ХХАА-н салбарт хэрэгжүүлэх бодлогыг уялдуулах талаар хэлэлцэв
2016.01.21

ХХАА-н салбарт хэрэгжүүлэх бодлогыг уялдуулах талаар хэлэлцэв

“Чингис” зочид буудалд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх бодлого” сэдэвт оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт болов.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд талуудын оролцоог тодорхой болгох, хамтын ажиллагааг уялдуулах зорилготой юм.

Төрөөс, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сарын 26-нд баталсантай холбогдуулан ХХААЯ, Дэлхийн банк групп, НҮБ-ын Монгол Улс дахь ХХАА-н байгууллагаас хамтран олон улсын байгууллагуудын энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад манай улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдууд, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын суурин төлөөлөгч, JICA, KOICA, ADRA зэрэг гадаад түншлэлийн байгууллага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.

Тус уулзалтаар хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн талаар баримталж байгаа төрийн бодлого, өнөөгийн төлөв, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг танилцуулж, илтгэл тавьсан юм. Мөн “МАА, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт”, “Газар тариалан, таримал ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт” гэсэн хоёр сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлж гадаадын түншлэгч байгууллагуудын үүрэг оролцоог тодорхойлно.

ХХАА-н хөгжлийн талаар баримталж байгаа төрийн бодлогын талаар танилцуулж, ногоон хөгжлийн бодлогод ХХАА-н салбарын асуудал болон аж үйлдвэрийн бодлогод ХХАА-н боловсруулах үйлдвэрийн асуудал гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Мөн “ХХАА-н салбарын улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын байдал, цаашдын чиг хандлага”, “Салбарын өнөөгийн байдал, бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл төлөвлөгөөний чиглэл”, “ХХАА-н салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй гадаадын төсөл, хамтын ажиллагааны хөтөлбөр, цаашдын чиг хандлага” зэрэг илтгэлийг сонордуулна.

Уулзалтын төгсгөлд “ХХАА-н салбарын бодлогын хэрэгжилтийг хангахад талуудын үүрэг, оролцоо” хэлэлцүүлгийг 2 сэдвийн хүрээнд өрнүүлж, улмаар хамтарсан дүгнэлт гаргах юм.