С.Байгальмаа: Ажилчидтайгаа "би чиний дарга байна" гэж харьцах дургүй
С.Байгалмаа гэх энэ даруухан эмэгтэй "Батбайгаль" гэдэг том айлыг авч яваад 17 жил болжээ. Тэрээр хүнсний салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Монголд бялууны үйдвэрлэлийг хөгжүүлсэн анхны цөөн хүмүүсийн нэг юм. vip76 үйлдвэрлэгч эмэгтэйчүүдэд зориулсан хэлэлцүүлгийнхээ хүрээнд түүнийг зочноор урьж оролцууллаа.
- Анх энэ бизнест яаж хөл тавьснаас яриагаа эхлэх үү?
Энэ бизнесийг эхлээд 17 жил болж байна. Бялуу бол анхнаасаа миний хийх дуртай ажил байсан. Хийсэн бялуугаараа хүн дайлах ч дуртай. Тэгээд л дуртай ажлаа бизнес болгоод үзье гэж шийдсэн.
Анх гэртээ бялуу хийж, дэлгүүрт тавьж заруулж үзсэн. Төвөггүй борлогдсон. Ганцаараа хийгээд өдөрт 50 бялуунаас хэтэрдэггүй байв. Хүүхдээ нэг нас хүрэхээр нь хамаатан саднаараа ярьж байгаад нийлж хийхээр болсон. Бялуу хийдэг хүн тийм ч олон байгаагүй. Ер нь зах зээлийн тохироо бүрдсэн.
Мөнгө олоход их хэцүү байсан. Өөрт байсан жаахан мөнгөн дээр ахаасаа мөнгө зээлээд нэг шарах шүүгээ, зуурагч худалдаж авсан. Тэгээд дүүтэйгээ, нөхөртэйгээ, бэртэйгээ нийлээд найзынхаа хоосон байшинд, айлын хашаанд бялуугаа хийж эхэлсэн. Аргагүй бялуу хийх хүсэл тэмүүлэлтэй байсан учраас зүтгэсээр байгаад энэ бизнесийг эхлүүлсэн. Эхлээд бялуугаа зараад өрөө дарчих юм сан гэж боддог байсан. Харин сүүлдээ, ялангуяа баярын үеэр бялуу хамгийн их борлогддог болсон. Бараг лангуун дээр тавиад л эргээд харахад байхгүй болчихно. Тэгээд хүмүүсээ нэмсээр байгаад сарын дараа гэхэд 10-уулаа ажилладаг болсон. Ингээд л цаашаа өсөөд явсан.
- Ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?
Бараа, материал маш ховор байсан. Наанадаж хайрцаг хийдэг үйлдвэр байгаагүй. Өөрсдөө картон цаас хайчилж хайрцгаа хийнэ. Масло, крем, өндөг, сахар нь ховор. Оллоо гэхэд стандарт нь таарахгүй зовлонтой. Тоног төхөөрөмж ч байхгүй. Ер нь гачигдахын зовлонг хангалттай амссан. Гэхдээ тэр бүхнийг даваад л гарсан.
Тэр үед өнөөгийнхтэй адил жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгждэггүй байсан. Зээл авна гэдэг бүр санасны гарз. Мөнгөтэй хүн цөөхөн байсан. Хамаатан саднаасаа гуйхаас өөр замгүй. Эдийн засаг дөнгөж зах зээлжиж эхэлж байсан. Номин, Миний дэлгүүр байгуулагдаад удаагүй байсан үе.
Дүүтэйгээ, нөхөртэйгээ, бэртэйгээ нийлээд найзынхаа хоосон байшинд, айлын хашаанд бялуугаа хийж эхэлсэн.
- Бялуу хийхийн сайхан нь юундаа байдаг вэ?
Бялуу гэхээсээ бид хүмүүст аз жаргал, баяр хөөрийг өгч байна гэж бодохоор сайхан. Хүн болгон л өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаа үе үе чимж, баяр хөөртэй байхыг хүсдэг. Ах дүүгээрээ цуглаж баярлана, нэг нэгэндээ хүндэтгэл үзүүлнэ. Энэ бүх мөчид нь бялуу үргэлж хамт байдаг. Бялууны бизнес гэдэг бол амтаар дамжуулж хүмүүст аз жаргалыг түгээж буй хэрэг юм. Ер нь сүүлийн үед манай компани аз жаргалын цаана амт байдаг гэсэн гол зарчмыг баримталж ажиллах болсон.
Одоо бид 10 орчим салбартай. Бялуу маань богинохон хугацаанд борлогдох ёстой бүтээгдэхүүн. Бялууг худалдаж аваад тэр дор нь иддэг учраас хүмүүсийн бялуугаа идэх тухтай орчин хамгийн чухал байдаг. Ядаж бялуу идэх хүнд кофег нь бэлдээд өгөх хэрэгтэй. Тиймдээ ч манай хамт олон цогц орчинд үйлчлэхийг хичээдэг.
- Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хэрэглэгчдээ олох, тэдний хүсэл сонирхлыг тааж мэдэх нь чухал бөгөөд хэцүү байдаг. Таны хувьд энэ бүхний ая эвийг яаж олдог вэ?
Бизнесийн үр дүнд ямар нэгэн үнэт зүйл бий болдог.
