Н.Дарьдулам: “Happy”ажилтнаас “Happy”хэрэглэгч үүснэ
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжих асуудлыг хөндлөө. Бид энэ удаад “Зиг заг групп”-ын хүний нөөцийн захирал Н.Дарьдуламын хувь хүний “Амжилтын түүх”-ээс хуваалцлаа.
Тэрээр оёдолчин, эдийн засагч мэргэжилтэй. Зиг заг группын хамгийн анхны бизнес болох автомашины суудлын бүрээсийг гардан оёж байсан хүн юм.
-Яагаад бүрээс хийдэг болсон бэ, юунаас эхэлсэн бэ?
1997 онд анх нөхөртэйгөө подволь түрээслээд бүрээс хийж эхэлсэн. Тухайн үед Засгийн газрын баазад л ганцхан бүрээс хийдэг байсан.
-Яагаад заавал бүрээс гэж?
Тухайн үед машин ч цөөхөн, дөнгөж л орж ирж байсан үе. Тэр үед бодсон л доо. Яагаад хүн ийм гоё хувцас өмсч байхад машины суудлууд нь гоё байж болдоггүй юм гээд бүрээс хийж эхэлсэн.
Манай гэр бүлийн хүн борлуулалтын менежерээр ажилладаг, бас давхар сургуульд сурч байсан. Хүүхдийг маань аав ээж харж өгнө.
-Тухайн үед өрхийн хэмжээнд үйлдвэрлэдэг байсан. Үйлдвэрлэгч хүн бүх зүйлээ өөрөө хийдэг шүү дээ. Эргээд бодоход алдаа оноотой зүйл байсан байх?
Тэр үед бид хоёр мөнгө олоод л амьжиргаагаа залгуулья гэсэн бодолтой байсан. Гэхдээ ямар ч гэсэн чин сэтгэлээсээ чанартай бүтээгдэхүүн хийхийг бодно. Мөнгөн хуримтлал үүсгэхийг мэддэггүй. Жижиг үйлдвэрлэлээ яаж цааш нь хөгжүүлэх вэ, ирээдүйд яах вэ гэдгээ төлөвлөдөггүй байсан.
Яг л өдөр тутмынхаа ажилд л дарагдаад, хүн орж ирвэл хийгээд, орж ирэхгүй бол суугаад л байж байдаг. Тиймээс нэг их том алсын хараа хэтийн зорилго гэхээсээ өмнө эхлээд яг өөрийнхөө чадах хугацаагаар 7,14 хоног сар, гэх мэтээр яг өөрийнхөөрөө төлөвлөөд явах нь маш чухал хэрэгтэй.
-Тэгэхээр подволиос эхэлсэн бизнес хэрхэн өнөөдрийн түвшинд групп болтлоо хөгжиж чадсан юм бэ. Яг л өрхийн үйлдвэрлэлээс томорсон байна шүү дээ?
Бид хоёр подволь түрээслэдэг байхад одоогийн группын ерөнхийлөгч Д.Зоригоо захирал маань бид хоёртой танилцаад, бизнесээ өргөжүүлж, хамтрах санал тавьж байсан.
Тухайн үед тэр хүний саналыг хүлээж авах нь их эрсдэлтэй алхам байсан. Уг нь бас бид хоёр тэрүүхэн тэндээ боссууд шүү дээ. Тэгээд л ерөөсөө хүлээж авахаар шийдсэн.
Хүн амьдралынхаа туршид байнгын сонголттой нүүр учирдаг. Бид хоёр сонголтоо хийсэн. Тэгээд л анх 1998 оны 5 сарын 23-нд “Зиг заг” компаниа байгуулж, нэг захирал, нэг борлуулагч, нэг нягтлан, нэг оёдолчинтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж билээ. Оёдолчин нь би. Эсгүүрээ өөрөө хийнэ. Одоо Улаанбаатар их дэлгүүрийн хажууд оёдлын жижигхэн газар түрээслээд ажилласан.
-Өрхийн үйлдвэрлэгч байхдаа анхны захиалгаа хэрхэн авч байсан бэ?
Их инээдтэй. Спорт загварын машиных байсан. Спорт загвар их хэцүү. Түшлэг нь их өөр учраас хэлбэрийг нь гоё гаргалгүй, үрчийлгээд хаячихсан. Нөгөө хүндээ мөнгийг нь буцааж өгч байсан. Гэхдээ тэр хүн маань манай хамгийн сайн хэрэглэгч болсон юм шүү. Тэгээд л янз бүрийн машин хийгээд эхэлсэн.
Тухайн үед сайхан загвар гэхээс илүү машинд нь таарсан бүрээс хийх нь гол ажил байсан. Загвар чухал биш байсан. Хоёр гурван жилийн дараа бүх бүрээс машиндаа таараад ирэхээр загвар луугаа шилжиж, анхаарч эхэлсэн. Компаниа байгуулсанаас хоёр сарын дараа 100 дахь захиалгаа аваад бөөн баяр болж билээ. Одоо бол давхардсан тоогоор 120 мянган захиалга аваад байгаа.
Зөвхөн бүрээсээ хийгээд явсан бол өдийд ямар болохыг мэдэхгүй. Тухайн үед захирал маань хэрэглэгчээ их сонсдог байсан болохоор өнөөдрийн олон салбар бизнес амжилттай яваа нь үүнтэй холбоотой. Бүрээсээ хийчихээд угаалга хэрэгтэй учир угаалгыг гаргаж ирсэн.
Нэгэнт бүрээс тавьж байгаа юм чинь яагаад үнэртэгч тавьж болохгүй гэж гээд машины бараа оруулж ирэх болсон. Аливаа зүйл их сонин. Нэг нь нөгөөгөөс ургадаг юм билээ. Заяаны хань зам дээр гэдэг шиг сэтгэлээсээ бүтээгдэхүүнээ хийж байхад чинь хөрөнгө оруулагч хүртэл хардаг юм уу гэж боддог.
-Ямар ч гэрэл байхгүй ч гэсэн өөдөө тэмүүлэх хүч чадлыг та хэрхэн олж авсан бэ. Амжилт яаж ирдэг юм бол?
Аливаа зорьсон, хийж байгаа ажилдаа тууштай байх хэрэгтэй. Өдөр шөнөгүй юм оёод суухаасаа хэзээ ч хальширч байгаагүй. Тэр үед ганцаараа оёх, цалин мөнгө чухал биш байсан. Хүн амьдралдаа тасралтгүй суралцдаг. 1999 онд байгууллагын аварга болохдоо шагнуулсан индүү манай гэрт 15 жил болсон. 15 жил ашигласан. Их дурсгалтай байдаг.
-Одоо өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд хандаж та яг юуг хэлмээр байна вэ?
Манай монголчууд их хөдөлмөрч хүмүүс. Гэр бүлээрээ бизнес эрхэлж байгаа. Гэхдээ жижиг үйлдвэрчлэгчдийн Үйлдвэрлэгчид миний харж байгаагаар бүх зүйлийг өөрөө л хийх гэж оролдож байгаад алдаж байх шиг санагддаг.
Өөр хүнтэй хамтарч үйлдвэрлэл, бизнесээ томруулахад их хойрго байх шиг санагддаг. Уг нь миний хийж чадахгүйг тэр хүн надаас илүү чадах учраас бие биентэйгээ хамтарч хоршиж байж хөгжинө. Жижигхэн байхдаа бүхнийг өөрөө хийх гээд зүтгэдэг нь Нэг зүйл рүүгээ төвлөрч түүнийгээ хөгжүүлэхэд нь саад болдог гэж би боддог.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү махруу, шаргуу байдаг. Нэг зүйлээ харвал тийшээ чиглээд явдаг. Их үнэнч. Тэгэхээр амжилтад хүрэх магадлал өндөр. Манай группт эмэгтэй гурван захирал байдаг.
-Автомашины суудлын бүрээсийн үйлдвэрлэл гэдэг Бизнес, ашигт ажиллагааны талаасаа тэгэж их сонирхол татаж чаддаг гэж үү?
