“Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө, аж ахуйн яам хамтран өнөөдөр /2015.04.22/ “Нээлттэй сонсголын танхим”-д “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлсэн үгэндээ "Манай байнгын хороонд малчдаас бэлчээрийн асуудалтай холбоотой өргөдөл олноор ирдэг. Монгол Улс 113 сая га бэлчээр нутагтай, харин малын тоо толгойн хувьд хонин толгойд шилжүүлэн тооцвол нийтдээ 74.6 сая гэсэн тооцоо бий. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд өртөх магадлалтай гэдэг судалгаа гаргасан байна” гээд бэлчээрийн асуудалд анхаарал тавих цаг тулгараад байгааг тэмдэглэн, малчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хороо бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан, ажилуулж байгаа гэлээ.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон салбарын мэргэжилтэн, судлаач, иргэдийн төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл оролцож байгааг онцлоод “Бид бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар ажиллахдаа малчидтай уулзаж, санал бодлыг сонссон, мөн яам, холбогдох төрийн байгууллагууд болон ТББ-уудтай хамтран ажилласан. Архангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн олон суманд ажиллан үүсээд байгаа бэрхшээлийг тодруулж, малчид энэ асуудалд ямар байр суурьтай байгаа, хэрхэн зохицуулах боломж байгааг судалсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бид энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд шат, шатандаа хийсэн ажлуудынхаа үр дүнг нэгтгэх юм” хэмээн хэлсэн юм.
Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж “Монгол Улсын бэлчээрийн төлөв байдал, эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт мал хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 74.6 сая байгаа нь бэлчээрийн даацад тохирч байгаа ч малын төрөл хоорондын харьцаа сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжгүй байна. Цаашид үхрийн тоо толгойг нэмэгдүүлж, ямаан сүргийн тоо толгойг бууруулах нь бэлчээрийн зохистой ашиглалтад эерэг нөлөө үзүүлнэ.
Нийт 21 аймгийн хэмжээнд 100 га-д оногдох малын тоо толгой хонин толгойд шилжүүлсэн дүнгээр Орхон аймаг 646, Улаанбаатар 412, Дархан-Уул аймаг 338 байгаа бол Өмнөговь аймаг 23, Говь-Алтай аймаг 37 байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төрөөс бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр улсын төсвөөс шинэ худаг гарган, хайгуул хийн, хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж, гадаад орон, олон улсын байгууллагаас энэ чиглэлийн менежмент сайжруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бэлчээрийн харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж байна.
Цаашид бэлчээрийн тухай бие даасан хууль батлах, бэлчээрийн газрын ангилал өөрчлөгдсөн тохиолдолд нөхөн олговорын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, тусгай хэрэгцээний бэлчээрийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хил заагийг тодорхой заах, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг багасгах, бэлчээр нутагтай холбоотой аливаа шийдвэр, зохицуулалтыг орон нутгийн иргэдийн саналд тулгуурлан гаргах зэрэг санал гаргав.
“Бодлого судлалын төв” ТББ-ын тэргүүн доктор А.Энх-Амгалан “Бэлчээр ашиглалтын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Төрөөс мал эмнэлэг, малын чанар, өвс тэжээл, бэлчээрийн менежмент, эрсдэлтэй тэмцэх, бүтээгдэхүүний чанар гээд олон асуудалд янз бүрийн хэлбэрээр шууд оролцдог байдал нь малчдад хариуцлага, үүргээ үл ойшоох хандлагыг хэвшүүлсэн. Мөн нийгэм, эдийн засгийн орчин төдийгүй байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн мал аж ахуйн салбарт олон бэрхшээл гарах болсон.
Цаашид малчид бэлчээр нутагтаа өөриймсөг хандах нөхцлийг бүрдүүлэхдээ эдийн засгийн хөшүүрэг ашиглах, малын чанар, үр ашгийг дээшлүүлэхийг дэмжих, бэлчээрийг 15-60 жилээр эзэмшүүлэх, ашиглалтын төлбөрийн механизмийг нэвтрүүлэх, бэлчээр нутаг уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, тусгай хамгаалалт гээд бусад эдэлбэрт шилжихэд малчдад нөхөн төлбөр олгох, уул уурхайн зориулалтаар ашигласан газар нутгийг нөхөн сэргээсний дараа үлдэх нөлөөллийг арилгах зорилготой дүйцүүлэн хамгаалах зэрэг саналыг дэвшүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултдаа илтгэгчдээс хариулт авч, харилцан санал солилцов. Энэ үеэр уламжлалт мал аж ахуйн хэлбэр, зохицуулалтыг өөрчлөхгүйгээр, шаардлагатай гэж үзвэл түүнд тулгуурлан эрх зүйн зохицуулалтыг нийт малчдын саналыг тусгасан байдлаар хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлэлцүүлэгт оролцсон малчдын төлөөлөл гаргаж байлаа.
УИХ-ын Тамгын газрын “Нээлттэй сонсголын танхим”-д болсон “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.