Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийг өргөн барилаа.
Хүний эрүүл мэнд болон хүнс хоорондын хамаарлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд “зохицуулах үйлчлэлтэй” гэсэн тодотголтой шинэ нэр төрлийн хүнс бий болж байна. Дэлхий дахинаа энэ төрлийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2017 онд дэлхийн хэмжээнд “зохицуулах үйлчлэлтэй” хүнсний борлуулалт 147 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ үзүүлэлт 2024 он гэхэд 253 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг олон улсын судалгаануудад дурдсан байна.
Манай улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар болон хоол боловсруулах тогтолцооны өвчин зонхилох болж, статистик мэдээгээр 2016 онд нас баралтын шалтгааны 66.4 хувийг эдгээр халдварт бус өвчин эзэлжээ. Манай улсад энэ төрлийн хүнсийг тодорхой хэмжээгээр импортолж, дотоодын үйлдвэрүүд зохицуулах үйлчлэл бүхий хүнсний чиглэлээр судалгаа хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа. Гэвч тухайн хүнс хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулсан байдал нь харилцан адилгүй байна.
Түүнчлэн “зохицуулах үйлчлэлтэй хүнс” гэсэн нэр томьёог албан ёсоор тайлбарласан, уг хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас нэг талаас хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх, эдийн засгийн хувьд хохирох, нөгөө талаас үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой тодорхойгүй байдал, хүндрэл чирэгдэл бий болох нөхцөл, шалтгаан болж байна.
Иймд зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.
Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn