Ахмад настнуудыг эмчийн үзлэгт хамрууллаа
Нийслэлийн Монгол ардын намын 90 жилийн ой
2015.04.09

Ахмад настнуудыг эмчийн үзлэгт хамрууллаа

Нийслэлийн Монгол ардын намын 90 жилийн ой энэ сарын 27-ны өдөр тохиох юм. Ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний нээлт өчигдөр боллоо.

Тус нээлтийн үеэр 180 өндөр настанг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, гарын бэлэг гардуулав. Мөн иргэд талархлын үг бичин гарын үсгээ үлдээж байсан бөгөөд эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, замын түгжрэл зэрэг асуудлаар санал, бодлоо бичиж байв. Түүнчлэн урлаг соёлынхон хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ, “Хотын хөгжлийн үүх түүх, хөгжил цэцэглэлттэй салшгүй холбоотой. Нийслэлийн МАН-ын хорооны түүх хамт бичигдэн он цагийн хуудаснаа үлджээ. Улаанбаатар хот байгуулагдсанаас хойш нийт зургаан ерөнхий төлөвлөгөө хийсэн байдаг. Эхний таван ерөнхий төлөвлөгөө нь МАН-ын бодлогоор явж байсан. Хотжилт гурван үе шаттай явж ирсэн гэж ойлгож байгаа. 2000 оноос хойш урсгалаараа буюу иргэдийн хот руу чиглэх хөдөлгөөн их болсон. Үүнийг төрөөс зохицуулж чадаагүй. Одоо нэгдсэн бодлого хэрэгтэй” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлэхдээ, “Хотын өнгө төрх, хотын дайтай хот болгох ажлыг энд хүрэлцэн ирсэн ахмад гишүүд, төлөөллүүд бүгд гар бие оролцсон гэдэгт огт эргэлзэхгүй байна. Цаашдаа бидэнд хийж, хэрэгжүүлэх маш олон ажил байгаа. Нийт иргэдийн 50 хувь нь хотод амьдардаг. Улсын эдийн засгийн эрэлт хоттой салшгүй холбоотой байдаг. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд, ард олны үг, санал бодол хотын хөгжилд зайлшгүй хэрэгтэй байна" гэсэн юм.

МАН-аас ойгоо угтаж түүхээ таниулах, цаашдын ажил төлөвлөх 26 хоногийн аяныг зохион байгуулах юм байна. Энэхүү аян нь энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд есөн дүүргийн гишүүд дэмжигчдийн дунд урлаг, спортын өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна. Ирэх өдрүүдэд хүүхэд багачууд, залуу гэр бүл, оюутан залуус, өндөр настнуудад зориулсан хөтөлбөр болон “Замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшье”, “Эрүүл хот-эрүүл иргэн" бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Мөн “Хотын хөгжил" нэрийн дор гэр зургийн уралдаан, илтгэлийн уралдаан, АХА тэмцээн болох аж.