Брэндгүй гар урлал
Монголд гар урлалын салбарыг хөгжүүлэхийн хамгийн түрүүнд бренджүүлэх хэрэгтэй.
2015.03.05

Брэндгүй гар урлал

Монголд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох чиглэл гар урлал.  

Тиймээс хөгжүүлэхийн тулд юун түрүүнд бүтээлийг эзэнжүүлэх хэрэгтэй. Магадгүй ийм яриа гэр бүл, найз нөхдүүдийн хооронд тань өрнөсөн байх. Хэн нэгэн нь маш гоё хөөрөг барьсан байлаа гэхэд хамгийн түрүүнд хаанаас авсныг, дараа нь эзэнийг асуудаг.  Хэрвээ тухайн бүтээгдэхүүн бренджсэн бол тэгж асуухгүй. Монголд гар урлалын салбарыг хөгжүүлэхийн хамгийн түрүүнд бренджүүлэх хэрэгтэй.

Өвөрхангай аймгийн Уянга сумынхан хамгийн сайхан гэр хийдэг байлаа гэхэд гэр урлаачдыг төлөөлөлсөн ТББ  ч юм уу, эсвэл сумын захиргаа өөрийн нэрээр тэдгээр гэрийг эзэнжүүлж авах нь чухал гэдгийг аялал Ингэчихвэл Уянгынх шиг гэрийг өөр хаана ч урлахгүй.

Үүн шиг аливаа урлагийн болон гар урлалын бүтээгдэхүүн хариуцах эзэнтэй болоод ирвэл ашгаас хувь хүртэх, IPO хийх, тэр байтугай хөрөнгийн бирж дээр гарах зам нээгдэнэ гэдгийг мэргэжлийнхэн санал болгодог.

Энэ мэтээр онцгой гар урлалын бүтээлүүдээ паспортжуулаад эхэлвэл жуулчдын худалдан авах сэтгэлзүйд нөлөөлнө. Тэд хаяг, шошго дутуу, хэн урласан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн авахыг хүсдэггүй. Мэдээж бүх бурууг урлаачдад тулгаж болохгүй. Төрийн зүгээс үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Гар урлал аялал жуулчлал хоёр салшгүй. Хэрвээ аялал жуулчлалаа хөгжүүлэхийг хүсвэл гар урлалд анхаарал тавь.

Жуулчид үзэхээ үзээд  буцахдаа дурсгал болгож тухайн улсын соёлын өвөөс худалдан авдаг. Гэтэл бидэнд байгаа нь хэв загвар, хийц, үзэмжийн хувьд тааруу  байгаа нь асуудал болдог. Урлаачид нэг төрлийн загвараа барих нь хэрэглэгчдийн нүдээр харахгүй байгаатай холбоотой. Зах зээлээ судлаагүйн улмаас уламжлалт хэв загвараа барих нь мэдээж.

Жишээ нь эсгийгээр таавчиг, модоор морь, морин хуур, арьс ширээр Чингис хааны хөрөг гээд гарын арван хуруунд багтахаар бүтээгдэхүүнтэй, хэн ч эсгий, мод, чулуугаар Эрх чөлөөний хөшөө, Таж махал, Эйфелийн цамхаг хийдэггүйг маркетингийн зөвлөгөө өгдөг компанийнхан хэлж байна. Хэдхэн сэдэв дотор л эргэлддэг нь өөрсдийн зах зээлээ чөдөрлөчихөөд байгаа гэдгийг ч сануулж байлаа.

Түүнчлэн төр болон аялал жуулчлалын компаниуд жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авдаг тодорхой бус байдаг.  Хэрвээ авдаг болчихвол  гар урлаачдад сул талаа олоход түргэн, шийдэхэд амархан болно. Хэнд юу хэрэгтэйг мэдэхгүй хүмүүс юу хийхээ ч мэдэхгүй. Тиймээс ядаж судалгааг нь хийгээд өгчихвөл тэр хүмүүст маш том тус.

Гар урлаачид зөвхөн бүтээл рүү анхаардаг тул зарж, борлуулалх ажлыг ихэвчлэн гэр бүлийн хүн нь хийдэг. Харин дүүргийн харьяа жижиг дундыг дэмжих төвүүд эдгээр хүмүүсийг байр болон мэдээллээр хангадагаас илүүтэйгээр судалгаа, маркетингийн талаас нь тусалж чаддагүй.

Уг нь тэдгээр гар урлалынханд маркетингийн үйлчилгээ хамгийн чухал байгааг өөрсдөө ч хэлдэг. Хэд гурваараа нийлээд зөвлөх үйлчилгээ авья гэхэд төлбөрийн хувьд маш өндөр учраас чаддагүй.

Гэхдээ чухал урлаачид өөрсдийн нутгийн онцлогийг харуулсан бүтээл урлах хэрэгтэй. Жуулчдын очсон газар бүрт шинэлэг зүйл байвал борлуултад нөлөөлдөг. Гэтэл хаана ч очсон эсгий шаахай, модон морь байгаад байвал хэн ч авахгүй.

Гар урлаачид бүтээлийг нь дотоодод худалдаалахад муу гээд гомдолдог нь хэрэглэх хэрэгцээ байхгүй улмаас  тоодоггүй. Түүнээс монгол хүн хийсэн болохоор муу биш юм. Дотоодын худалдан авагчдад бэлэг тэмдэг гэхээс илүү хэрэгцээтэй бүтээгдэхүүн байвал авдаг. Харин жуулчдын хувьд аялалаа дурсах зорилгоор худалдан авдаг.

Монголд гар урлалын салбарыг хэрхэн хөгжүүлж болох тухай Дорнод Сибирийн Соёл, Урлагийн Академийн шинжлэх ухаан хариуцсан захирал Д.Л.Халханов  “Гар урлалын салбарыг хөгжүүлэхийн тулд га урлаачдыг нэгтгэсэн сүлжээ байгуулах хэрэгтэй” гэсэн байна. Яг үнэн.

Хэрвээ гар урлаачдыг нэгтгээд зохион байгуулалтанд оруулчихвал зах зээлийн даацаа даах чадвар нь ахиж, бүтээл ч илүү чанартай урлагдана. Цаашдаа тухайн байгууллага нь урлаачдаа мэдээллээр хангаж, зах зээлийг нь судлаж, хэрэглэгчтэй холбох зэргээр ажиллаж болно.