О.Баасанхүүгийн шаардлага
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг 2012 онд С.Батболдын Засгийн газар гаргаж байсны дагуу хувьцаа эзэмшигч нэг сая 503 мянга 984 иргэн 1.5 тэрбум ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргаад байсан юм.
Ингээд иргэдийн хувьцааг Засгийн газар худалдаж авахаар болсон учраас хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилтийг хийсэн байдаг. Гэвч "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаагаа Засгийн газарт арилжсан иргэд өнөөдрийг хүртэл хувьцааны төлбөрөө аваагүй учраас УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргасан. Энэ дагуу 1.5 сая иргэдэд хувьцааг нь буцаан олгох шийдвэрийг Засгийн газар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гаргасан.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газар хуралдаад иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэхийг зөвшөөрсүгэй гэсэн шийдвэр гаргасан байна. Мөн эдгээр хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар гэрээнд тусгаагүй байна. Тиймээс гэрээнд энэ талаар заалт оруулахыг шаардаж байгаа гэсэн юм. Мөн Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах чиглэлийг өгсөн заалтыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн алхмаа хийнэ гэж мэдэгдлээ.