2023.11.02

Ш.Адьшаа: Газар олгохтой холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр гаргасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

2024 оны төсөв өргөн барьсантай холбогдуулж хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн байна. Энэ тухай ашигт малтмал болон газрын тухай хуулийн асуудлаар хариуцсан сайд нараас тодруулах зүйл байна. Ноднин Улсын төсвийн дагалдах хуулийг хэлэлцэх үед ашигт малтмалын тухай хуульд хулгайн заалт оруулсан. Ард иргэдийнхээ эрхийг боомилсон, авлига өөхшүүлсэн хуулийг батлуулсан. Одоо тус хуульд ямар өөрчлөлт оруулж ирэх вэ?

Дээрээс нь газрын тухай хуульд ямар өөрчлөлт оруулж ирэх юм. Засгийн газраас газрын тухай хууль дээр ямар заалт оруулах юм. Газартай холбоотой асуудлыг нэг, хоёрхон сарын хугацаанд яриад шийдэх асуудал мөн үү. Монголын хамгийн эмзэг цэг, дээрээс нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү дээ. Үүн дээр нээлттэй хэлэлцүүлэг хиймээр байна. Газар олгохтой холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Газрын тухай хуульдаа эхэлж өөрчлөлт оруулчхаад газар олгодог этгээдийнхээ эрхийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Газартай холбоотой асуудал чинь хүний амьдралтай холбоотой асуудал. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.

Түүний асуултад, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан