Д.Тунгалаг: Шантралгүй бага багаар зөөлөн алхаад явбал бизнесээ томруулж чадна
“Urban Jeans”ХХК-ийн ерөнхий захирал Д.Тунгалаг
2015.02.17

Д.Тунгалаг: Шантралгүй бага багаар зөөлөн алхаад явбал бизнесээ томруулж чадна

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжих асуудлыг хөндлөө. Бид энэ удаад "Денимон" ХХК-ийн ерөнхий захирал, “Urban Jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалагтай ярилцлаа.

Тэрээр жийнсийг Монголд анх үйлдвэрлэх санаачлагыг гаргаж, дүүтэйгээ хамтран компаниа байгуулсан. Д.Тунгалаг нь Испани Англи хэлний орчуулагч, Олон улсын нягтлан бодогч мэргэжилтэй.

-Сайн байна уу. Манай хэлэлцүүлэгт оролцож, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд болон жижиг бизнес эрхлэх санаатай байгаа хүмүүст өөрийн туршлагаас хуваалцах гэж буйд баярлалаа.

Миний хувьд ч бас танай хэлэлцүүлэгт оролцож, санаа бодлоо илэрхийлж байгаадаа баяртай байна.

-2009 оноос жийнс үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Өнгөрсөн жилээс эхлээд зах зээлд хүчтэй гарч ирж байх шиг байна. Ер нь анхны үйлдвэрлэл юунаас эхлэсэн бэ?

Анх үйлдвэрлэлээ эхлэхийн тулд гэр бүлтэйгээ сайн ярилцаж байж, судалж байгаад шийдсэн. Ингээд төлөвлөгөө гаргаж 2009-2012 он хүртэл бид жийнсний нууцлаг технологи, ялангуяа угаалт, цайралт, боловсруулах технологийг эзэмшихийн тулд урт бөгөөд хэцүү давааг туулсан гэж хэлж болно.

Манай нөхөр Эдийн засагч, доктор хүн байдаг. Намайг байнга дэмжиж зөвлөдөг. Эдийн засагчид эрсдлийг тооцдог болгоомжтой учир тэдний зөвлөгөө их үнэ цэнэтэй.

-Хүн бүхэнд бизнес санаа ямар нэгэн байдлаар төрдөг. Харин тэрхүү санаагаа ажил хэрэг болгож, бизнесээ эхэлж, төлөвлөж, цааш нь хөгжүүлэх нь хамгийн чухал байх. Бизнесээ эхлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Бизнес санаа мэдээж хүн бүрт төрдөг. Тэр санаа хэр бүтэлтэй вэ гэдэг нь чухал. Зарим хүн нэлээд төвөгтэй санаа олчихоод яахаа мэддэггүй. Цаашаа хөгжүүлэхэд их хэцүү байж магадгүй. Тиймээс сайн бодож, тунгааж судлах хэрэгтэй. Ядаж л бизнесээ эхлүүлэх гэж байгаа та өөрийнхөө зан чанар, сонирхолд таарсан зүйлээ хийх гэж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй.

Миний хувьд заримдаа бараг гэрээ мартчихаад ажил дээрээ удаан суух тохиолдол гардаг шүү. 

Үнэхээр тууштай зүтгэж чадна гээд санаанд чинь багтвал шантралгүй зүтгэх хэрэгтэй. Хүн хүссэн зүйлийнхээ ард гарна гэдэг хичнээн амттай билээ дээ.

Тэгээд нэгэнт чи өөрөө дуртай зүйлээ хийж байгаа юм чинь ажилдаа явахдаа дуртай босно. Ажлаа чин сэтгэлээсээ хийнэ, хэн нэгний шахалтаар хийхгүй. Миний хувьд заримдаа бараг гэрээ мартчихаад ажил дээрээ удаан суух тохиолдол гардаг шүү. Гэтэл зарим хүмүүс ял үүрч байгаа юм шиг ажилладаг. Гэхдээ хүний ч бай, өөрийн ч бай ямар ч ажилд чин сэтгэлээсээ ажиллавал заавал амжилт гаргана.

