Өмгөөлөгчид нотлох эрх өгье, тэр тохиолдолд сэтгүүлчид айх зүйл байхгүй
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өргөдлийн байнгын хорооны даргын ажлыг авснаас хойш тантай анх удаагаа ярилцлага хийж байна. Ийм байнгын хороо байдаг юм шүү гэдгийг бас харуулж ажиллаж чадаж байна уу гэж дүгнээд байгаа юм. Байнгын хорооны дарга болсноос хойш ямар ямар ажлуудыг эхлүүлээд байна вэ?
Байнгын хорооны даргын ажлыг авснаас хойш ойролцоогоор 40 орчим мянган өргөдөлтэй болчихлоо. Мэдээж өргөдлөө хувийн, нийтийн шинжтэй гэж ангилаад хувийн шинжтэй өргөдлүүдийг олон нийтэд зарлах, нэр усыг нь гаргахгүйгээр ажлаа хийгээд явж байна. Нийтийн шинжтэй өргөдөл 100-аас дээш ирсэн тохиолдолд байнгын хороо хуралдах, хэвлэл мэдээлэлд хандах, тухайн газар дээр нь очиж иргэдтэй ажиллах зарчмаар явж байна. Мөн албан тушаалтнуудад өргөдлийн дагуу албан бичиг хүргүүлэх, үүрэг өгөх, хууль тогтоомж дээр санал ирвэл тухайн ажлын хэсэгт хүргэх зэргээр ажиллаж байна.
Хамгийн сүүлд хийсэн том ажил гэвэл боловсролын хуулийн чиглэлээр ажил зохион байгуулж Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, орон нутагт Хэнтий аймгийг сонгон ажиллаж байна. Энүүхэндээ гэж хэлэхэд сонгууль дөхсөн учраас орон нутаг, дүүрэгт ажиллахад хүндрэл их гарч байгаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь дүүргээ өмчилж авчихаад сонгуулийн тойрог гэсэн маягаар ажилд их саад учруулах жишээтэй.
Шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхөөс татгалзах тохиолдол ч гарч байна. Ирж байгаа асуудлын гол нь сургууль, анги танхимын багтаамж, мөн сургуулиудын барилга муудсан, багш нарын цалин муу, техник тоног төхөөрөмж муудсан гэсэн өргөдөл давамгайлж байгаа. Дэлхийн том музейд олдохгүй техникийн хоцрогдол манайд байгаа нь аймшигтай. “Pentium 1, 2” ашигладаг сургуультай олон таарлаа.
-Судалж үзэв үү. Шинэчлэх талаар олон жил ярьсан шүү дээ?
Энэ асуудлыг судлаад үзсэн чинь АТГ-ынхан хоёр жил явсан тендерийг нь гацаачихсан байгаа юм билээ. Бүх багш нарт notebook, сургуулиудад сүүлийн үеийн үзүүлэлт сайтай компьютер буцалтгүй тусламжаар өгөх тендер байсан гэнэ лээ. БНХАУ-аас ирэх байсан. Бид энэ асуудалд нэлээд анхаарал хандуулсны хүчинд тендерийн хүрээнд ажил урагшаа явахаар боллоо. Хятадын элчин сайдтай уулзаж, нэн даруй шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлт тавина.
-Орон нутгаас хэр их өргөдөл ирж байна вэ. Танай байнгын хорооны гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт нэлээд ажиллалаа?
Орон нутгаас маш их өргөдөл ирж байна. Дийлэнх нь нөхөн сэргээлт, ашигт малтмалтай холбоотой өргөдөл. Би нэг жишээ хэлье л дээ, БОНХАЖЯ-аас улсын тусгай хамгаалалтад авах дархан цаазтай газар гэсэн зөвшөөрлийг нь өгчихсөн байхад Засгийн газар эсрэг хориг тавиад хамгаалалтад аваагүй тохиолдол гарч байна. Ийм замбараагүй байж болохгүй биз дээ. Үнэхээр л ногоон гэж байгаа бол ногоон л байх ёстой. Засгийн газраас зөвшөөрлөө авч чадахгүйгээс улсын тусгай хэрэгцээнд авах олон газар сүйрч байгаа жишээ олон байна. Энэ талаар өргөдөл гомдол ч ихэслээ. Ноён уул, тэтгэвэр тэтгэмж гэх мэтээр яриад байвал асуудал их байна л даа.
-Хорих ангийн үйл ажиллагаатай нэр бүхий гишүүд танилцаж тэндээс ирсэн өргөдлийг шийдсэн байна билээ. Саяхан Монгол Улсын иргэн гадаадад амиа алдсан асуудлын мөрөөр Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар ажиллаад ирсэн байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
Хоригдож байгаа иргэдээс нэлээдгүй өргөдөл ирдэг. Өргөдлийг хэрхэн шийдвэрлэх Хүний эрхийн үндэсний комисстой талаар хамтран ажиллах нөхцөл журмаа зохицуулахаар санал хэлчихсэн байна. Хүний эрх гэдэг талаас нь энэ асуудлыг бид хөндөж ярина. Намайг дөнгөж УИХ-ын гишүүн байхад Монгол Улсын иргэн ОХУ-д баригдаж, хоригдож байсан юм. Хэргээ хүлээхийн тулд хоёр жил зодуур дарамтад байсан тухай гэр бүлийнхнээс нь надад хандаж би газар дээр нь очиж асуудлыг шийдэж байлаа. Баян-Өлгийн иргэнийг цагаатгасан байдаг. Аль ч оронд манай иргэд иймэрхүү асуудалтай тулгардаг. Саяхан Эрээн хот руу явдаг ч ийм учиртай.
Эрээн хотын өргөдөл гомдолтой танилцлаа. Жилд 2000 өргөдөл ирдэг гэнэ. Дийлэнх нь манай монголчуудын асуудал. Эрээнд хамгийн хямдхан зүйл архи байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр архи хэрэглэж янз бүрийн хэрэг үйлддэг, гадны иргэдтэй гэр бүл болсон гэсэн шалтгаанаар зөрчил гаргах зүйл олон байгаа тухай тус хотын захиргаанаас мэдээлэл өгч байгаа юм. Хаа байсан Бээжинд бичиг баримтаа орхичихоод Эрээнд хилийн хажууд ирж асуудал үүсгэдэг зэрэг бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар Эрээний консултай зөвшилцөж санал бодлоо хуваалцлаа. Мөн Гадаад хэргийн яаманд чиглэл өгнө.
Яагаад гэвэл, гадаадад амьдарч байгаа иргэдээ хамгаалах, хууль эрхзүйн туслалцаа үзүүлэх цорын ганц албан тушаалтан бол тус улсад байгаа консул. Тэгэхээр консулыг чадавхижуулах асуудлыг яах аргагүй ярих ёстой. Тухайн орныхоо хэл, амьдралын нөхцөл байдлыг маш сайн мэддэг, өмнө нь тэр улсад ажиллаж амьдарч байсан туршлагатай байх шаардлагыг тавина. Түүнээс биш шагналын албан тушаалаар очиж суучихаад иргэд нь хамгаалуулж чадахгүй болж байна.
Ийм төрлийн өргөдөл гомдол их ирэх болсон. АНУ зэрэг бусад орнууд хамгийн түрүүнд консулдаа л анхаардаг. Тэр утгаараа Гадаад хэргийн сайдтай энэ асуудлаар зөвшилцөж, санал бодлоо хуваалцана. Элчин сайд дипломат албаа хариуцаж, улсын нэр хүндийн талаар ярина. Консул бол цэвэр иргэнээ л анхаарах ёстой. Манайд нэг иргэн нь хэрэгт орчихсон тохиолдолд консул нь өдөр өнжихгүй шүүх, цагдаагийн байгууллагын үүд сахидаг. Хууль, хүчнийхэн нь үүнд дургүй ханддаг юм билээ. Тэр хүмүүсийн чинь хийх ёстой ажил учраас л өдөр шөнөгүй иргэдээ хамгаалахын тулд ажиллаж байгаа хэрэг юм.
-Хаврын чуулган нээлтээ хийгээд нэлээдгүй олон хууль хэлэлцэж эхэллээ. Мэдээж сонгууль яг нэг жилийн дараа болно. Гэтэл Сонгуулийн хуулиа, Улс төрийн намуудын хуулиа ч баталж чадаагүй л сууж байна. Ер нь хэр үр дүнтэй хуралдахаар юм шиг харагдаж байна вэ?
Нэгдүгээрт, Өргөдлийн байнгын хороонд хамгийн их өргөдөл ирсэн 1072 хувьцааны асуудлыг шийдэх шаардлага тавина. Хоёр сая иргэний эрх ашгийг хамгаалах үүднээс Тавантолгойн гэрээнд тусгай заалт оруулж өгөхийг хүссэн. Харамсалтай нь нөгөө талдаа ийм хувьцаатай гэдгээ ч мэдэгдээгүй байсан юм билээ. Тиймээс энэ асуудлыг УИХ нэн тэргүүнд ярих ёстой. Эдийн засгийн талаасаа Тавантолгой том байр суурь эзлэх учраас гурван сая иргэнийхээ эрхийг хамгаалж энэ талаар дуугарна.
Хоёрдугаарт, таны асуусанчлан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг батлах шаардлагатай байна. Сонгууль дөхөх тусам энэ хууль улстөржилт болно. Сонгуулиас өмнө баталчихлаа гэхэд хуульд цоорхой байвал тэр нь сөрөг үр дагавар дагуулна. Тийм учраас манай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө улс төрийн байгууллагатай холбоотой хууль батлахыг хориглосон. Тэр утгаараа эдгээр хуулиудыг хаврын чуулганд багтаах шаардлага үүсч байгаа.
-Хаврын чуулганаар орж ирэх нэг хууль бол Гэмт хэргийн тухай хууль. Энд сэтгүүлчийн эрх ашигт халддаг 110, 111 буюу гүтгэх, доромжлох асуудлаас болж ял сонсдог заалт хэвээр ороод ирлээ. Та өмнө нь энэ заалтыг авах талаар хууль оруулж байсан шүү дээ?
Эрүүгийн хуульд гол нь нотолгоо гэж ярьдаг. Тэр шиг сэтгүүлч гэсэн аливаа баримтыг нотлох баримттайгаар ярих ёстой. Хэдийгээр хардах эрхтэй ч гэсэн нотлох баримттай мэдээлэх нь үүрэг. Гэтэл манайд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нотолгоог үнэлэх субьект гэж заасан байгаа. Одоо орж ирж байгаа хуульд ч энэ заалт байна.
Нотолгоог хэн үнэлэх вэ гэхээр цагдаа, шүүх прокурор үнэлнэ. Өмгөөлөгч үнэлэхгүй. Сэтгүүлч материалаа биччихсэн, нэг хүний авлигатай холбоотой байшинг зургаар бичсэн байлаа гэхэд цагдаа, прокурор, шүүх яллаж байгаа субьект мөртлөө энэ бол гүтгэлэг гэж нотлоод байгаа юм. Цагаатгах субьект болох өмгөөлөгч нотолгоог үнэлэхгүй. Тэгэхээр таныг хэн ч өмгөөлөхгүй гэсэн үг. Тэр тохиолдолд бид хуулиа зөөлрүүлэхээс өөр гарц байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 110, 111 гэсэн заалтыг өөрчлөх заалт оруулсан. Хоёр жилийн өмнө миний өргөн барьсан энэ өөрчлөлтийг шууд дарсан.
-Яагаад дарсан гэж. Сэтгүүлчийн эрхийг хамгаалахгүй шалтгаан байв уу?
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна аа, тийм учраас чиний өөрчлөлт хэрэггүй гэдэг хариулт л өгсөн. Гэхдээ өнөөдөр эргээд л тэр заалтаа оруулж ирээд, тэр заалтаар сэтгүүлчийг яллах тухай яриад сууж байна шүү дээ. Сэтгүүлч хүн гүтгэж болохгүй. Гэхдээ сэтгүүлч өөрөө, эсвэл өмгөөлөгч нотлох эрхтэй байсан бол сэтгүүлч гүтгэх, доромжлох заалтаар ял сонсохгүй.
Харамсалтай нь Байцаан шийтгэх хуулиар эрх олгоогүй гэдгийг би дээр хэлсэн шүү дээ. Шүүгдэгч, яллагдагч, буруутгагдаж байгаа этгээдэд ашигтайгаар шийдэх гэсэн олон улсын хүний эрхийн зарчим байдаг. Тэр зарчмын дагуу сэтгүүлчийг яллаж болохгүй гэсэн заалтыг заавал оруулах ёстой. Хэрвээ өмгөөлөгчид нотлох эрхийг өгчихвөл одоо хуучин хуулиараа байг. Яагаад гэвэл та айх хэрэггүй. Манай өмгөөлөгч мөрдөн байцаагч, прокурортой адилхан нотлох баримт гаргаад миний буруугүй гэдгийг нотолж чадна аа гээд л зогсч байх юм. Шалгадаг, тагнадаг, нотолдог бүх байгууллага төрийнх.
Гэтэл төрийг хардах эрхгүй гэж ял оноох асуудал байж болохгүй. Сэтгүүлчийн хийж байгаа ажил бол зөвхөн хардах эрх шүү дээ. Ихэнх сэтгүүлч тухайн бичиж байгаа хүнээ таньдаггүй, албан тушаалынх нь талаар мэдэхгүй, тэр албан тушаалд нь санаархсан зорилго байхгүй. Нисэхийн мөнгө угаасан хэргийг бичлээ гэж бодъё. Тэр суудалд сэтгүүлч өөрөө очих гэж бичээгүй учраас энэ заалтыг ялгаж салгамаар байгаа юм. Дахин хэлье. Эсвэл өмгөөлөгчийн эрхийг нэгдүгээрт тавих ёстой шүү. Тэр тохиолдолд сэтгүүлч ам бардам байж чадна. 110, 111-ээр чамайг яллана гээд ороод ирэхэд тантай би ярих юм байхгүй. Та миний өмгөөлөгчтэй уулз гээд сууж байх бүрэн боломж бий. Би нотлох баримтаа өмгөөлөгчид өгчихсөн, шүүх дээр уулзая гэж хэлээд суух эрхзүйн орчин манай сэтгүүлчдэд алга байна. Хууль орж ирснээр асуудлыг хөндөж тавиад, эсэргүүцээд явна даа.
-Эх сурвалжаа нууцлах бол сэтгүүлчийн нэг том үүрэг. Гэтэл хэн дуртай нь намайг гүтгэлээ, доромжиллоо гээд 100 сая төгрөг нэхдэг, төлж чадахгүй бол ял өгнө гэдэг. Гэтэл сэтгүүлч ял авахгүйн тулд эх сурвалжаа задлахаас өөр аргагүй байдалд орж байгаа. Шүүх, прокурор нэг үгээр л тоглолт хийж сэтгүүлчид ял оноохыг чухалчилж байна. Эх сурвалжаа бид хэрхэн хамгаалах ёстой юм бэ?
Надад ийм зүйл тохиолдож л байлаа. Намайг гүтгэсэн нэг нөхөр сэтгүүлчид хоёр сая төгрөг өгөөд миний талаар янз бүрийн зүйл бичүүлсэн тохиолдол байдаг. Ийм зүйл олон хүнд байгаа. Хэн нэгэн мөнгө өгөөд сэтгүүлчээр гүтгүүлэх, доромжлуулах зүйл гаргадаг. Сэтгүүлч хүн эх сурвалжаа нууцалж болно. Гэхдээ шүүх дээр үнэнээ нотлох ёстой.
Тэгэхээр дахиад л нөгөөх нотолгоог баталдаг эрх нь яллагч талд байгаад асуудал байгаа юм. Цагаатгах талд энэ эрх байхгүйгээс мэтгэлцээн байхгүй, сэтгүүлч өөрийгөө өмгөөлөх, баримтаа өөрөө нотлох эрхгүйгээс ял авдаг, өр төлбөрт унадаг. Дэлхийн бүх оронд хүн гүтгэх чинь өөрөө гэмт хэрэг гэж үздэг. Хүн гүтгээгүй гэдгээ сэтгүүлч өөрөө л нотлох нь өнөөдөр чухал байна.
Дээр миний ярьсан жишээнээс харахад би улс төрийн албан тушаалтан учраас сэтгүүлчид намайг хардах эрх байгаа гэдэг үүднээс хандаад зүгээр өнгөрүүлж болно. Сэтгүүлчийн гүтгэлэг худлаа шүү гэдгийг би өөрөө ард түмнээр үнэлүүлэх ёстой. Гэтэл манай зарим улстөрчид дэндүү жижигхэн хүрээнд сэтгээд байгаа юм. Нэгэнт тэр өндөрлөгт байгаа бол хардуулах эрх бүхий субьект шүү гэдгээ ойлгох хэрэгтэй л дээ. Тэр албан тушаалд суугаагүй бол таныг хэн ч хардахгүй. Тиймээс хор хөнөөлгүйгээр гүтгэлэг ирсэн тохиолдолд түүнийг үг, үйлдлээрээ залруулах тийм л сэтгэлзүйн бэлтгэлтэй улс төрийн өндөр албан тушаал хаших ёстой юм.
Гүтгэлэг хэрвээ хор хөнөөлтэй байвал асуудал өөр болно. Ял авах, гэр бүл салах, аав ээж өндөр настай хүмүүс энэ мэдээлэлд итгээд нас барчихвал яах вэ гэдэг зүйл яригдана. Хүн гүтгэх асар хөнөөлтэй. Тиймээс өөрийнхөө нэр хүндийг гүтгүүлэхгүйн тулд тэр хүн нэр цэвэр л ажил хөдөлмөр хийх ёстой байхгүй юу даа. Энэ талаар яриад байвал их зүйл ярина. Сэтгүүлч бичсэн материалаа нотлоход түүнийг нь шүүх, прокурор, цагдаа хүслээрээ өөрчилдөг, энэ бол тогтоогдсон, нотлогдсон гэж ярьдаг болсон.
Нотлогдсон, тогтоогдсон юм бол шүүх хурал хийх шаардлагагүй. Манай хуулийн гажуудал энд байгаа юм. Би Өргөдлийн байнгын хорооны дарга болсноос хойш хамгийн түрүүнд нэг ажил хийлээ. Тэр нь АТГ, цагдаагийн байгууллагын нотлогдсон, тогтоогдсон гэдэг хэвлэлийн хурлыг зогсоолоо. Дахиад ингэх юм бол би албан тушаалтай чинь ярина гэдгийг хатуу сануулсан. Нэгэнт тогтоогдоод, нотлогдоод явчихсан юм бол шүүх хурал хийх ямар шаардлага байна. Гэхдээ тэдний буруу биш. Хуулиар тэд нотлох баримтыг үнэлдэг учраас ингэж яриад байгаа юм л даа.
-АТГ-ынхан ч гэдэг юм уу, эсвэл хууль хүчний байгууллага хэрэг нь нотлогдоогүй байхад барьж хорьчихоод шалгаж байна гээд мэдээлэл хийгээд суудаг асуудал сүүлийн үед их гарах боллоо. Энэ талаар өргөдөл гомдол ирэх үү?
Тийм ч их ирэхгүй байна. Гэхдээ мөрдөх, байцаах гэсэн хэргийг нотлох хоёр ажиллагаа байдаг. Бид байцаалтын аргаар хэргийг нотлох гэж үзээд хориод байгаа юм. Уг нь мөрдөлтийн аргаар хэргийг нотлох ёстой. Цагдаа, шүүх, прокурор, өмгөөлөгч бүгд нотлох баримтаа олдог, хэргийн талаар ижил мэтгэлцдэг бол хүн барьж хориод байх шаардлага байхгүй. АНУ-д хүн амины ноцтой гэмт хэрэгтэн л биш бол мөнгөн барьцаа өгөөд суллагддаг. Гэтэл манайд байцаалтын аргыг сонгочихно.
Яагаад байцаалтын аргыг сонгодог вэ гэхээр залхаан цээрлүүлдэг байхгүй юу. Нэг хүнтэй сард нэг удаа уулзана. Хав харанхуй, чийгтэй орчинд мөрдөн байцаалт явуулна. Олон сар ингээд эхлэхээр хүн нугардаг, хугардаг, ярьж хэлснээсээ буцдаг, хийгээгүй хэргийг хүлээдэг. Энэ бол маш буруу тогтолцоо. Мөрдөн байцаалт, хэрэг шалгалтын арга барил манайд арай л өөр яваад байна. Энэ хүндээ биш тогтолцоондоо байгаа юм.
-Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд энэ бүхнийг шийдэх гээд чадсангүй юу?
Уг нь шинэчлэл хийх гэж байгаа бол үүнийгээ хийх ёстой л доо. Гэтэл манайд шүүгч л өндөр цалинтай болох шив дээ. Хуулийн байшин гэж хэлээд сайд л гоё өрөөтэй боллоо. Цагдаагийн шинэчлэлийн хүрээнд баахан дарга нар л албан тушаалтай боллоо. Зайлшгүй хэрэгцээг ашиглаад дэмжлэг авах нь ойлгомжтой гэсэн байдлаар хууль шүүхийн системийг дампууруулах шахлаа. Эмхэндээ ороход үнэхээр хэцүү байгаа. Та бод доо Л.Цог даргын өмнөөс Х.Тэмүүжин янз бүрээр л дуудаж байна лээ Тийм ёсзүйгүй байж болохгүй.
Хамгийн том асуудлыг энэ хүмүүс алж байна. Дэлхийн бүх оронд Үндсэн хуультай л бол хууль тайлбарладаг. Тайлбар гэдэг бол ойлголтын тухай нэг зарчим. Тайлбарлах эрхээ ашигласан бол буруу байж болно. Тэглээ гээд тайлбарлаж огт болохгүй гэсэн үг биш. Гэтэл Улсын дээд шүүх гэдэг бол нэг танхим, нэг шүүгч биш нийт шүүгч учраас үүнийг байхгүй болгож болохгүй. Тэр битгий хэл нийт шүүгч нарын бүтцийг алга болгож болохгүй л байхгүй юу. Шинэчлэлээс өмнө цаазаар авах ялыг тухайн хүн гомдол гаргасан, эс гаргаснаас үл хамааран бүгд хурлаар шийддэг байсан. Миний мэдэж байгаагаар Завханы нэг нөхрийг цаазаар авахаар
Бүгд хурлаар оруулаад наадах чинь цаазаар авахуулах биш цагаатгагдах ёстой гээд долоон жилийн дараа хэрэг нь цагаатгагдаад гарч ирсэн тохиолдол байдаг. Тэгэхээр дээд шүүхийн шүүгч нар гэдэг бол хуулийн акулууд байх ёстой. Туршлагатай, мэдлэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, ямар нэг зүйлд гуйвдаггүй, дайвдаггүй, шагналын биш байх ёстой. Манайд өөр яваад байна.
Тэгээд дээр хэлсэн Бүгд хурлыг байхгүй болгочихлоо. Ингэснээр таван шүүгч л хэн нэгний хувь заяаг шийдээд явуулчихаж байгаа байхгүй юу. Би Г.Хэрлэнчимэг гэж бүсгүйн хэрэгт өмгөөлөл хийгээд явж байхад ааваас нь би Хэрлэнчимэгийн хэргийг зөвөөр шийдсэн үү, та юу гэж бодож байна гэж асууж байсан юм. Тэгэхэд Баасанхүү анхан шатны гурав, дээдийн тав гэсэн 10 гаруйхан хүний шийдвэр юм байна. Би одоо л энэ хүнийг алуурчин юм гэж итгэж байна гэж хэлж байсан.
-Ерөнхийлөгч цаазын ялгүй улс болсон, цаазын ялтай хүмүүсийг уучиллаа гэж тайлан тавилаа. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
Ерөнхийлөгч цаазын ялыг уучлах ёсгүй байхгүй юу. Цаазын ялыг хойшлуулж болно уучилж болохгүй. Та нар тэр тайланг нь сонссон биз дээ. Ерөнхийлөгч цаазын ялыг уучиллаа гэж. Ингэж болохгүй. Тэр хүн хаан биш. Шүүхийн шийдвэрийг хүн бүхэн дагах ёстой. Ерөнхийлөгч мөн л адил. Ерөнхийлөгчид хойшлуулах эрх мэдэл бол бий. АНУ-д гэхэд 10, 20 жил хойшлуулдаг.
ДНК-ийн шинжилгээ нь нарийн болсноор цаазын ялтай олон хүн суллагдсан тохиолдол байгаа. Цаазын ялыг хойшлуулах ёстой гэдэг би Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Тэрнээс биш уучилдаг нь буруу. Энэ нь алуурчны сэтгэлзүйд асар их нөлөө үзүүлдэг. Алуурчны сэтгэлзүй гэдэг бол их том ойлголт. Би хүн алахад яах ч үгүй юм байна гэдэг ухамсар сууна. Зүгээр ухамсартай хүн хүнийг санаатай алаад зогсохгүй л байх.
-Шүүх, энэ салбарын шинэчлэлийн талаар нэлээдгүй ярьчихлаа. Энд хүргээд өндөрлөе. УИХ-аар хэлэлцэгдэх хууль, улс төрийн ганц нэг асуулт асуумаар байна. Та Казино байгуулах тухай хуулийг хэр дэмжиж байна?
Монголд өнөөдөр тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хөгжихийн тулд бид мөнгө олох ёстой. Хойд урд чөлөөт бүсээ хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Тэнд үнэхээр төсөөлшгүй гоё хотхон бариад, аялал жуулчлал хөгжөөд, дэд бүтэц нь шийдэгдчихсэн казино байгуулагдах нь зөв. Монголчууд ч хэдэн зуугаараа ажилтай болно. Гэтэл бидний энэ хэрэгцээг ашиглаад чоно борооноор гэдэг шиг дахиад л луйварчид тоглолт хийх боломжийг бид олгочих гээд байна.
Хууль гарлаа, хоёр Х компани орж ирнэ. 34 тэрбум төгрөг гэхээр ойролцоогоор 20 орчим сая ам.доллар. 20 сая ам.доллар өгөх 10 компани байлаа гэж бодъё. Тэрний хэн нь орж ирэх вэ. МАНАН хуваагаад авчихна. За тэгээд нөгөөдүүл чинь өгсөн мөнгөө үржүүлж авахын тулд тэд ажлаа хийнэ гэнэ. 20 сая ам.доллараа тушаачихлаа. Замын-Үүдэд очоод байшин бариад эхэлчихжээ. За дэд бүтэц шийдчихлээ. Хот барьчихлаа одоо ажлаа явуулж ашгаа олохоос гэж хэлдэг компани хэд байх бол.
Ёстой хайгаад ч олдохгүй. Лиценз авах гэж нэг жилд алдлаа. Хугацаа нь есөн жил болчихлоо. Тоног төхөөрөмжөө авах гээд бас нэг жилд алдчихлаа. Одоо найман жилийн хугацаанд би байшин сав барьсаар 20 сая ам.доллар салхинд хийсэх нь. Би нийслэлд Шангриллад ажлаа хийнэ, мөнгөө олно гээд суучихвал хэн хяналт тавих юм бэ. Сэлмэн байшинд суумаар байна гээд эхлэхэд хэн ч хориглож чадахгүй л байхгүй юу. 20 сая өгөөд 40 сая болоод гарах л хууль яваад байна.
-Тэгвэл ямар байдлаар шийдэх ёстой юм. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд бид хүссэн ч эс хүссэн ч энэ замаар явах л ёстой. Алдсан ч бай, алдаагүй ч бай?
Би битгий яв гэж байгаа юм биш. Хамгийн гол нь хуультай болчихвол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ямар компани биднийг сонирхож байна вэ гэдгээ эхлээд ил тод зарлачих. Хулгайч шиг хоёр компанид зориулж хууль гаргаж болохгүй. Нөгөө том том компаниуд ирээд Монгол Улсыг сонирхож байгаа гэдгээ албан ёсоор зарлаг.
Танайх хуультай болчихвол ийм хот, тосгон, дэд бүтэц байгуулъя гээд өрсөлдөг. Ажилчны цалин ийм байна гээд олон амлалт өгөг л дээ. Ласвегас, Сингапур, Чежү, Макао орж ирэх юм байна. Тэнд ийм гоё юм хийчихсэн компани байна. Тэдэн жилийн дараа манайхыг ч ийм болгох юм байна гээд л сонголт хийе л дээ. Ний нуугүй хэлэхэд оффшор дансандаа хэдэн саяар нь мартчихдаг хүмүүс Казино байгуулах хууль баталж тоглох юу ч биш л дээ. Ил тод зарла. Манайхыг сонирхож байгаа компани хэд байгааг бид бас хармаар л байна шүү дээ.
Мобикомоор жишээ авъя. Хэдэн жилийн өмнө манайд орж ирэхэд нь бид глобальчлагдах ёстой гээд л сая ам.доллараар лицензээ өгөөд явуулчихсан. Гэтэл маш хатуу гэрээтэй, мөнгөө сайхан өсгөж ганцаараа баахан туйллаа. Арайхийж лиценз нь дууссаны дараа хоёр компани орж ирсэн шүү дээ.
Сая УИХ-аар дугаартайгаа шилжих үйлчилгээ ярьж байж үнэ нь харьцангуй бууж байгаа. Гадаадад энэ гар утас чинь бараг үнэгүй шахуу. Та энэ утас аваад өгөөч, тэдэн жил үнэгүй барь гэдэг. Манайд сая төгрөгөөр утас аваад л сая төгрөгөөр төлбөр төлөөд л явж байгаа. Тухайн үед монополь биш байсан бол өрсөлдөөн гарч ирэх байсан. Тэр зарчмаар Казиногийн хууль битгий яваасай л гэж хэлээд байгаа юм.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөх нь. Төгсгөлд нь улстөрийн ганц нэг асуулт асууя. Та МАН-ын даргатай МАН, МАХН яагаад хамтарч болохгүй гэж гэсэн асуудлыг ярьсан юм уу. Иймэрхүү яриа чих дэлсэх боллоо?
Хоёр намын хоорондын яриа хэлэлцээ ямар шатанд байгааг би мэдэхгүй. Яагаад гэвэл би аль нэг намтай хэлэлцээ хийх эрх бүхий субьект биш. Би Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар л асуудлыг ярьсан. МАН, МАХН хоёр бол 90 жилийн түүхтэй, нэг угшилтай, нэг үзэл баримтлалтай нам. Тэр утгаараа нэгдэж нийлээч гэсэн өргөдөл ирдэг л юм. МАН-ын байрны асуудлаар бид шүүхдээд явахад хаана ч ялна. Яагаад гэвэл олон жил МАХН-ын төлөө татвар төлсөн ахмадууд манай намд байгаа учраас намдаа төлсөн татварын мөнгөөр барьсан байраа авна гээд шүүхдэж болно. Олон жилийн ялалтад одоо манай намын нэрэн дор байгаа хүмүүс том үүрэг гүйцэтгэсэн.
72 суудалтай болгоход үүрэг гүйцэтгэсэн хүмүүс байгаа. Тэр утгаараа хэн хэн ч энэ талаар маргахгүй. Тиймээс хэсэг бүлэг хүмүүсийн үл ойлголцол, үзэл бодол, үзэл суртал нь бага зэрэг зөрсөн учраас сонгууль ойртож байгаа энэ үед та бүхэн нэгдэж нийлж, засаг бариач гэсэн хүсэлт ирдэг юм. Тэр хүрээнд л МАН-ын даргатай албан бус ярианы үеэр бид яагаад нэгдэж болохгүй гэж, иргэд ийм хүсэлт тавих юм гэсэн зүйл ярьж байсан. Энэ бол хоёр хүний хоорондын яриа шүү. Албан ёсоор тавьсан санал хүсэлт гэж ойлгож болохгүй. М.Энхболд дарга та бүхэн хуучин буурин дээрээ эргэж нэгд л дээ. Квотоо 70:30 гэж тохироод явахад болохгүй юмгүй гэж хэлсэн. Дахин хэлье. Албан бус яриа биш шүү.
-Намын бүлэг ойрын үед томилгоо хийх гээд байна уу. Дэд дарга, бүлгийн даргаа өөрчлөх яриа гарч эхэллээ?
Тодорхой санаа ярьж байгаа. бүх зүйл хуулийн хүрээнд хийгдэнэ. МҮАН, МАХН сонгуулийн нэг бүрэн эрхийн хугацаа дуустал нам бүлэг дээр тодорхой квотоо тогтоогоод ажиллаж байгаа. Сонгууль ойртож байгаа учраас бэлтгэлээ чанаржуулахын тулд ажил хэрэгч байдлаар асуудлаа шийдэх яриа гарсан. Гүйцэтгэх товчоо шийдвэр гаргасан учраас биелүүлэхийн төлөө л явна.