-/инээмсэглэв/ Олон асуудаг асуулт. 25000 төгрөгийн суудлын бүрээсийг 1 хүн 24 цаг оёдог байсан гээд боддоо. Өнөөдрийн ханшид хувиргаад, эсрэгээр нь ажиллах хүч, материалын зардал, урсгал зардлаа тооцвол хэний ч сонирхох бизнес биш байсан. Өрхийн бизнес байгаад байвал болох л байх. Одоо ч гэсэн жижиг цехүүд ажилласаар байна. Эд маань нийлж, нэгдэж хэн хэнийхээ дутууг нөхөж, чаддаг чаддагаа сайн хийгээд хамтран ажиллавал амжилт ирнэ дээ.
-Зиг Заг бүрээс оёдолын цехээс групп болон хөгжсөний зангилаа нь хаанаа юунд байна вэ?
-Жижиг оёдолын цехийг Төрийн зохицуулалт, дэмжлэг, зээл тусламж гэлгүйгээр өөрөөр нь хөгжүүлж болдог гэдгийг баталсандаа Зиг Заг группын үнэ цэнэ оршдог.
Бүрээс авч байгаа хүндээ яагаад нэг үнэртэгч санал болгож болохгүй гэж, нэгэнт манайхыг гээд зориод ирэхэд автомашиных нь тоноглол, дохиолол нь байвал үйлчлүүлэгчид маань амар юм биш үү? Хэн юу хүсэж байна тэр хүслийг нь санаанд нь хүртэл биелүүлэхэд л дараагийн зам нь өөрөө нээгддэг юм шигээ.
-Зиг Заг бүрээсийн ирээдүйг та яаж төсөөлж байна.
Би бүрээсийнхээ шууд удирдлагад хамаарахгүй байгаа. Группын хэмжээнд Хүний нөөцийн албыг удирдаж байгаа.
Зиг Заг бүрээсийн үнэт зүйл гол зорилго нь АВТОМАШИНДАХЬ ХҮСЭМЖИТ ОРЧИНГ СУУДЛЫН БҮРЭЭСЭЭР БҮРДҮҮЛНЭ... гэдэг үнэт зүйлтэй. Үүнийгээ л бид зуу зуун жил баримталж ажиллана.
Харин ирээдүйн хувьд Зиг Заг бүрээс Дэлхийд гарна. Ингэснээр оёмол бүтээгдэхүүнээр хөгжиж болдог юм байна гэдэг жишигээ дахин бататгана гэж бодож байгаа. Хүсэл биелэж, зорилго хэрэгжихэд төрөх мэдрэмжийг олон чадварлаг бизнес эрхлэгчид мэдэх байхаа.
-Та 1998 онд бүрээсээ оёод зогсож байхдаа 2015 оны талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
Ямар нэгэн ажил гүйцэтгэхэд төгсгөлөө түрүүлж харах хэрэгтэй байдаг. Оёдолчин гэдэг бол миний гарт байгаа баялаг. Зиг Заг групп байгуулагдахаас өмнө Автомашины суудлын бүрээсийг түрээсийн байранд оёж зардаг байсан.
Тухайн үед залуу, амьдрал эхлэж байсан болохоор өнөөдрийг төсөөлөх чадамж байгаагүй. Зиг Заг группын ерөнхийлөгч Д.Зоригоотой таарч Зиг Заг Бүрээс ХХК байгуулагдахад Суудлын бүрээсээр баялаг бүтээж болох юм байна гэдгийг олж харсан. Удирдагчийн чадвар, хамт олны итгэл л намайг өнөөдөр энд байлгаж байгаа шүү.
- Үүнд би болон манай хамт олон бүрэн итгэлтэй байдаг. Хаашаа, яах гэж яваагаа ойлгож байгаа энэ том багийн хурд, хүч гэдэг гайхалтай.
Манай баг 2008 онд Автомашины суудлын бүрээс үйлдвэрлэх стандартыг Монголд гаргаж баталгаажуулж байсан бол “2015 онд Зиг Заг бүрээсэнд автомашины ослын дэр /air bag/ ажиллах боломжтой технологийг нэвтрүүлнэ” гэсэн том амбийцийн төлөө зүтгэж байна.
Үүнийг биелүүлэхийн тулд Оюуны өмчийн газар, Стандарт хэмжил зүйн газаруудтай хамтарч туршилт хийж баталгаажуулна.