Хүн буудах эрх
Америкчуудын гар дээр 300 сая гаруй буу байдаг
2015.04.21

Хүн буудах эрх

Гурван настай хүү санаандгүй нэг настай хүүхдийг буудсаны дараа АНУ-д галт зэвсгийн талаар ээлжит маргаан дэгдэв. Хориглохыг шаардаж буй хүмүүсийн үзэж буйгаар галт зэвсгийг чөлөөтэй авч явах нь гэмт хэргийн гаралтыг өсгөдөг. Харин зэвсэгтэй явахыг дэмжигчид хувийн галт зэвсэг аюулгүй байдлыг хангадаг гэж үздэг. Түүнээс гадна “галт зэвсгийн асуудал” дээр Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан өөрсдийн тоглолтыг хийхээр зэхэж байна. 

Хэдхэн хоногийн өмнө Америкийн нийгмийг цочроосон явдал болж Кливленд хотын нэгэн эмэгтэй өөрийн хүүг цусанд хутгалдан хэвтэж байхтай тааржээ. Нэг настай энэ хүүг өөрийн гэртээ эцгийнхээ бууг олсон гурван настай нь хөрш буудсан байна. Тэрээр эмнэлэг хүрэх замдаа нас баржээ.

Энэ тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа галт зэвсгийн хяналтын талаар улс орон даяар ширүүн маргаан дэгдэв. Энгийн иргэдэд галт зэвсэг эзэмшихийг хориглосон бол ийм эмгэнэлт явдал болохгүй байсан гэж үзэх хүн олон байна.  Энэ явдал эхнийх биш. 2014 оны 12 дугаар сард Айдахо мужид хоёр настай хүүхэд ээжийгээ буудаж хороосон. Тэрээр хажууд зогссон эмэгтэйн цүнхэнд гараа хийхдээ санаандгүй гохон дээр нь даржээ.

Мөн жилийн өмнө Теннеси мужид дөрвөн настай хүү өөрийн нагацаа буудчихсан явдал гарсан. Гэр бүлийн уулзалтын үеэр авга нь ирсэн зочиддоо цэнэглэсэн буу үзүүлжээ. Гэтэл хүү томчуудад анзаарагдалгүй өөр ороонд ороод гал нээсэн байна. Сум 48 настай Джозефин Фэннинг онож тэр газар дээрээ нас баржээ.

Галт зэвсгийн хяналтыг эсэргүүцэгч

Галт зэвсгийг хянахын эсрэг байгаа хүмүүс нь эдгээр явдал эмгэнэлтэй ч үүнээс болж хуулиар хориглож болохгүй гэж үзэж байна. Тэгээд ч галт зэвсэг биедээ авч явахыг Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлтээр зөвшөөрсөн.

Эсэргүүцэгчид ба дэмжигчид

Ардчилсан нам тэргүүтэй “галт зэвсгийн эсрэг бүлгэм”-ийн толгойд “Хувийн галт зэвсгийг хянахуй” (Hand Gun Control, HGC) нэртэй байгууллага ажилладаг. Тус байгууллагын идэвхтнүүд галт зэвсэгтэй холбоотой судалгааг явуулдаг. Тэдний судалснаар 1963-2013 онд галт зэвсгийн улмаас 1 сая 300 мянган хүн амь эрсэджээ.  Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд 32 мянган хүн суманд өртөж нас барсан байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд галт зэвсэгээр үйлдсэн гэмт хэрэг 67, амиа хорлох явдал 61 хувиар өсчээ. Техас мужийн Форд Худ цэргийн баазад болсон олныг хамарсан аллага, Колорада мужийн Аврора кино театрт үзэгчид рүү гал нээж 12 хүн амь үрэгдэж, 59 хүн шархадсан хэрэг, Ньютан мужийн “Сэнди Кук” сургуульд 20 сурагч, 6 багшийг буудаж хороосон явдал зэрэг нь үүний жишээ юм.

"Сэнди Кук" сургуульд аллага үйлдсэн этгээдийн ашигласан буу

Галт зэвсэг эзэмших асуудал нь Америкийн улс төрчдийн сонгуулийн кампанит ажлын нэгэн гол хэрэгсэл болдог. Калифорни мужийн сенатор, ардчилсан намын гишүүн Диана Фейнстайн хуулинд өөрчлөлт оруулж, 10 сумаас илүү багтаамжтай магазин бүхий бууг худалдах, эзэмшихийг холбооны түвшинд хориглохыг санал болгожээ. Гэвч Сенат түүний санаачлагыг хүлээж авсангүй.

Мөн тэрбумтан улс төрч, Нью-Йоркийн захирагч асан Майкл Блуумбэрг галт зэвсгийн хяналтыг сайжруулж, буутай хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг 5 жил тутамд шалгаж, хэрэв согтуугаар зэвсэг авч явсан, гэр бүлийн маргаандаа буу ашигласан бол эзэмших эрхийг нь хураах санал оруулжээ. 

Харин Бүгд найрамдах нам тэргүүтэй “Галт зэвсгийг өмөөрөгч бүлгэм”-ийнхнийг “Үндэсний галт зэвсгийн холбоо” толгойлдог. Тэд галт зэвсгийг хориглосон мужуудад хамгийн их гэмт хэрэг гардаг гэдгийг анхаарах хэрэгтэй гэж үздэг. Өөрсдийн санааг батлахын тулд Чикагогийн их сургуулийн судалгааг иш болгодог. Уг судалгаанд галт зэвсгийг нууцаар биедээ авч явахыг зөвшөөрөнгүүт тухайн мужид гэмт хэрэг эрс багасдаг гэсэн тооцоо гарчээ. Аллагын тоо дунджаар 8 хувь,  хүчирхийлэл 5 хувь, хулгай дээрэм 7 хувиар багасдаг ажээ.

1976-1991 онд АНУ-ын нийслэл Вашингтонд галт зэвсгийг хориглосон ч дээрмийн хэрэг гурав дахин өсчээ. 2008 оноос гар буу, винтов эзэмшихийг хориглосон Чикаго хот аллагын тоогоор АНУ-д толгой цохих болов.

Флоридын их сургуулийн (Florida State University) эрдэмтэн Гэри Клек (Gary Kleck)-ийн судалснаар америкчуудын гар дээр 300 сая гаруй буу байгаа бөгөөд 2,5 сая иргэн галт зэвсгийг өдөр тутам өөрийгөө хамгаалахын тулд ашигладаг байна. Гэхдээ бууцалдах нь тун ховор, зөвхөн буугаа харуулахад л хангалттай байдаг аж. 

Оюутнуудыг буудахад сургаж байгаа нь. Флорида муж

Галт зэвсгийг өмөөрч буй энгийн иргэд ч олон. Тухайлбал Луйзана мужийн Порт Аллен хотын Bergeron рестораны эзэн галт зэвсэгтэй ирсэн хүнд 10 хувийн хөнгөлөлт өгнө гэж амлажээ.  Энэ шийдвэр үйлчлүүлэгчдийн тоог нэмжээ. 

Жони Депп: “Миний хүүхдүүд сумны бай болоосой гэж би хүсэхгүй байна”

Харин Арнольд Щварцнеггерийн хувьд буу гэдэг найзаас нь өөрцгүй.

Галт зэвсгийн худалдаачид жилд 11 тэрбум долларын ашиг олдог. Энэ салбарт олон мянган хүн ажилладаг.  2014 оны тоо баримтаар галт зэвсэг үйлдвэрлэдэг 465 үйлдвэр, жижиглэнгээр зардаг 50 гаруй байгууллага байна.