Эмээлтэй хүний эрэмгий амьдрал
"Хоёр сая төгрөгийн цалинтай ажил санал болгосон ч би энэ ажлаа орхиж чадахгүй"
2015.02.09

Эмээлтэй хүний эрэмгий амьдрал

“Хэн их хөдөлмөрлөнө, тэр хүнд аз жаргал үүдээ нээнэ” гэсэн үг байдаг. Аз жаргал, амжилтын оргилд тэмүүлж яваа энэ бүсгүйг Нэргүйн Өлзийхишиг гэнэ. Мэргэжлийн ажлаа орхиж нөхрийн хамт өрхийн үйлдвэрлэл эрхлэх болоод бараг дөрвөн жил болж байна. Тэр сүлжигч, оёдолчин мэргэжлээрээ улсын болон хувийн компаниудад 10 гаруй жил ажилласан ч цалингаас цалингийн хооронд амьдрахыг хүссэнгүй. Гарын уртай аавыгаа дагаж нэлээд олон жил эмээл урлах эрдэмд суралцаж, энэ чадвараа хувийн бизнесээ болгохоор шийджээ.

Өлзийхишигийн хийдэг эмээл бол гоёлын монгол эмээл биш, зөвхөн өдөр тутмын хэрэглээнд зориулсан, авсаархан, энгийн хийцтэй европ маягийн эмээл юм. Энэ төрлийн эмээл нь монгол эмээлийг бодвол өртөг багатай.  Гэхдээ энгийн хийцтэй гэхээр амархан хийчихдэг гэсэн үг биш. Европ эмээлийг бие даан хийдэг болохын тулд олон жил хэрэгтэй. Үндсэн түүхий эд нь мод, төмөр, арьс шир. Нэг эмээл хийхийн тулд эхлээд 24 ширхэг деталь хэсгийг зорж, харуулдаж, гагнаж, оёж, нааж бэлдэнэ. Бүх үе шатыг гараар гүйцэтгэдэг учраас ихээхэн тэсвэр тэвчээр, авьяас чадвар шаардсан ажил юм. 

Өлзийхишиг гэр бүлийн хүний хамт энэ бүх ажлаа зөвхөн гэрийн нөхцөлд, Чингэлтэйн 17-р хороонд байрлах хашаандаа хийдэг. Туслах хоёр ажилчинтай. Тэдний ажил эмээл ихээр борлодог үе буюу 4-9 дүгээр саруудын хооронд эрс ихэсч үүрийн гэгээнээс үдшийн бүрийн хүртэл ажиллахаас өөр аргагүй болдог. Голдуу өглөөний зургаагаас шөнийн нэг, хоёр хүртэл сууна.  Ийм ачаалалтай үед 7 хоногт 50-60, сардаа 240-310  эмээл хийх нь энүүхэнд.

Тусдаа хийгээд удаагүй учраас одоохондоо тэдэнд эмээлээ хийх дулаан байр, тоног төхөөрөмж байхгүй. Өвөл нь эмээлийн бэлдэцүүдээ гадаа хийдэг. Мэдээж гэртээ байнга мод харуулдаад, төмөр гагнаад, цавуу үнэртүүлээд байх боломжгүй. Гадаа ажиллахаар даарна, багажнууд царцана, хугарна гээд асуудал мундахгүй.  Жинхэнэ хатуужилтай хүний л хийх ажил.

Тэдний урласан эмээл хэдэн мянгаар тоологдоно

Тиймээс тэд энэ жил байр, тоног төхөөрөмжийн мөнгөтэй болохын тулд зээл хөөцөлдөж дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 10 гаруй сая төгрөгийн зээл авчээ.  Энэ мөнгөөрөө ямартаа ч 4 сар гарахаас өмнө ажлын байр барихаар төлөвлөж байна. Ажлын байртай болчихвол өвөл нь даарч хөрөлгүй бүх бэлдэцүүдээ хийчихээд дулаан цагт нь угсарчихна.

Тэдний эмээлийг авдаг гол хүмүүс бол Нарантуул захын хэсэг худалдаачид. Тэр хоёрын ажил чухамдаа эдгээр худалдаачны захиалсан эмээлийг хийхэд чиглэдэг. Европ эмээл эрэлт ихтэй учраас борлохгүй байхын зовлонгүй. Өлзийхишигийн гэр бүл аав ээжтэйгээ нийлж хийгээд ч захынхныг эмээлээр бүрэн хангаж чаддаггүй аж. Тиймдээ ч зарим үед захын борлуулагчид “надад өгсөнгүй” гэж  барьцах тохиолдол гарна. Зарим нь өрсөж авахын тулд өглөө ирж мөнгөө тавьчихаад яваад өгнө.

Хэрвээ байраа барьчихаад, тоног төхөөрөмжөө суурилуулаад, ахиад хоёр хүн нэмж аваад ажиллуулчихвал захынханд хүссэн тоогоор нь эмээл хийж өгнө дөө гэж Өлзийхишиг ярилаа. Үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэдэг бол тэдний хамгийн эхний зорилт.  Одооныхоосоо олон эмээл хийдэг болчихвол ашиг орлого ч нэмэгдэж, түүгээрээ ч ажил амьдрал дээшилнэ гэж хүлээж байна.

Өлзийхишиг хүүхэд байхаасаа гэрийн ажилд махруу, шаргуу байсан гэж ээж нь ярилаа. Нэг эхлүүлсэн зүйлээ заавал эцсийг нь үзэж байж санаа нь амардаг. Чухам энэ чанар нь түүний одоо эрхэлж буй ажлыг урагшлуулах гол хүч юм. Өлзийхишигт бизнесийн ухааны өндөр мэдлэг байхгүй. Гэхдээ тэр бие даасан амьдралд хөл тавьсан цагаасаа хүн хамгийн гол нь шударгаар хөдөлмөрлөж, тэвчээртэй байвал хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрдэг гэдгийг хатуу ойлгожээ.

Нөхөр Бартогтохын хамт

Түүнээс гадна энэ бүсгүйд жинхэнэ бизнесмен хүний нэг чухал чанар бий. Өрхийн үйлдвэрлэл гэдгийг тэр зөвхөн нэг гэр бүлийн ашиг орлогыг нэмэх ажил биш гэж үздэг. Бизнесээ өргөжүүлчихвэл доор нь ажиллаж байгаа хүмүүсийн амьдралд ч бас тустай. Тэдний цаана хэд хэдэн гэр бүл байдаг учраас үйлдвэрлэлдээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй гэлээ.  Эмээлийг нь авч Нарантуул дээр зардаг хүмүүсийн амьдралд ч нөлөөлнө. Түүнчлэн бизнес гэдгийг зөвхөн эдийн засгийн байдлаа сайжруулах гэсэн явцуу утгаар ойлгодоггүй. Өлзийхишигийн хувьд өөрийн гэсэн хийх ажилтай, завгүй байх шиг сайхан зүйл үгүй. Бие эрүүл  саруул, сэтгэл санаа хүртэл өөдрөг, өвлийн цагт эмээлийн хэрэгцээ багассан үед нэг л өдөр ажилгүй суувал маш хэцүү санагддаг гэж ярилаа.

Өлзийхишиг өөрийн шаргуу зандаа хөтлөгдөж, шөнө дөл болтол ажиллахдаа хүүхдүүдээсээ зэмлэл сонсох нь бий. Том охин нь нэг биш удаа хүүхдээсээ илүү ажилдаа анхаарал тавьдаг гэж зэмлэж байв.

“Хэрэв таньд хоёр сая төгрөгийн цалинтай ажил санал болговол та тэр ажилд орох уу” гэж асуухад “би нэгэнт энэ бизнесийг эхлүүлсэн учраас эмээлээ хэзээ ч орхихгүй” гэж хариулав. Энэ үгнээс түүний үнэхээр зорилгодоо тууштай хүн гэдэг нь харагдаж байв.

Монголын бизнесийн салбарт өрхийн үйлдвэрлэлээс том зах зээлд гарч амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Өлзийхишиг тэдний дундаас “Жаргал кашмер”-ийн захирал Лхагважав гэдэг эмэгтэйг хүндэлж, үлгэр жишээ болгодог.  Лхагважав нь анх 1990-иэд онд гэр хороололд бага насны хүүхэдтэйгээ өрх толгойлж амьдардаг байжээ. Харин одоо ноос, ноолууран бүтээгдэхүүний олон дэлгүүртэй, олон ажилчинтай, компаний захирал хүн болсон байна. Энэ хүний ажилчидтайгаа хэрхэн харилцаж, тэдний төлөө санаа тавьдаг нь манай хөрөг найрууллын баатарт маань хамгийн их таалагддаг.

Амьдрал болохгүй, бүтэхгүй байна, улсаас халамж өгөх хэрэгтэй гэж гомдол тоочдоггүй, ар өврийн хаалга, танил талаа ашиглаж хялбар аргаар амьдрахыг хүсдэггүй, өөрийн хүчээр амжилтанд тэмүүлж яваа энгийн хэрнээ хөдөлмөрч энэ гэр бүлтэй ярилцаад гарахад Монголын гэр бүл болгон ийм байгаасай гэсэн бодол төрж байв.

Мэдээж Өлзийхишигийн гэр бүлийн өрхийн үйлдвэрлэл зөвхөн Нарантуулын борлуулагчдаар хязгаарлагдахгүй. Өөрийн гэсэн эмээлийн үйлдвэртэй болсон цагт том зах зээл хүлээж байна. Монголын өнцөг булан бүрт амьдрах олон мянган малчин өрхөд боломжийн үнэтэй, эдэлгээ даах эмээл юунаас ч илүү хэрэгтэй.