Хэрэглэгч юу хүсч байна, түүнийг нь хийж чадаж байж л бизнес урагшилна. Тухайлбал хэрэглэгч аарцтай бялуунд дуртай байлаа гэж бодоход хэдэн ч жил өнгөрсөн яг тэр амтаар нь хийж байж л итгэлийг нь олно. Хийлгэе гэж захисан цагт нь хийж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хүний баярт мөч нь өнгөрчихнө. Ер нь бялуу бол урлагийн мэдрэмж их шаарддаг зүйл.
Орчин үед хүмүүс завгүй болсны дээр технологи өндөр хөгжсөн. Тиймээс бид үүнтэй зэрэгцэж алхах л хэрэгтэй болж байна. Захиалагч утсаараа бялуу захиалахад товлосон цагт нь, заасан газарт нь, хүссэн бялууг нь хийгээд аваачаад өгдөг болж байна.
- Хамт олныг толгойлж нэгэн зорилгод зангидаж явна гэдэг амаргүй ажил. Та энэ том онгоцыг хэрхэн жолоодож явна вэ?
Монголчууд бол ах дүүсэг үндэстэн. Манай ажилчид миний хувьд ах дүүгээс ялгаагүй дотно хүмүүс. Дарга, захирал гэсэн байдлаар хандахыг хүсдэггүй. “Би чиний дарга байна” гэхээсээ “би чамайг хүндэлж байна” гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Хүндлэл хүлээсэн хүн эргээд нөгөө хүнээ хүндэлж итгэлцэл бий болдог. Энэ нь монголчуудын ах дүүсэг ёсонд нийцдэг. Тэгээд ч монгол хүн хүний захиргаан дор хэлсэн тушаал болгоныг нь биелүүлээд явах дургүй. Энэ нь монголчууд боолын нийгэмд амьдраагүй, тийм сэтгэлгээ суугаагүйтэй холбоотой гэж боддог.
Харин Япон зэргийн оронд жирийн ажилчин захиралтайгаа хоолонд орвол ховор тохиолдол.
Зарим компаниуд ажилчид тогтохгүй байна гэж их ярьдаг. Миний хувьд хүнийг загнаж харьцах дургүй. Эхлээд тэр хүнд ямар асуудал байна, ар гэр нь юу болж байна гэдгийг мэдэж ойлгохыг хичээдэг. 17 жил болоход таньтай ажиллаж чадахгүй нь гээд хаалга саваад гарсан хүн байхгүй. Анх хамт бялуугаа хийж байсан хүмүүс одоо ч гэсэн байна. Гэр бүлийн шалтгаанаар ажлаасаа гарсан нь Батбайгаль гэдэг энэ гэрээ санаад эргээд ирэх нь бий.
17 жил болоход таньтай ажиллаж чадахгүй нь гээд хаалга саваад гарсан хүн байхгүй.
- Та ажил амьдралдаа ямар зарчмыг гол болгодог вэ?
Амьдралд болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй. Өрхийн үйлдвэрлэлээс бизнесээ эхэлж буй зарим хүмүүс аахар шаахар юманд тээглээд том бэрхшээл мэтээр хараад байдаг. Гэтэл ажилд асуудал гарах тусам сайн байдаг. Яагаад гэвэл яаж хийх арга нь тодордог. Тэгэхээр асуудалд торолгүй шийдээд явах хэрэгтэй.
- Бизнес гэдгийг та юу гэж үздэг вэ?
Бизнесийн эцсийн зорилго бол мөнгө олох биш. Тухайн хүн аятай тухтай амьдрахын тулд л мөнгийг хэрэглээ болгодог. Бизнес гэдгийг зөвхөн ашиг хонжоо хайх бус итгэлцэл гэж ойлгох хэрэгтэй. Бизнесийн үр дүнд ямар нэгэн үнэт зүйл бий болдог. Батбайгалийн бялуу гэдэг бол манай хамт олны бүтээсэн үнэт зүйл, бидний бойжуулсан хүүхэд.
- Эдүгээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Өөрийн хүчээр өрхийн үйлдвэрлэлээс компани болтлоо өргөжсөн таны хувьд үйлдвэрлэгчээ ямар байдлаар дэмжвэл дээр вэ?
Гол нь тэр элдвийн төсөл хөтөлбөрүүд нь зориулсан эзэндээ очдог байгаасай. Өчнөөс сайхан уриа лоозонтой мөртлөө цаг дээрээ эзэндээ очдоггүй юм шиг харагдаад байгаа. Жишээ нь бидэнд ч гэсэн тэр зээл хэрэгтэй байна ш дээ. Дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлье л гэж байгаа юм бол мань мэт шиг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжмээр байна. Гадагшаа урсаж буй тэр их мөнгөний урсгалыг зогсоомоор байна. Хэдий болтол импортын бараагаар амьдрах юм бэ? Үндэсний үйлдвэрүүд маань татвартаа, цалиндаа, нийгмийн даатгалдаа дарагдчихаад урагшаа явахгүй байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлж гадаадаас орчин үеийн тоног төхөөрөмж авмаар л байна ш дээ. Энэ олон хүнийг ажлын байраар хангаж буйн төлөө жинхэнэ утгаар нь дэмжих хэрэгтэй. Бид зээл авахаараа арилжааны зээл авахаас өөр аргагүй. Гэтэл олсон ашиг маань хүүнээсээ давахгүй байна.
Яг одоогийн байдлаар бидэнд арай бага хүүтэй зээл хамгийн их хэрэгтэй.
- Таны хэтийн зорилго юу вэ?
Үндэсний том брэндийг бий болгох. Хүмүүсийн итгэлийг бүрэн даасан, хэн ч хараад шууд таних тийм брэнд.