"Ард түмний хүнс-2015" батламжийг "Алтан тос" авлаа
"Алтан тос"
2014.10.03

"Ард түмний хүнс-2015" батламжийг "Алтан тос" авлаа

 

 Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал”, Засгийн газрын 2009 оны 32 дугаар тогтоолоор баталсан.

“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 9 дэх жилдээ энэхүү арга хэмжээг 2014 оны 9 дүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Эрүүл хүнс-2014” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Алтан намар-2014” шинэ ургацын үзэсгэлэн худалдааг Дүнжингарав худалдааны төвд, 09 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “Шилмэл мал -2014” үзэсгэлэн худалдааг Хүй долоо худагт амжилттай зохион байгуулагдлаа.

Нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс” болон “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд хүнсний чиглэлийн 140 аж ахуйн нэгж, иргэн, шинэ ургацын ногоогоор 17 аймаг, нийслэлийн 5 дүүргийн нийт 320 ногоочны бүлэг, 4 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж нийлүүлэгч 8 аж ахуйн нэгж нийт 1284 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, зөгийн бал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамал болон 16 нэр төрлийн 52 ширхэг техник, тоног төхөөрөмжөөр оролцож нийт 984,0 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

“Эрүүл хүнс-2014” үзэсгэлэн худалдаа боллоо

“Эрүүл хүнс-2014” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд нийт 140 дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, хоршоо, иргэд тухайлбал сүү, сүүн бүтээгдэхүүний 30, мах, махан бүтээгдэхүүний 15, гурил, гурилан бүтээгдэхүүний 12, нөөшилсөн бүтээгдэхүүний 8, ундаа, исгэлтийн 5 үйлдвэр, зөгийн балны 20 орчим, ургамлын гаралтай цайны 8, аж ахуйн нэгж нийт 1284 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, 150,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. 

Үзэсгэлэнгийн үеэр хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүний онцлогийг илэрхийлсэн өдөрлөгүүдийг санаачлан хэрэглэгчдийг татах арга хэмжээг өдөр бүр зохион байгуулжээ.

“Эрүүл хүнс-2014” үзэсгэлэн худалдаа

Тухайлбал:

  • ҮХААЯ “Органик Монгол” үндэсний хөдөлгөөнтэй хамтран 9-р сарын 21-ний өдөр “Органик Монгол” өдөрлөгийг зохион байгуулж, энэ үеэр хэрэглэгчдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн болон органик бүтээгдэхүүнийг ашиглан хоол бэлтгэх шоуг зохион байгуулан, амталгаа явуулав. Үзэсгэлэнд оролцогч, сонирхогчдын дунд органик бүтээгдэхүүний азтанг шалгаруулж, органик бүтээгдэхүүний дээжээр шагнав.
  • ҮХААЯ Монголын Хүнсчдийн холбоотой хамтран 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан “Амтат талх, алаг бялуу” өдөрлөгийн үеэр үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж, хоршоодын сурталчилгааг түгээх, бүтээгдэхүүний орц найрлага, онлог чанар – хэрэглэх заавар талаар болон хадгалах нөхцөлийг танилцуулах, хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулав. Тухайлбал “Атар – Өргөө” ХК  “Хөх тарианы мөөхий”,Монголын анхны амттан үйлдвэрлэгчЕсөн–Од фүүд интернейшнл” ХХК “Гийнгоо набор”, “Тансаг цуглуулга”, Жүр Үр ХХК “Луувантай, хушгатай, самартай бялуу”, Монголын анхны ургамлын тос үйлдвэрлэгч Монгол Алтан тос ХХК “Алтан тос” ургамлын тос, Өгөөж ХХК “Нэрстэй өнхрүүш”, Талх Чихэр ХК “Аяны боорцог”, “Багет” талх зэрэг бүтээгдэхүүнээ онцлон танилцуулж амтлуулав.
  • ҮХААЯ “Глобал коммунитс олон улсын байгууллага”-тай хамтран 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Монголын сүүний нэг өдөр” өдөрлөгийн үеэр худалдан авагчдаас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, худалдан авах хандлагыг тодорхойлсон судалгаа авч,  амталгаат худалдаа зохион байгуулан сүү сүүн бүтээгдэхүүнийг  сурталчлав. Мөн сүүнд дуртай жаалууд сэдэвт гар зургийн уралдааныг 5-7-р ангийн сурагчдын зохион байгуулж, хэрэглэгчдээс хамгийн олон санал авсан уран зургийг  шалгаруулав.
  • ҮХААЯ “Глобал коммунитс олон улсын байгууллага“-тай хамтран 9 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгийн үеэр шинэ сортын төмс, хүнсний ногооны сурталчилгаа, амталгаат худалдаа явуулж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хадгалах технологийн зөвлөмж өгч, сургалт зохион байгууллаа.
  • ҮХААЯ Монголын Хүнсчдийн Холбоотой хамтран 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөгт: мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс “Ажигана ХХК “ Ядаргаа тайлмаар ясны шөл”,  Мах Импэкс ХК “Өглөө” зайдас, Frankfurterзайдас”, Хүнскомплекс ХХК Армен тогоочийн бэлтгэсэн “Кавказ шорлогны соустай амталгаа”, Траст Трейд ХХК-ийн Жаргалан гахайн аж ахуйн “Гахайн махан самгепсаль”, Хатансүйх Импэкс ХХК “Нөөшилсөн бүтээгдэхүүнүүд”, Юнисол ХХК “Өвөө, эмээгийн дуртай элэгний нухаш”, “Онцлог чанар” ХХК “Merguez, Toulouse шардаг хиам”зэрэг бүтээгдэхүүнээ шарж амтлуулав.

“Эрүүл хүнс-2014” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний талаар:

“Монголын хүнсчдийн холбоо”-ноос жил бүр шалгаруулдаг “Ард түмний хүнс” шагналаар “Монгол алтан тос” ХХК-ийн “Алтан тос”

“Монгол алтан тос” ХХК-ийн “Алтан тос

ургамлын тосыг шалгаруулав. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр Монгол улсын хүнсний ургамлын тосны нийт хэрэгцээний 30 хувийг дангаар хангаж импортыг орлох бүтээгдэхүүн болж чадсан.

ГРАН ПРИ: “АПУ” ХК нь “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд 9 дэх жилдээ амжилттай оролцож буй үйлдвэрүүдийн нэг бөгөөд Улаанбаатар хот орчмын 40 гаруй фермерүүдтэй хамтран ажиллаж сүүгээ бэлтгэдэг бөгөөд 2014 оны 5 сараас Сайн цэвэр сүү 600 000 литрийг хэрэглэгчид хүргэн ажилласан байна.

Шилдэг  сүүн бүтээгдэхүүн: “Сүү” ХК-ийн “Миний Монголын элгэн тараг”. Сүү ХК нь “Малчны хотноос таны гэрт” гэсэн уриан дор нийт 3500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгож буй үйлдвэр бөгөөд хоногт 200 тн сүү боловсруулах хүчин чадалтай, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Миний Монголын элгэн тараг нь уламжлалт аргаар саванд бүрсэн үйлдвэрийн бүтээгдэхүүн ба энэхүү бүтээгдэхүүнийг 2014 оны 6 сараас худалдаанд гарснаас хойш 500 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

Шилдэг махан бүтээгдэхүүн:“Очир дагинас” ХХК-ийн “Улаанбаатар бяслагтай хиам”. “Очир дагинас” ХХК нь 2005 онд байгуулагдаж, өдөрт 8000 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 180 тн-ийн багтаамжтай хөргөлтийн зоорьтой, нийт 30-35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2012 оноос Герман улсын бүрэн автомат савлагчид савладаг байгалийн цэвэр модноос гаргаж авсан цаасан бүрхэвчинд хиамаа савлаж, хэрэглэгчид хүргэж байна.

Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн:“Талх чихэр” ХК-ийн “Аяны боорцог”. Чаналгын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, 10 гаруй нэр төрлийн чанамал бүтээгдэхүүн

Аяны боорцог

үйлдвэрлэх боломжтой Итали Улсын иж бүрэн автомат шугамыг Монголд анх удаа суурилуулж ашиглалтанд оруулсан. “Аяны боорцог” нь тос шүүгчтэй онцгой технологиор үйлдвэрлэсэн тул тосны бохирдлын хэмжээг 60% бууруулж, хадгалалт удаан, амт чанараа удаан хугацаанд алддаггүй тул аян замын хүнс болгон хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Шилдэг ундаа, исгэлтийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн: “Жем Хужирт” ХХК-ийн “Хужирт байгалийн эрдэст ус”. 2013 онд Европ стандартын шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулж, эко шилэн савлагааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Хужирт цэвэр усыг үйлдвэрлэхдээ олон давхар шүүлтүүрээр шүүгээгүй, цэвэршүүлэх зориулалтаар хлоржуулаагүй, бүтцийг нь алдагдуулалгүйгээр савладаг тул хүнд хэрэгтэй зөв бүтэц бүхий ус бөгөөд эрдсийн дутагдлаас хамгаалдаг байна.

Шилдэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн: “Живэртийн оргил” ХХК-ийн “Шар доктор байгалийн  чацарганы шүүс” бэлгийн багц. 2011 онд 5 тн чацаргана боловсруулах хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтанд оруулсан бөгөөд Шар доктор брендийг үйлдвэрлэхэд үйлдвэрийн аргаар шахсан чацарганы тостой цэвэр шүүсийг ашигладаг. 2012 оноос Япон улсад экспортлохоор үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, туршилт судалгаануудыг хийж байна. “Шар доктор байгалийн  чацарганы шүүс” нь эко сав, баглаа боодлын шинэлэг, онцлог шийдлийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд хог хаягдлыг багасгах, эко үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдгээрээ онцлогтой юм.

“Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл:

 1)Хэнтий аймгийн Батширээт сумын  “Ононгийн сүү” ХХК-ийн “Мойлтой цөцгий”. Ононгийн сүү компани нь 2008 оноос үнээний цэвэр сүүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд 2014 оны 9 сарын байдлаар 20 сая төгрөгний ашигтай ажилласан байна. Мойлтой цөцгий брендийг 2013 оноос нутгийн үнээний цэвэр сүүнээс цөцгийг гарган авч бэлтгэн, байгалийн зэрлэг мойл жимсийг химийн нэмэлт орцгүйгээр  нэмж үйлдвэрлэдэг байна.

 2)Завхан аймгийн Улиастай сумын “Завхан баялаг” ХК-ийн  “Завхан органик цай”. “Завхан баялаг” компани нь  төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж байгалийн гаралтай цай үйлдвэрлэсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болоод байна.

“Органик Монгол” хөтөлбөрөөс шалгаруулдаг “Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр Хөвсгөл аймгийн “Их тайга” ХХК, Завхан аймгийн “Завхан баялаг” ХК, Сэлэнгэ аймгийн “Мон Апи” ХХК, Нийслэлийн “Ган тамга” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг тус тус шалгаруулав.