Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль дэмжигдлээ
Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив.
2015.04.14

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль дэмжигдлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх илтгэлдээ, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн төсөвт төвлөрүүлдэг орлогоос тухайн орон нутагт хуваарилагдах орлогын хэмжээ хангалтгүй байгаагийн улмаас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх, улмаар уул уурхайн салбарын хөгжлийг удаашруулах сөрөг нөлөө гарч байна.

Уул уурхайн салбараас орон нутгуудад шилжүүлэх орлогын хэмжээг зохистой түвшинд нэмэгдүүлсэнээр уул уурхайн хайгуул, судалгааны ажил эрчимжиж, улмаар Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн илэрц нэмэгдэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.

Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна.

Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг юм байна. Мөн Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг мужийн түвшинд татан төвлөрүүлж тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог ажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ж.Батзандан, Д.Дэмбэрэл нарын гишүүд асуулт асууж, тодруулан саналаа хэлсэн юм. Тухайлбал Ж.Батзандан гишүүн хууль батлагдсанаар тухайн орон нутгийн хөгжлийн санд хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх талаар асуусан бол Ч.Хүрэлбаатар гишүүн, Улсын төсвийн хөрөнгө орлого бүрдэхгүй байгаа өнөө үед төсөвт төвлөрүүлж байгаа орлогыг орон нутаг руу шилжүүлнэ гэдэг буруу хэмээн саналаа хэлсэн.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат, орон нутаг ашигт малтмал ашигласны үр өгөөжийг шууд хүртсэнээр жижиг төслүүд орон нутгаас дэмжлэг авч, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж, улмаар бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж буй тухай хэлээд уг өөрчлөлтөд томоохон төсөл хөтөлбөрүүд бус зөвхөн жижиг төслүүд хамаарагдах юм хэмээн хариулсан.

Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжив.