Өмнөговь 7 тэрбум, Хөвсгөл 70 сая
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр хэлсэн гишүүдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Өмнөговьд байгаа Оюутолгой, Тавантолгойн нөөцийн төлбөрийн 30 хувь нь тухайн аймагт өгөгдөхгүй. Харин бусад уурхайнуудынх нь 30 хувь олгогдоно.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Үндсэн хуулиараа газар болон түүний баялаг нь гагцхүү ард түмний өмч. Энэ заалттай уг хуулийн төсөл зөрчилдөнө гэж үзэж байна.Сүхбаатар аймагт л гэхэд тахилгатай овоогоо ухуулахгүй хэмээн Өрмийн машинаас нь зүүгдэж байсан түүх бий.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: зөвхөн лицензийн татвараас нь орон нутагт хөрөнгө оруулдаг байдлаар хэт өрөөсгөл хандаж болохгүй. Энэ чинь тухайн нутгийн иргэдэд зөрчил үүсгээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Бид нэгдсэн улс гэдгээ огт мартаж болохгүй. Хөгжлийн бодлого гарч байж түүнийгээ дагаж хөрөнгийн хувиарлалт байх нь зайлшгүй. Өнгөрсөн гурван жилд 700-аад тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан хувиарлагдсан байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан “Уг хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцэд очих нь гарцаагүй гэж үзэж байна. Өөр нэг зүйл гэвэл том бодлогын эсрэг механизм болж хувирна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Уул уурхайгаас орон нутгийн хөгжлийн санд төвлөрч байгаа хоёр аймгийн жишээг хэлье. Өмнөговь гэхэд 7 тэрбум гаруй байхад Хөвсгөл аймаг 70 орчим сая төгрөгийн төсөвтэй 100 дахин бага байх жишээтэй.