Арктикийн төлөөх тэмцэл буюу хүйтнээс хүйтэн дайн
Арктикийн бүс ойрын ирээдүйд дэлхийн гүрнүүдийн геополитикийн тэмцлийн томоохон талбар болно
2015.04.14

Арктикийн төлөөх тэмцэл буюу хүйтнээс хүйтэн дайн

Арктикийн бүс дэлхийн томоохон гүрнүүдийн өрсөлдөөний нэгэн талбар болж байна.  Уур амьсгал дулаарснаар шинэ нөөцтэй болох боломжууд нээгдэв. Хойд мөсөн далайн тээвэр нь дэлхийн худалдааны бүтцийг үндсээр нь өөрчилж мэдэхээр маршрут болно.

Хойд туйлд үүссэн нүх

ЗХУ-ын үед Арктикийн талаар өнөөгийнхөөс өөр зарчим үйлчилж байв. Хойд мөсөн далайд гарцтай орнууд Хойд туйлын цэгээс салаалж гарсан меридиан шугамуудын аль нэг нь тухайн улсын газар нутгаар дайран өнгөрч байвал тэр хэсгийн газар нутаг, усан орон зайд санаа тавих эрхтэй байв. Харин ЗХУ задарсны дараа ОХУ-ын шинэ засгийн газар 1997 онд Тэнгисийн эрх зүйн Конвенцид гарын үсэг зурснаар зөвхөн далайн эргийн гүехэн устай хэсгийг хянах эрхтэй болж, харин түүнээс цааших усан орон зай олон улсын мэдэлд үлдэв. Ингэснээр ОХУ 1,7 сая км/кв усан талбайг хяналтаасаа алджээ. 

Ингэснээр Арктикийн төв хэсэгт хэнд ч харъяалагдахгүй усан орон зай үүсэв. Өөрөөр хэлбэл Хойд мөсөн далайд бусад улс орнуудын хяналтанд байдаг газар нутгаар хүрээлэгдсэн чөлөөт орон зай бий болсон юм. Энэ орон зайд дэлхийн аль ч улс далайд гарцтай, гарцгүй, эх газрын эсвэл далайн гэдгээсээ үл  хамаарч бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Тэнд загас агнах, хөлөг онгоц явуулах, агаарын замыг ашиглах, шинжлэх ухааны судалгаа хийх, кабель болон хийн хоолой тавих, хиймэл арал, барилга байшин барих эрх дэлхийн улс болгонд бий.  Энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихэд хэцүү.  Учир нь Хойд мөсөн далайн төв хэсэг одоог хүртэл зузаан мөсөөр хучаастай. Гэхдээ энэ мөс харьцангуй хурдан хайлж байгаа бөгөөд зарим хэсэгтээ усан орон зай үүсчээ.

Уур амьсгалын дулаарал Арктикийг сонирхож буй Азийн гүрнүүдийн эдийн засгийн өсөлттэй давхцав.  Өнөөгийн байдлаар Арктикийн зөвлөлд байнгын ажиглагчийн эрхтэй Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг 12 улс байна.

Байгалийн баялаг, худалдаа, экологи

Азийн барууд яагаад Хойд мөсөн далайд санаархах болов? Үүнд гурван шалтгаан бий. Энэ нь ашигт малтмал, далайн шинэ зам, шинжлэх ухааны судалгаа. 

Арктикийн баялгийн 80 хувь нь аль ч улсын мэдэлд байдаггүй. 

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Хойд мөсөн далайн мөсөн доор өнөөг хүртэл судлагдаагүй байгаа нүүрс устөрөгчийн нэлээдгүй нөөц байдаг аж. Тухайлбал судлагдаагүй нефтийн 13 хувь,  байгалийн хийн 30 хувь энд бий. Гол нь энэ бүх баялгийн 80 хувь нь хэний ч хяналтанд байдаггүй тэр хэсэгт байгаа юм.  Түүнээс гадна Арктикт дэлхийн нүүрсний нөөцийн 9 хувь, томоохон хэмжээний алмаз, алт, ураны ордууд бий.

