Ц.Сандуй: Тэд маань хоосон тал дээр хот байгуулсан мэт ярьдаг
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай ярилцлаа.
-Өнгөрсөн сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Эргээд харахад МАН юун дээр алдсан мэт санагдаж байна вэ.Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд асууж байна?
2012 оны наймдугаар сард би ажлаа авсан. Тухайн үед хүнд байсан. Бүх шатны сонгуульд ялагдаад намын рейтинг 25 хувьтай болчихсон. Хувь хүнийхээ хувьд ажлаа эр зориг гаргаж авсан. Эргээд харахад өнгөрсөн 2.8 жил сорилтын жил байлаа. Намын хувьд жирийн гишүүд рүүгээ ойртсон, хөрсөн дээр буусан, намын гишүүдээ идэвхжүүлсэн, нам доторх ажлаа сайжруулсан ололттой жилүүд байв. Харин сүүлийн үед намын рейтинг өссөн. Одоо эцсийн найдвар МАН гэсэн байдлаар иргэд хандаж байна. Гэхдээ рейтинг сайжирч байна гэж найдах биш иргэдийн итгэлийг олж авахын тулд илүү хүчтэй ажиллах ёстой.
-Таныг намаа ялагдсан 1996, 2012 онд намдаа үнэнчээр хамтдаа байсан гэдэг. Танай намын залуучууд ихэнхдээ гадагшаа явж суралцдаг. Танд ийм бодол байсангүй юу?
Өгье гэвэл ганцаасаа, хийе гэвэл сэтгэлээсээ гэж үг байдаг. Тиймээс хүнд үед л эр хүн өөрийгөө сорих ёстой. 1996 онд МАН ялагдах үед миний аав одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй өрсөлдөөд ялагдаж байсан. Аавыгаа нэр дэвшиж байхад би анх улс төрд орж байлаа. Сонгуулийн ялж, ялагдах зовлонг мэднэ. Гадагшаа явж сурах хүсэл байлгүй яах вэ. Гэхдээ гадаадад дөрвөн жил сурахаас дөрвөн жил намын хорооны дарга хийхэд илүү ихийг сурдаг юм байна.
-2016 онд Их хуралд нэр дэвших үү?
Дэвшинэ. Нам хаана нэр дэвш гэнэ, тэр үүргийг хүлээж авахад бэлэн. Магадгүй, чи дэвших хэрэггүй гэвэл нэр дэвшинэ гэж улайрахгүй. Одоогийн нөхцөл байдал хэсэг хугацааны дараа өөр болдог. Эцсийн шийдвэр намын хамт олон, хурлаас гарна. Ямар ч шийдвэрийг хүлээж авахад бэлэн.
-МАН нэг үе хүндхэн байсан бол засагт хамтарснаар сэргэж эхэлллээ гэж ярих хүмүүс байдаг. Энэ үнэн биз?
Хэсэг бүлэг хүн, хэн нэгийгээ албан тушаалтай болгох гэж засагт хамтраагүй. Уг нь Засгийн газарт хамтрахгүй гэдэг шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байсан. Гэхдээ улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстой. АН гэдэг чинь дайсан биш шүү дээ. АН бид чадахгүй нь, хамтраач гэдэг хүсэлт тавьсан. Бид хүлээж авсан. Харамсалтай нь хамтрагчид маань тухайн үед хэлж, тохирч байснаасаа дандаа буцаж байгаа. АН доторх фракцын асуудал нь Монгол орныг самарч дууслаа. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр гэхэд ойлгомжтой харагдаж байгаа. Тиймээс ард түмний итгэл АН-д үнэхээр алдарсан. Хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн дөрвөн тойрогт нөхөн сонгууль болоход дөрвүүлэнд нь манай нэр дэвшигч ялж байна.
-Танай намын хороо саяхныг хүртэл байрны асуудалтай явсаар ирсэн. Одоо хаана төвхнөөд байна вэ?
Би Хотын намын хорооны дарга болсон. АН засгийн эрхийг авсан. Тэгээд л маргааш нь байрнаасаа хөөгдсөн. Хөөгдөөд Лениний музей руу явсан. Лениний музей үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Дээд шүүхийн тайлбартайгаа манай намын өмч байсан. Гэтэл АН-ынхан шинээр үүссэн нөхцөл байдал гээд өрсөлдөгч намаа намнахын тулд байрыг нь хурааж авах явуургүй арга сонгосон. Шууд дээрэмдсэн. Ингээд дахиад л хөөгдсөн. Үүний дараа намынхаа байр болох Тусгаар тогтнолын ордны есдүгээр давхарт нүүж ирээд хоёр жил болж байна.
-Сонгуулийн системийн хувьд намтайгаа адил байр суурьтай байгаа юу?
Сөрөг хүчин ард түмнийхээ үгийг сайн сонсдог байх ёстой. Сая бид 21 аймаг, 300 гаруй сум, есөн дүүргийн 152 үүрээр явлаа. Иргэдийн 90 гаруй хувь нь тойргоос гарах зарчмыг дэмжиж байгаа. Намын жагсаалт гэх зүйлийн цаана дарга нарт үйлчилдэг увайгүй улстөрчид их гарч ирж байгааг иргэд шүүмжилсэн. Иргэдийн итгэлийг олох гэж байгаа бол юунаас айдаг юм. Улстөрч болох гэж байгаа бол айх зүйлгүй унаж босоод өрсөлдөх ёстой. Бид нийт 76 тойрог, түүнээс хотын 45 тойрог, дүүргүүдийн 270 суудалд хүмүүсээ бэлдэнэ. Ер нь урьдчилсан байдлаар тодорсон. Өмнө нь дарга дагаж явсан хэн нэгэн улстөрд ордог байсан бол одоо ийм асуудал байхгүй гэдгийг хатуу хэлж байна. Нам хүнд үед зүтгэж байсан зөв шударга хүмүүсийг тодорхой шалгуурын дор нэр дэвшүүлнэ.
-Хотын дарга Э.Бат-Үүлийн хийж, хэрэгжүүлж байгаа ажилд нийслэлийн иргэд ам сайтай байдаг юм билээ. Ер нь танай намын хороо хэр зэрэг хүчтэй дуу хоолой болж ажиллаж байна вэ?
Өнөөдөр Хотын захиргааны хийж байгаа ажлыг бид үгүйсгэхгүй. Гэхдээ тэд маань хоосон тал дээр хоёр жилийн дотор хот байгуулсан мэт яриад байгаа юм. Хотын ажлыг дор хаяж 20, 30 жилээр төлөвлөдөг. Өнөөдрийн зам, уулзварын шинэчлэлт, шинээр хийж байгаа ажлууд бүгд бидний үед тооцоо судалгаа нь гарсан. Би өөрөө Газрын харилцааны албанд ажиллаж байсны хувьд хотын замын сүлжээг нягтаршуулах, уулзварын ачааллыг багасгах, өргөтгөх ажлын судалгааг яаж гаргаж байсныг мэднэ.
Ажлынхаа заримаас манай намынхан эхлүүлсэн. Гагцхүү тэр үед өнөөдрийнх шиг мөнгө байгаагүй. Бид бонд босгоогүй. Үнэ тогтворжуулах хөрөнгө мөнгө гэж байсангүй. Тухайн үед хөрөнгө оруулалт нь 30 тэрбум төгрөгт багтдаг байсан бол өнөөдөр 800 тэрбумаар хэмжигдэж байна. Энэ хөрөнгөөр бидний хийж байсан ажлаас даруй 20, 30 дахин ажлыг хийх ёстой байх. Мэдээж, зөвийг нь бид дэмжиж ажиллаж байгаа. Харин алдаатай шийдвэр гаргаж байгаа үед нь бүлгээрээ дамжуулаад, ИТХ дээр хэлдэг. Тухайлбал, хогийн ногоон уутанд жилд хэдэн тэрбумаар нь зарцуулж байгааг шүүмжилсний хүчинд зогсоолоо.
- Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн баярын хүрээнд сарын аяныг өрнүүлжээ. Энэ хугацаанд нэлээд ажил, арга хэмжээ зохион байгуулах шиг боллоо?
90 жилийн хугацаанд хоёр гурван үеийн түүх өнгөрсөн гэж болно. МАН-ын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг тэр дундаа сүүлийн 90 жилд нийслэлийг хөгжүүлсэн түүхийг эргэн дурсах зорилгоор сарын турш арга хэмжээ зохион байгууллаа. Хотын намын хороо анх байгуулагдахдаа Богдын сангаас нэг гэр, хоёр авдартайгаар ажлаа эхэлсэн байдаг. Харин өнөөдөр 50 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн МАН-ын хамгийн том хороо болжээ. Есөн дүүргийн намын байгууллага, 152 намын үүрийн гишүүд нээлттэй хаалганы өдөр болон соёл урлагийн арга хэмжээ зохион байгууллаа. Үүний зэрэгцээ “Хотын хөгжилд иргэн таны оролцоо” гэсэн сэдвээр иргэдийн саналыг авсан.
Түүнчлэн нийслэлд тулгараад буй асуудлуудыг иргэний хувьд хэрхэн шийдэж болох талаар ч саналыг нь авлаа. Иргэдээс ирсэн 4000 орчим саналыг 2016 оны шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Нийслэлийн намын хорооноос тусгаж ажиллах юм. Мөн нийслэлийн хөгжил, түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргаж, хот судлаачдын дунд “Хотын хөгжлийн ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Өнөөдрийн Улаанбаатар хотын хөгжлийг хэрхэн шийдэх талаар эрдэмтэн, судлаачдын саналыг сонслоо. Энэ мэт олон арга хэмжээг зохион байгууллаа.