"Халзан бүрэгтэй"-н үйл ажиллагааг сэргээсэн эсэх асуудлаар салбарын сайдад асуулга тавилаа
Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй нэрт газарт 6911А, Ар хүрэн нэрт газарт 12335А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголиан нэйшнл рийр ийрт корп" ХХК- ний үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тухайн үед Ерөнхий сайд газар дээр нь очиж, нутгийн иргэдтэй уулзсаны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргасан.
Ингэхдээ "Орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн, "Халзан бүрэгтэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг шийдвэрлэх"-ээр Монгол Улсын Засгийн газар шийдсэнийг тухайн үеийн салбарын сайд Ж.Ганбаатар нийтэд мэдэгдэж байсан.
Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг нутгийн иргэдтэй уулзах үеэр
Гэтэл сүүлийн өдрүүдэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ховд аймаг, Завхан аймаг, Говь-Алтай аймгийн иргэдийн эрүүл мэнд, мал амьтан, байгалийн эко системд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй тус төслийн үйл ажиллагааг сэргээх бодлого баримтлах болсныг Ховд аймгийн Мянгад сумын иргэд төдийгүй Ховд аймаг, Баруун бүс иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа тухай санал, гомдол тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Мэндсайханд удаа дараа ирэх болжээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүн нийт ард түмний элч, төлөөлөгч байх үүргийнхээ дагуу болон хуулийн хүрээнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд асуулга тавилаа.
Халзан бүрэгтэй уулын орд бүхий газар нь Ховд голоос 8 км, Хар ус нуураас 19 км, Буянт голоос 20 км, Мянгад сумын төвөөс 19 км зайд оршдог тул тус ордоос цацрагийн идэвхт бүхий бодис алдагдсан тохиолдолд Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуурын ай саваар нутаглаж байгаа Ховд аймаг, Завхан аймаг, Говь- Алтай аймгийн иргэдийн эрүүл мэнд, мал амьтан, байгалийн эко системийг алдагдуулах эрсдэлтэй юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn