Л.Эрдэнэчимэг: Зээлийн хугацааг ядахдаа таван жил болгох хэрэгтэй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжих асуудлыг хөндлөө. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Монголд өрхийн үйлдвэрлэл эрхлэж байгаа олон арван мянган өрх гэр байна. Тэдгээрийн нилээд хэсгийг өрх толгойлсон эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Эдгээр хүмүүст бодлогын хүрээнд хэрхэн дэмжлэг үзүүлж болох вэ ?
Одоогоор энэ чиглэл рүү баримталсан бодлого нэг ч байхгүй. Түүнчлэн Нийгмийн хангамжийн чиглэлээр ямар ч арга хэмжээ авахгүй байна. Гэтэл нийт гэр бүлийн 11 хувь нь өрх толгойлсон эхчүүд буюу 80 гаруй мянга нь эмэгтэйчүүд байдаг. Тэдний хувьд ядаж хүүхдийнхээ эцэгээс ч холбогдох зардлаа авч чаддаггүй.
Энэ талаарх хуулийн заалт манайд байдаггүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хамгийн муу биелэлттэй хэсэг нь эцэгээс нь хүүхдийнх нь мөнгийг гаргуулах тухай асуудал байдаг. Тэгэхээр ээж нар л өөрийн нуруун дээр хүүхдээ өсгөдөг.
Гэтэл хүүхдээ өсгөхийн хажуугаар ажил хийж, өрх гэрээ санхүүгийн хувьд авч явна гэдэг хэцүү л дээ. Ихэнх нь өөрийнхөө хувийн секторт буюу зах дээр зогсох зэргээр жижиг, дунд үйлчилгээний салбарт ажилладаг.
-Мэдээж эдгээр хүмүүс ажил хийхийн хажуугаар үр хүүхдийнхээ нийгмийн асуудлыг давхар хариуцдаг. Түүнчлэн орон байртай болох зэргээр олон асуудал гардаг л даа ?
Ер нь эдгээр хүмүүст хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь орон сууцны зээлэнд хамрагдах. Зээл авахын тулд хамтран зээлдэгч байх хэрэгтэй. Гэтэл хэрвээ та гэр бүлтэй бол зээлэнд хамрагдаж болно. Харин хамтран зээлдэгч байхгүй бол та байранд орж чадахгүй шүү гэдгийг улсаас шууд заагаад өгчихсөн.
Бизнес эрхэлж байгаа нөхцөлд бол барьцаа хөрөнгө болон хамтран амьдрагчгүй гэдэг шалтгаанаас үүдээд зээл олдоггүй. Гэтэл эсрэгээрээ эдгээр эмэгтэйчүүд амьдралаа авч явах ба нийгмийн хариуцлага хүлээх чадвар хамаагүй илүү нь судалгаагаар гарсан.
Ер нь судлаад үзвэл ихэнх эмэгтэйчүүд зээлээ төлж барагдуулсан байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт рүү жижиг дунд бизнесийг дэмжих мөнгийг нилээд зарцуулах ёстой.
-Яг энэ чиглэлээр бидэнд загвар болох гадаадын туршлага байгаа болов уу ?
Жишээлбэл гадаадад бол “Эмэгтэйчүүдийн банк” гэж байдаг. Уг банк нь жижиг дунд бизнес эрхэлж буй эмэгтэйчүүддээ маш олон тооны зээлүүдийг олгодог.
Тухайн банкны зээлдэгчдийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай байдаг. Тиймээс юун түрүүнд жижиг дунд бизнес эрхлэгч өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд Аж үйлдвэрийн яамнаас нилээд хөрөнгө мөнгийг зарцуулах нь зүйтэй.
-Ер нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд бизнесээ эхлэхэд санхүүгийн хувьд нилээд хүндрэлтэй байдаг. Банкны зээл гэхээр эргэн төлөх хугацаа нь богино хүү өндөртэй байдаг. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэг болох вэ ?
Энэ бол бүх л бизнес эрхлэгчдийн хувьд асуудал. Яагаад гэвэл маш богинохон буюу зургаан сарын хугацаатай өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл энэ зээлээр урд хөршөөс бараа зөөж, лангуу түрээслэхээс өөр юу ч хийж чадахгүй.
Ийм зээлийн хугацааг ядахдаа таван жил, жилийн 2-3 хувийн хүүтэй байх ёстой. Ингэж л бид гарааны бизнес эрхлэх системээ өөрчлөхгүй бол өнөөдрийн тогтолцоогоор бол ямар ч үйлдвэрлэл хэзээ ч монголд босохгүй.