Улс орнуудын шуналыг хөдөлгөж, шүлсийг гоожуулж буй өөр нэг зүйл бол Панам болон Суэцийн сувгаас ч ашигтай Оросын эрэг дагуух Хойд мөсөн далайн тээвэр. Энэ маршрут Азиас Европ руу ачаа тээвэрлэхэд цаг хугацаа хэмнэнэ. Жишээ нь өнөөдөр ашиглаж буй далайн тээврийн маршруттай харьцуулвал Японы Иокагамагаас Европ хүрэхэд 37 хувиар замыг дөтөлнө. Харин Өмнөд Солонгосын Бусан хотоос 29 хувь, Хятадын Шанхай, Сянганаас тус бүр 24, 11 хувь дөт замаар очно. Хамгийн давуу тал нь энэ замаар жижиг том гэлтгүй бүх төрлийн хөлөг онгоц зорчих боломжтой. Тэр байтугай супертанкерууд, контейнер тээгч аварга онгоцууд ч чөлөөтэй явах болно. Түүнээс гадна Умардын маршрутаар явахад далайн дээрэмчидтэй таарна гэж айлтгүй.  Хэрэв Хойд мөсөн далайн маршрут нээгдвэл дэлхийн худалдааны түүхэнд том эргэлт гарна. 

Умардын маршрут

Цасны луу Умардыг зорив                            

Арктикийн газар нутагт хамгийн их санаархаж буй улс бол Хятад. Нөөцийн импортоос хамаардаг Хятадын хөгжиж буй эдийн засагт Хойд мөсөн далайд баялаг олборлоно гэдэг алдаж болшгүй боломж.  Олон улсын эрчим хүчний агентлагийн судалснаар 2020 он гэхэд Хятад улс дэлхийн хамгийн том нефть импортлогч болно, харин 2035 гэхэд Хятадын эдийн засагт өдөр тутам 13 сая баррель нефть хэрэгтэй болно. Хятадын хувьд аюулгүй тээвэрлэх нь тулгамдсан асуудал. Одоогоор Азийн орнууд дайн дажинтай байгаа Ойрхи Дорнодоос нефтийнхээ тал хувийг татдаг. Харин Хятадын нефтийн импортын 85 хувь Номхон далайд байдаг 1,5 миллийн өргөнтэй Малаккийн хоолойгоор дамждаг. Хамгийн аюултай нь тэнд Америкийн цэргийн бааз бий.  Хэрэв байдал дордвол энэ маршрутыг хаахад амархан.  Тэгвэл Хятадын эдийн засаг нэг өдрийн дотор элгээрээ хэвтэнэ.  Тиймээс Хятадын эрх баригчдын хувьд нефтийн эх үүсвэрээ олшруулах нь хамгийн сэтгэл зовоосон асуудал болж байна.

Арктикийн газар нутагт хамгийн их санаархаж буй улс бол Хятад.

Зөвлөлтийн төслөөр хийгдсэн «Сюэлун» (Цасны луу) нэртэй Хятадын мөс зүсэгч хөлөг онгоц Арктикт хэд хэдэн судалгаа хийж 2010 онд Хойд туйлд хүрсэн.  2004 оноос Хятадын “Хуанхэ” судалгааны станци Шпицбергений арал дээр ажиллаж эхэлсэн.  2016 онд Цасны луун дээр нэмээд илүү орчин үеийн мөс зүсэгч хөлөг онгоцыг ашиглалтад оруулна. Бээжингийн төлөвлөснөөр ойрын ирээдүйд Хятадын мөс зүсэгч онгоцнуудын флот Канад, АНУ-ын флотыг нийлүүлснээс ч илүү хэмжээнд хүрнэ.  Арктикийн мөсөн дунд илүү сайн маневрлахын тулд хятадууд хуягт корпустай онгоцнуудыг барьж эхэлжээ.  Шинжээчдийн тооцсоноор Хятад улс далайн тээврээ Умардын маршрутад шилжүүлвэл жилд 60-120 тэрбум долларын ашиг олох ажээ.

