Хятадын Коммунист намын мөхөл
Си Цзиньпин
2015.04.08

Хятадын Коммунист намын мөхөл

Хятадын коммунистын төгсгөл ирлээ гэж нэг бус дэлхийн хэвлэлүүд зөгнөж байв.  Гэвч Хятадын дэглэм ер бусын дасан зохицох чадвартай аж. Социалист орнуудын дэглэм ээлж дараалан унаж байхад Хятадын Коммунист нам эрх мэдлээ хадгалаад зогсоогүй Хятадыг дэлхийн лидерүүдийн нэг болгов. Сөнөнө хэмээн “зөгнөж” байсан хэвлэлийнхэн Хятадын гайхамшгийн тухай бичиж эхлэв.  Гэвч сүүлийн үед Барууны хэвлэлүүдэд Хятадын коммунист намын төгсгөлийн тухай материалууд дахин гарч ирэв. Уншигч та бүхэндээ АНУ-ын нэрт хятад судлаач Дэвид Шамбогийн Wall Street Journal-д гарсан нийтлэлийг товчлон хүргэж байна. 

Гуравдугаар сарын 5 нд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын гишүүд Бээжинд цуглаж хурал гэхээсээ ёслолын шинжтэй арга хэмжээндээ оролцов. Ойролцоогоор 3000 орчим төлөөлөгч Хятадын өнцөг булан бүрээс ирж долоо хоногийн турш улс оронд тулгамдаад буй асуудлуудыг ярилцав.  Тэдний дотор сонин содон хувцастай угсаатны цөөнхийн төлөөлөгчдөөс эхлээд том хотын тэрбумтнууд хүртэл байлаа. 

Зарим талаар ер бусын энэ цугларалт Хятадын улс төрийн системийн сүр хүчийг харуулж байгаа ч үнэндээ цаана нь маш том асуудал бугшиж байгаа. Хятадын коммунист намд заримдаа түүний хүчийг харуулах театрчилсан байдал хэрэгтэй. Төрийн албан хаагчид, энгийн иргэд нь энэ мэтийн том арга хэмжээнд уриа лоозонтойгоор идэвхтэй оролцох хэрэгтэй гэдгийг мэддэг. 

Хятадын улс төрийн тогтолцоог авто машинтай зүйрлэвэл нэгэн газартаа хий эргэх болов. Үүнийгээ коммунистууд өөрсдөө сайн ойлгож байгаа. Си Цзиньпин өөрөөр сэтгэгчид, авлигачдын эсрэг явуулсан хатуу арга хэмжээ эрх мэдлийг нь бэхжүүлнэ гэж бодож байна.  Тэр Хятадын Горбачев болохыг хүсэхгүй байгаа ч тийм болох магадлалтай өндөр.  Түүний баримталж буй хүчирхийллийн стратеги түүнийг ангал руу л ойртуулна. 

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн долдугаар их хурал

Авторитари дэглэмийн мөхлийг урьдчилан хэлнэ гэдэг амаргүй.  Барууны шинжээчдээс хэн нь ч 1991 онд ЗХУ задарна гэж бодоогүй. Тэр байтугай Америкийн тагнуулын алба ч таамаглаагүй.  Үүнээс хоёр жилийн өмнө Зүүн Европод коммунист дэглэм унасан нь мөн л гэнэтийн явдал байсан. Түүнчлэн 2003-2005 онд Гүрж, Украйн, Киргизид болсон өнгөт хувьсгал, 2011 оны Арабын хавар нэг ёсны “сюрпризи” болсон.

Гэхдээ олон жилийн турш Хятадыг ажиглагчдын хувьд мөхлийн шинж тэмдэг улам тодрох болов. 1989 онд Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаас болж Хятадын коммунист дэглэм золтой л уначихаагүй. Тэр үед туршлагатай хятад судлаачид Хятадын дэглэм зайлшгүй өөрчлөгдөнө гэж байсан ч тийм зүйл болоогүй. 

Коммунистууд эрх мэдлээ тийм ч амархан өгөхгүй. Дэглэм аажмаар мөхнө. Төрийн эргэлт гарч Си Цзиньпинийг түлхэн унагахыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тэр маш түрэмгий байдлаар авлигын эсрэг тэмцэж, өөртөө хэтэрхий их найдаж байгаа нь төрийн, намын, цэргийн болон бизнесийн хүрээнийхний дургүйг хүргэж байна.  Өнөөдөр Хятадын коммунист намын дэглэм хэврэг болсныг гэрчлэх таван шинж тэмдэг бий.

Нэгдүгээрт хэрвээ коммунист дэглэм ганхвал Хятадын бизнесийн элитүүд тэр чигээрээ улс орноосоо гарч явахад бэлэн. 2014 онд Шанхайн Hurun Research Institute судалгааны байгууллагын олж мэдсэнээр судалгаанд оролцсон бизнесменүүдийн 64 хувь буюу 393 саятан, тэрбумтан цагаачилсан, эсвэл цагаачлах төлөвлөгөө гаргасан байв.

