АНУ дахь баян хоосны ялгаа
Баян, ядуугийн ялгаа соёлт нийгмийн түүхийн туршид хүн төрөлхтний санааг зовоосоор ирсэн. Коммунизм гэх мэтийн баян, ядуугийн ялгааг арилгах зорилготой амбицлаг төслүүд цөөнгүй хэрэгжиж байв. Гэхдээ 20 дугаар зууны сүүлчээр хэрэв нийгэмд дунд ангийнхан олон байвал тэгш байдлыг бий болгож болно гэсэн онол үүсэв. Саяхан Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглецийн “Тэгш бус байдлын төлөөс. Нийгмийн давхраажилт бидний ирээдүйд ямар аюул учруулах вэ?” нэртэй ном гарав. Штиглецийн үзэж буйгаар хэт их орлоготой цөөн тооны хүмүүс дунд ангийнхны хувьд мөхлийн аюултай, төр улсын хөгжилд хамгийн том гай авчрах ажээ.
Уншигч та бүхэндээ тус номын хэсгээс хүргэж байна.
АНУ хэдийгээр үргэлж ардчилсан орон байсан ч тэгш бус байдлын үзүүлэлт өмнөхөөсө тэс өөр болжээ. 30-аад жилийн өмнө хэт орлоготой хүмүүсийн нэг хувь нь үндэсний нийт орлогын 12 хувийг эзэмшдэг байсан. Тэр үед ийм үзүүлэлтийг байж болохгүй зүйл гэж үздэг байлаа. Гэтэл өнөөдөр хэт орлоготой хүмүүсийн нэг хувийн олдог дундаж орлого татварыг нь хасаад 1,3 сая доллартай тэнцэж ирэв. Харин доод давхаргын 20 хувийнхны орлого 17,8 мянган доллараас хэтэрсэнгүй. Эдүгээ хэт орлоготой баячуудын нэг хувь нь долоо хоногт Америкийн ядуусын 5 хувийн орлогоос 40 дахин их мөнгө олж байна. Харин хүн амын 0,1 хувийг эзэлдэг баячуудын өдөр тутмын орлого нь ядуу давхаргын 90 хувийн жилд олдог орлоготой тэнцэж байна. Өөрөөр хэлбэл хүн амын доторхи хамгийн баян 20 хувь нь үлдсэн 80 хувийн олдог орлогоос илүү мөнгөтэй байна гэсэн үг.
Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас АНУ-ын ядуусын орлого баячуудын орлогоос хурдан өсч байв. Үүнд төрийн гүйцэтгэсэн үүрэг асар их.
Гэвч сүүлийн 30 жилд бид тэгш бус байдал ноёрхсон үндэстэн болов. Баян хоосны ялгаа улам гүнзгийрч Их хямралын үетэй адил түвшинд очив.
<…>
1950-1970 онд тэгш бус байдал багассан нь зах зээлийн эдийн засгийн хөгжлөөс гадна төрийн ухаалаг удирдлагын ач тус байлаа. Харамсалтай нь Рейгений дараагийн үеэс эхлээд тэгш бус байдлыг арилгах Засгийн газрын бодлого алдагдаж, хэт орлоготой хүмүүст ногдуулах татварын хэмжээ багасч, нийгмийн хамгаалалд зориулах зардал буурав.
Зарим оронд тэгш бус байдлыг арилгах ажил амжилттай хийгдсэн. Жишээ нь Бразильд баян хоосны ялгаа гүнзгий байсан ч 1990-иэд онд энэ нь нийгэм, улс төрийн цаашдын хөгжилд эрсдэлтэй гэдгийг төр ойлгож эхэлсэн. Ерөнхийлөгч Фернанда Энрики Кардозагийн үед боловсролын салбарт, ялангуяа ядуусын хүүхдэд боловсрол олгоход маш их хэмжээний хөрөнгө оруулав. Харин ерөнхийлөгч Луисе Инасиу Лула да Силве ядуурал, өлсгөлөнтэй тууштай тэмцэж чадсан. Үр дүнд нь баян, хоосны ялгаа багасч, эдийн засгийн өсөлт эрчимжиж нийгэм тогтвортой болов. Хэдийгээр өнөөдөр Бразильд баян хоосны ялгаа АНУ-аас их ч түүнийг арилгах тэмүүлэл бий. Харин Америк хэт баяжих, хэт ядуурах үзэгдлийг зүгээр хараад сууж байна.
Хамгийн харамсалтай нь Засгийн газрын бодлого нь өөрөө тэгш бус байдлыг өдөөгч болж хувирав. Хэрэв бид энэ хандлагыг ухраая гэж байгаа бол нийгэм дэх ялгааг өөгшүүлж буй төрийн зарим шийдвэрийг цуцлах хэрэгтэй.
Өнөөгийн байдлыг өмөөрдөг хүмүүс ярихдаа байдал тэгтлээ дордоогүй, хэрэв өөрчлөх гэвэл маш их зардал гарна гэж хэлдэг. Капитализмд тэгш бус байдал зайлшгүй байдаг бөгөөд энэ нь эдийн засгийн систем зөв ажиллахад хэрэгтэй гэж тэд үздэг.
Тэгш бус байдал баялаг бүтээхэд бус бусдаас баялгийг нь салгах шуналаас үүдэлтэй.
Хэрвээ нийгэмд ашиг тустай салбарт хөрөнгө хүчээ зарж байгаа бол хамгийн их хөдөлмөрлөдөг хүн тэр чинээгээрээ баян амьдрах ёстой. Энэ тохиолдолд зарим нэг тэгш бус байдал зайлшгүй үүснэ. Зарим хүмүүс бусдыгаа бодвол илүү шургуу ажиллаж илүүг олдог. Гэвч өнөөгийн байдлаас харахад АНУ дахь тэгш бус байдал, түүний эх ундарга нь цаашдын эдийн засгийн өсөлтөд саад болж байна. Үүний шалтгаан нь голдуу зах зээлийн механизмыг гажуудуулж буй зарим үйл явц, мөн баялагийг бүтээх бус, баялгийг бусдаас салгаж авах төөрөгдлөөс үүдэлтэй. Тиймээс тэгш бус байдал харьцангуй бага байсан үед эдийн засгийн өсөлт өндөр байсанд гайхах зүйлгүй.
Өнөөдөр 25-35 настай, зохих боловсрол эзэмшээгүй залуу хүмүүс хамгийн хэцүү амьдарч байна. Дунд боловсролтой хүмүүсийн орлого сүүлийн 25 жилд дөрөв дахин багасчээ. Дээд боловсролтой хүмүүсийн байдал ч сайнгүй байна. Тэдний орлого 2000-2010 оныхтой харьцуулахад 10 хувиар багасчээ.
Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглиц