“Итгэл даасан 90 хавар” нээлтээ хийв
Нийслэлийн МАН-ын хороо
2015.04.21

“Итгэл даасан 90 хавар” нээлтээ хийв

Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн их түүхийг он цагийн хуудсанд бичилцэж ирсэн, өнөө цагт ч бичилцсээр байгаа журмын нөхөд, гишүүд, дэмжигчдийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 600 гаруй иргэнд Нийслэлийн МАН-ын байгууллага үүсэн хөгжсөний 90 жилийн ойн медалийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга, тэргүүлэгчид зүүж өгөв.

Ёслолын ажиллагааг нээж Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ”20-р зууны Эсгий хотоос 21-р зууны саятан хот хүртэлх бүтээн байгуулалтыг Нийслэлийн МАН-ын байгууллага, гишүүд дэмжигчид түүчээлэн хөгжүүлж ирсэнд бахархалтай байна.

Нийслэлийн МАН-ын байгууллага нь Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан болон бусад бүх салбарт бодитой хувь нэмэр оруулсаны зэрэгцээ түүхэн их бүтээн байгуулалтыг хийж ирсэн арвин баялаг намтартай билээ. 90 жилийн ойгоо угтаж “Хотын хөгжилд иргэн таны оролцоо” аяныг өрнүүлж, оюутан залуусын дунд “Хотын хөгжилд залуусын оролцоо” илтгэлийн уралдаан, эрдэмтэд оролцсон “Хотын хөгжлийн ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн иргэдэд санал өгөх дэвтэр аялуулж байна. Таны өгсөн санал санаачилгын дагуу цаашдын ажлын төлөвлөгөө, 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган ажиллах болно. 

Ингээд Та бүхэндээ энгэртээ гялалзах одонтой, эргэн дуурсах түүхтэй энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе” гэлээ. Баярын үйл ажиллагаа Баянзүрх дүүргийн иргэдийн урлагийн тоглолт, Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойд зориулсан “Итгэл даасан 90 хавар” баримтат киногоор үргэлжлэв. Энэхүү баримтат киноны анхны үзэгчид нь энгэртээ 90 жилийн ойн медаль гялалзуулсан Баянзүрх дүүргийн намын гишүүд, дэмжигчид байсан юм.