Гуравдугаар сарын эхээр Wall Street Journal-д бичсэнээр холбооны мөрдөгчид Өмнөд Калифорнид нэгжлэг явуулж “жирэмсэн аялал жуулчлал” гэж нэрлэгддэг бизнесийн бүлгийг илрүүлжээ. Ийм төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс мянга мянган хятад эмэгтэйд АНУ-д хүүхдээ төрүүлээд, америк иргэншилтэй болоод гэртээ харихад тусалсныхаа төлөө мөнгө авдаг аж. Түүнчлэн баян хятадууд гадаадад маш өндөр үнээр байшин худалдан авч, хувьцаагаа оффшор банкуудад хадгалдаг болжээ.

Харин Бээжин санхүүгийн хэрэгт холбогдсон, гэхдээ гадаадад амьдарч буй иргэдээ нутагт нь аваачиж шүүхийг хичээж байна. Намын гишүүн элитүүд эх орноо орхин явж байгаа нь Хятадын дэглэмийн хэврэг гэдгийг харуулж байна. 

Хоёрдугаарт Си Цзиньпин 2012 онд дарга болсноосоо хойш 2009 онд эхэлсэн улс төрийн мөрдлөг, мөшлөгийг эрчимжүүлсэн. Хэвлэл, олон нийтийн сүлжээ, кино урлаг, уран зохиол,  шашны бүлгүүд, цахим орчин, сэхээтнүүд, төвдүүд, уйгурууд, хуульчид, ТББ, оюутнууд, сурах бичгийн агуулгыг хянаж, хязгаарлаж эхлэв. 2013 онд Төв хороо намын гишүүдэд хамаатай “Баримт бичиг №9” нэртэй тушаал гаргасан.  Энэ тушаалд үндсэн хуулийн ардчилал,  иргэний нийгэм, чөлөөт хэвлэл, неолибераль эдийн засаг зэрэг барууны ертөнцөөс эхтэй хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дэмжсэн хэнийг ч болов шийтгэнэ гэж заажээ.  Өөртөө итгэлтэй Засгийн газар хэзээ ч ийм алхам хийхгүй. Энэ бол намын удирдлага сандарч буйн илрэл.

Хонконгод болсон эсэргүүцлийн жагсаал

Гуравдугаарт дэглэмдээ талтай намын гишүүд аливааг гажуудуулж олонд ойлгуулдаг. Сүүлийн жилүүдэд Хятадын төр театрын тайз болон хувираад байгааг хялбархан анзаарч болно. Өнгөрсөн зун би Си Цзиньпиний “Хятад мөрөөдөл” гэж тунхагласан чуулганд оролцсон юм.  Хоёр өдөр бид уйтгартай илтгэлүүд сонсов. Илтгэлүүдийг намын гишүүн эрдэмтэд тавьж байв. Илтгэлүүдээс харахад Хятадын суртал ухуулгын машин урагш явахаа больж, “хаан нүцгэрсэн” гэдэг нь харагдаж байв. 

Өөр нэгэн чуулганы үеэр ойролцоох номын дэлгүүрт оров. Тавиур дээр Лениний ботиудаас эхлээд Кондализ Райсын дурсамж зэрэг олон ном байв. Хаалганы дэргэдэх ширээ Си Цзиньпиний үзэл санааг олонд хүргэх үүрэгтэй гарын авлагууд овоолоостой байв. 

-          Ашиг орлого ямар байна гэж асуухад

-          Энэ бол худалдаа биш, зүгээр л тарааж байгаагаас ялгаагүй хэмээн худалдагч хариулав.

Дөрөвдүгээрт Хятадын төр төдийгүй нийгэм тэр чигээрээ авлигад автагдсан. Си дарга өмнөх дарга нараас илүү шийдэмгий байдлаар авлигатай тэмцэж байгаа ч үндсээр нь устгахад хэцүү.  Яагаад гэвэл авлигын үр үндэс нь нэг намын систем, бүрхэг эдийн засаг, төрийн хяналтанд байдаг хэвлэл мэдээлэл, хуулийг хүндэлдэггүй байдалд бий .

Тавдугаарт Хятадын эдийн засаг өөрийгөө мултарч гарахад хэцүү занганд оруулав.  2013 оны сүүлээр болсон Коммунист намын гуравдугаар их хурлыг даргалж байхдаа эдийн засгийн багц шинэчлэл явуулахаа мэдэгдсэн. Гэвч өнөөг болтол энэ хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжээгүй байна.  Хэрэглээний зардал өсч, хүнд суртал багасч, санхүүгийн зарим шинэчлэл хийгдсэн ч Си даргын амбицлаг төлөвлөгөө унтрахад хүрэв.  Яагаад гэвэл уг шинэчлэл төрийн өмчит компаниуд, намын баян гишүүдийн сонирхлыг хөндөж буй учир хүчтэй эсэргүүцэл гаргах нь мэдээж.