Б.Одгэрэл: 25.000 аж ахуйн нэгжээс 3000 гаруйтай нь холбогдсон
Жижиг дунд үйлдвэрлэл
2015.02.16

Б.Одгэрэл: 25.000 аж ахуйн нэгжээс 3000 гаруйтай нь холбогдсон

“Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Одгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа

-Жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн Нэгжүүдэд нийслэлээс өнгөрсөн онд таван тэрбум төгрөгийн зээл олгох болсон. Үүнийг хэчнээн аж ахуйн нэгжид хуваарилсан бэ?

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрээр хангана гэсэн зорилт бий. Үүний дагуу нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 онд таван тэрбум төгрөгийн зээл өгөх болсон. Нэг аж ахуйн нэгж 30-500 сая төгрөгийг таван хувийн хүүтэй авч, эргэн төлөхөөс нэг жил чөлөөлөгдөж болно.

Үүгээрээ үйлдвэрлэл эрхлэгчдээ маш сайн дэмжсэн, үр дүнгээ өгөх боломжтой зээл юм. Технологийн шинэчлэлд л энэ мөнгийг зарцуулах ёстой. Эхний ээлжинд сүүний үйлдвэрүүдэд дөрвөн тэрбум төгрөгийг нь олгосон. 11 ферм, үүний дотор сүүний хоёр үйлдвэр зээл авах болсон.

Мөн жижиг, дунд 16 үйлдвэрт тэрбум гаруй төгрөгийн зээл өгсөн.Нийт 300 гаруй төсөл ирүүлснийг шат шатанд нь хянаж, шалгасны дүнд цөөхөн хэдэд нь өглөө. Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 25.000 орчим байгаа.

-Энэ онд нэмж зээл олгох уу?

Нийслэлийн энэ оны төсөвт 3-4 тэрбум төгрөг суулгасан.

-Дүүрэгт бүрт байдаг танай харьяа төвүүд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Үйлдвэрлэл эрхлэгчдийг бүтээгдэхүүнээ борлуулах хямд түрээстэй байраар хангадаг, сургалтад хамруулдаг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Баянгол, Хан-Уул дүүрэг дэх төвүүд ийм үйл ажиллагаа явуулах байргүй боловч сургалтын өрөөтэй.

Цаашид нийслэлийн ЗДТГ-т дахин төлөвлөлт хийж буй газарт ажлын хямд байр барих санал хүргүүлээд буй. Ер нь хүн бүр нэг байр барихаасаа илүү бодлогоор түрээсийн хямд байр барьж, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгох ёстой.

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгч 25.000 иргэн, аж ахуйн нэгж голдуу ямар үйлдвэрлэл эр- хэлж байгааг судалсан уу?

Сүүлийн гурван жилийн дотор манай төв 3353 үйлдвэртэй хамтран ажилласан байна. Дүүрэг хариуцсан мэргэжилтнүүд үйлдвэрүүд дээр нь очиж, судалгаа мэдээлэлдээ хамруулсан тоо нь энэ. Өнөөх 25.000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 3000 гаруйтай нь холбогдсон гэсэн үг. Үүнээс гадна аль дүүргийн аль хороонд ямар ямар үйлдвэр байна вэ гэсэн нарийвчилсан судалгаа хийсэн.

Эдгээрээс үзвэл манайд оёдол, нэхмэлийн үйлдвэр хамгийн олон байна. Мөн хүнсний, түүн дотор хиам, нарийн боовны үйлдвэр ч цөөнгүй. Нэг сайшаалтай тал нь манай жижиг, дунд үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд техник, технологио сайжруулж, бүтээгдэхүүнийхээ чанарт голлон анхаардаг болж, энэ хэрээр хөгжиж байна.

Хэрэглэгчийн шаардлага өндөрссөн учир ийм байдалд шилжихээс өөр аргагүй. Гэсэн ч үйлдвэрлэл эрхлэгчид эрсдэлтэй байдалд байна, байнга үйл ажиллагаа явуулж чадахгүй, улирлын чанар- тай ажилладаг. Эдийн засгийн хямрал болон бусад шалтгаанаас үүдэлтэйгээр “шигшигдэж”, хөгжих боломжгүй нь өдгөө хаалгаа барьж байна.

716