Уйлах ч завгүй эмэгтэй
Ах эгчийнхээ дөрвөн өнчин хүүхдийг өөрийн хүүхдүүдээс ялгалгүй хайраар дутаалгүй өсгөж, хоёр айлын амьдралыг айлын дайтай авж яваа энэ мундаг бүсгүйг Д.Нямдолгор гэдэг.
Тэрээр 46 настай. Эх баригч, бага эмч мэргэжилтэй. Оюутан байхад нь төрсөн эгч ах хоёр нь таван сарын зайтай нас барж, дөрвөн хүүхэд нь өнчирсөн гэдэг. Тухайн үед ээж аав нь далан настай настай байсан учир бүх үүрэг бээлийн чинээхэн Нямдолгорт оногджээ. Дөрвөн хүүхдийн хамгийн том нь зургаан настай, бага нь өлгийтэй байж.
Тэр үед түүний толгойд яаж энэ олон хүнийг тэжээх вэ гэдэг бодол эргэлдэж байлаа. Мөнгө олох гэж олон янзаар үзэж. Бурхан болоочдын зургийг зурж, Гандангийн үүдэнд бурханы зургаа зарна. Ингээд сувилагчаар найман жил ажиллаад хувийн компанид хүүхэлдэй урлаж сурав. Хэсэг ажиллаж байгаад хувиараа модон хүүхэлдэй хийж эхэллээ. Цаасан шуумлаар Баяннамсрай, Улаанжамсран бүрханыг бүтээсэн байгаа юм. Ажил нь түүнд урам өгч, сэтгэлийг нь тайвшруулж, өдий зэрэгт хүргэжээ.
Үндэсний хувцастай модон хүүхэлдэйгээ том хар цүнхэнд хийгээд л хөлийн улаа эргэтэл жуулчдын гудамж, Их дэлгүүр хавиар зогсоно. Хэд хоног борлогдохгүй хоосон буцаж ирсэн ч ерөөсөө шантарсангүй. Нүдэнд нь нөгөө хэдэн хүүхэд харагдана. Түүнд үнэндээ уйлах, уйдах цаг зав байсангүй.
Ингээд нэг л мэдэхэд мэргэжлийн хүний түвшинд хүртэл хүүхэлдэйгээ урлах болж, нэлээн олон дэлгүүртэй түншийн харилцаа тогтоож, бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв. 1994 онд цамын маск хийгээд 400 мянган төгрөгний хөлс авч, гэртээ шуудай дүүрэн мөнгөтэй ирж, магнайгаа хагартал баярлажээ.
Тэрээр хүүхэлдэй урлахын зэрэгцээ жолооны курст сурч, таван жил “халтууранд” явжээ. Бас болоогүй чиргүүлтэй гуч машин барьж Налайх руу нүүрсэнд хүртэл явав.
Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх дуртай бөгөөд үндэсний хувцас дээл судалж, монголын түүхийн ном зохиол уншиж, музей үзнэ. Орчин үетэйгээ хөл нийлүүлж, цахим ертөнцөөр их аялна. Тэрээр өдгөө монголынхоо 18 үндэстэн ястны хүүхэлдэйг урласан болохоор нэг хээ, зураасын учир начрыг бүгдийг нь мэддэг.
Нэг ёсондоо соёлын өвийг тээгч гэсэн үг. Түүгээр зогсохгүй зөвхөн бүтээл урлагч бус санхүү, маркетингийн мэдлэгээ сайжруулж Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвийн сургалт, үзэсгэлэнд хамрагдана. Бусадтайгаа мэдээлэл солилцоно. Зөвлөлдөнө. Хашаа байшин хоёрынхоо дунд чимээгүй суухыг хүсэхгүй. Нийгэмтэйгээ идэвхтэй харилцаатай амьдарна. Сувилагч болохоор ойр хавийнхаа хүмүүсийн тариа, дуслыг хийчихнэ.
Одоо бол түүний бүтээлийг үнэлдэг хүмүүс олон бөгөөд байнгын захиалагч, түншүүдтэй болжээ. Оросын Буриад, Тува, Өвөрмонголоос хүмүүс холбогдож үндэснийхээ хүүхэлдэйг урлуулна. Тэрээр аль болох чанартай материалаар бүтээгдэхүүн хийж урладаг бөгөөд бүтээл бүртээ сэтгэлээ шингээдэг нь түүний давуу тал. Зөвхөн хүүхэлдэй гэлтгүй бурхан, морь урлана.
Түүний бараа борлогдохгүйн зовлон байхгүй. Зөвхөн жуулчид бус монгол хүмүүс гэрээ чимэх гэж их авна. Тэрээр сард хамгийн багадаа хоёроос гурван захиалгатай байдаг. Би Их дэлгүүр, Цэцэг төвтэй гэрээтэй ажилладаг. Дандаа жуулчдын явдаг газрууд. Жижиг дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулдаг.
Түүний бүтээл лангуун дээр тоос бололгүй маш хурдан зарагддаг ажээ. Бүх хүүхэлдэйндээ хайртай бөгөөд хамгийн гол нь хоёр багшдаа маш их баярлаж явдаг. Хүнд талархана гэдэг их чухал. Хэний хүчинд өдий зэрэгтэй яваа гэдгээ байнга бодох хэрэгтэй гэж тэрээр хэлсэн юм.
Тууштай хөдөлмөрч хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Хоёр охин нь хичээл номондоо сайн, зан ааш, ажлын тал дээр ярих юмгүй мундаг ажээ.
Түүний хоёр охин хичээл номдоо сайн бөгөөд цаг заваараа ээжийнхээ ажилд тусалдаг ажээ. Түүний нөхөр модны токарьчин бөгөөд модыг нь хүүхэлдэйн бэлэн бэлдэц болгож өгдөг аж. Бүтээгдэхүүн нь эрэлт ихтэй учир нөхөр нь ганцаараа модоо бэлдэж амждаггүй гэнэ. Автомат токарийн машин оруулж ирээд туслах ажилтантай болж бизнесээ өргөжүүлэхийг зорьж байгаа тухайгаа дурдлаа.
Түүний аав 90 настай буурай байдаг бөгөөд одоо ч тэр хоёр айлыг авч явахад захиалга ихтэй яаруу ажил хажуугаар нь тэр бүр амждаггүй, амжихгүй гээд буцаадаг гэж ний нуугүй ярилаа. Хүүхэлдэй хийх санасныг бодоход тийм ч хялбар ажил биш ажээ. Цагаан модыг чимэглэг будаж, төрөл бүрийн эсгүүрийн дагуу оёж наасан дээлээр хувцаслаж, Монгол дээлэнд байдаг бүх л гоёл чимэглэлийг тэр чигт нь оруулдаг тул цаг маш их ордог ажлыг ганцаараа хийх тун ч яггүй харагдлаа.
Энэ эмэгтэй амьдралд эд мөнгө, материаллаг зүйлийг шүтдэггүй бөгөөд хүн чанараа гээхгүй байх, бусдад харамгүй тусалж, цаашлаад түүх соёл, зан заншлаа сайн мэддэг байх хэрэгтэй гэж охиддоо сургадаг аж. Түүний ээж хөгжлийн бэрхшээлтэй охиноо бага хүүхэд гэлгүй шийдвэр гаргуулж, саналыг нь сонсож, бага багаар амьдралд сургаж, бэрхшээлийг шантралгүй давах ухаан суулгажээ.
Харин түүний аав Гандан болон Дашчойлон хийдэд насаараа мужаанаар ажилласан, гарын дүйтэй нэгэн. Гандан хийдэд байрлах Мэгжид Жанрайсаг бурхны амин мод (каракас)-ыг түүний аав
О. Дорлиг гуай бүтээжээ.
Тэрээр хоёр охиныхоо мэдлэг боловсролд маш их анхаардаг бөгөөд оюунд нь хөрөнгө оруулалт хийхийг зорьдог аж.
Бидний ярианы төгсгөлд тэрээр хоёр охиндоо 108 цамын дүрийг бүтээж өгөхийг хүсдэг гэж ярилаа.