Цасны луу

Гэхдээ Арктикийг хянадаг туйлын бүсийн таван улс Хятадын санаархлыг дэмжихгүй нь мэдээж.  Хятад Арктикийн зөвлөлд байнгын ажиглагч болох хүсэлтээ өгсөн ч гурван удаа буцаагдаж байв. Тэгэхээр нь Бээжингийн эрх баригчид Орос, Канадын нефть, байгалийн хий олборлох төсөлд хөрөнгө оруулж дэмжлэг авахыг оролдов. Гэвч Орос, Канадын аль нь ч баялгаасаа хуваахгүйг мэдээд бусад улсаас дэмжлэг авахаар шийдэв.  2008 онд хятадууд Исланд улсад хямралаас гарахад нь тусалж хоёр улсын хооронд хэд хэдэн хэлэлцээ, түүний дотор туйлын бүсийг судлах хэлэлцээ байгуулав. Хариуд нь тэр үеийн Исландын ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир Арктикийн зөвлөлд орох Хятадын хүсэлтийг дэмжив. Түүнээс гадна Хятадын төлөөлөгчид Гренландын нөөцийг судлахад туслах ам өгч Данийн дэмжлэг, түүнчлэн Шведийг талдаа оруулснаар байнгын ажиглагч болов. 

Хамгийн хачирхалтай нь Хятад улс дэргэдээ байгаа Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист НҮБ-аас гаргасан далайн эрх зүйн бүх конвенцийг зөрчдөг мөртөө Арктикийг хянадаг таван орноос Арктикийн конвенцийг мөрдөхийг шаарддаг.

Азийн барууд ба Арктикийн бүс

Токиогийн хувьд Умардын маршрутыг ашиглах нь Европ руу бараа тээвэрлэх, Орос, Норвеги, Даниас байгалийн шингэрэх хийг түргэн хугацаанд авахад чухал хэрэгтэй. Учир нь «Фукусима» АЦС-д осол гарснаас хойш Япон улс атомын эрчим хүчнээс татгалзаж энэ төрлийн байгалийн хийг ашиглах шаардлагатай болсон юм.

Арктикийн асуудлаар Оростой хамтарч ажиллавал Курилын арлын маргаан зөөлөрнө гэж зарим шинжээчид үзэж байна.  Оросын хувьд Японтой хамтрах нь Хятадын амбицийг хязгаарлахад хэрэгтэй. Оросууд экспортоо Дорно зүг рүү тэлж, Токиод туслахад бэлэн гэдгийг Япончууд сайн ойлгож байгаа. 

Өмнөд Солонгос нь Арктикийн тэмцэлд шинээр орж ирсэн улс. “Дасан” нэртэй анхны туйлын станци 2002 онд байгуулагдсан.  Гэхдээ л Арктикийн асуудал руу шуурхайлан орж Солонгосын Засгийн газар “Арктикийн стратегийг” баталж судалгаа шинжилгээг идэвхжүүлж, эдийн засгийн салбарт олон улстай хамтарч ажиллах зорилт тавьжээ. Солонгосчууд Арктикийн уугуул иргэдийг дэмжиж, тэдний эрхийг хамгаалж соёлын өвийг сурталчлахад ихээхэн анхаарал хандуулдаг. Өмнөд Солонгос сүүлийн үед АНУ-аас ч илүү мөнгийг Арктикийн судалгаанд зориулдаг болжээ.

Арктикт ажиллаж буй Солонгосын эрдэмтэн

Хөлөг онгоц үйлдвэрлэдэг орны хувьд Өмнөд Солонгос Умардын маршрутыг ихээр сонирхож байгаа. Хэрэв тэгвэл онгоцны захиалга эрс өснө. Үйлдвэрлэгчид орчин үеийн мөс зүсэгчдийг санал болгоход бэлэн.  Бусад Азийн баруудын адил Солонгосчууд нөөцийн хувьд гаднаас хараатай учраас тэндхийн бизнесменүүд Арктикийн нефть, байгалийн хийг худалдаж авах, хамтран судлах саналыг нэг бус удаа тавьж байлаа.

Арктикийн амбици жижигхэн Сингапурт ч бий. Энэ улсын сонирхлыг Арктикийн нефтийн баялаг татаж байгаа.