эр тамшаалж идээд барахгүй их алимыг “Таван толгой” хэмээх таван салаа мод нь дааж ядан ганхсаар л. Нарийн царигаар тээвэл шуурхай агаад шулуун хэмээн туулайн намынхан хашгирна. Өргөн царигаар өнхөрвөл үр хойчид минь хэрэгтэй гэж заануудын бүлэг зантай ширүүн тулцгаав.

Дунд царигийг харин бичнүүд зүтгүүлж, духаа халтал дайрав. Тагтаанууд болохоор тэс өөрөөр сэтгэж, агаарын цариг нь ашигтай гэж аль чадлаараа орилж байлаа.

Эрэмбийн маргаанаа шийдтэл, түншийн зөрөө гарна. Түншийн асуудлаа тохиртол царигийн хэрүүл эхэлнэ. Царигийн хэрүүлээ дуусгатал ханшийн маргаан нь өрнөнө. Ханшийн маргаанаа аргалтал, ханийн зөрчил нь асна. Монгол дөрвөн амьтан ийнхүү хэрэлдсээр дөчин сонгуулийг элээсэн байлаа. Харамсалтай нь энэ хооронд таван салаа биетэй, тавин дүнчүүр мөчиртэй, “Таван толгой” нэртэй, тансаг саглагар мод нь тамтаг болтлоо хатаад, тамшаалж идэх алимгүй болсон байж гэнэ.