Заавал бизнес эхлүүлээд тэрийгээ амжилттай болгоод захирал хийхийг амжилт гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Яагаад маш сайн оёдолчин болохыг хүсч болохгүй гэж. Тэр ч амжилт шүү дээ.

-Таны хувьд хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй гэдэг. Яаж үйлдвэрлэлээ явуулсан бэ?

Тийм ээ. Гэхдээ бид технологи, үйлдвэрлэлийнхээ бүх зүйлийг гурван түвшиндээ мэдэрч, нарийн мэдэж авахын тулд ихээхэн шамдсан. Өөрөө технологио мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Чи өөрөө үйлдвэрлэлийн зовлон жаргалыг мэдэж байж ажилтнууддаа үнэтэй зөвлөгөө өгнө шүү дээ. Тэр хэрээр ч ажилтнууддаа хүндлэгдэнэ.

-Анх хэдүүлээ ажиллаж байсан бэ. Одоо хэд болов?

Анх гурван оёдолчинтой, тав зургуулаа эхэлж байсан. Байрны подволь түрээслээд нэг том эсгүүрийн ширээ тавиад оёдлын машинтай эхэлсэн. Жижигхэн байрандаа багтдаггүй байсан. Одоо тавь гаруй ажилчидтай болсон.

-Үйлдвэрлэлээ эхлүүлэхэд анхны хөрөнгө оруулалт их чухал байдаг. Санхүү мөнгөний асуудлаа яаж шийдсэн бэ. Санхүүгийн бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстой вэ?

Хамгийн чухал нь санхүү. Энэ бизнесийг эхлүүлээд хоёр гурван сардаа ямар ч байсан хөл дээрээ зогсоод, тодорхой үйлчлүүлэгчидтэй болтлоо тодорхой эрсдлээ даах мөнгөтэй байх ёстой. Бизнес гэдэг сэтгэлийн хөөрлөөр эхлүүлдэг зүйл биш.

Бид эхний үед өөрсдийн хөрөнгө оруулалтаар эхлээд борлуулат сайн хийгээгүй. Учир нь тэр хооронд дөнгөж боловсруулалт, технологидоо анхаараад зардал гаргасан. Тэгээд мөнгөгүй болоод ах дүү, хамаатан садангаасаа зээлсэн. Дараа нь ЖДҮ-г дэмжих хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан. Энэ нь нэлээн дэмжлэг болж чадсан. Харин өнгөрсөн оны сүүлд экспортыг дэмжих, импортыг орлох  888 төсөлд хамрагдаж, зээл авсан.

Гэхдээ л миний боддлоор нэг талаас үндэсний үйлдвэрлэл, ЖДҮ-д татварын таатай орчин хамгийн чухал хөрс. Тухайлбал бид түүхий эд материалаа гаднаас авдаг учир гаалийн татвар төлдөг. Дээр нь борлуулалтын орлого 10 саяас хэтрэхээр НӨАТ төлнө. Ажилчдын нийгмийн даатгал. Аж ахуй нэгжийн орлогын татвар гээд бид хэтэрхий их татварын дарамтанд байна.

Бидний хувьд импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эх орондоо баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа учраас ЖДҮ-ээ дэмжих үүднээс эхний 3-5 жилдээ НӨАТ-ын татвараас чөлөөлөж болдоггүй юм уу. Хэрвээ үүнийг шийдчихвэл зомпаниуд татвараа нуугаад, хоёр гурван тайлан гаргахгүй шүү дээ.

Түүнээс гадна үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд үйлдвэрлэгч бидэнд тулгарч буй асуудлыг гүн судлаад бодлого шийдвэртээ тусгах хэрэгтэй.

-Танайх нийт жийнсний зах зээлийн хичнээн хувийг эзэлж байна вэ?

Монголд орж ирж буй нийт жийнсний80-90 хувийг Хятадаас наймаачид оруулж ирж байна. Тэгсэн мөртлөө тэд ямар ч татвар төлдөггүй. Статистикт бүртгэгдэггүй. Гаалиар орж ирж байгаа албан ёсны тоог харвал харьцангуй цөөн харагдах бөгөөд бараг манай үйлдвэр зах зээлийг эзэлсэн юм шиг харагдана. Гэхдээ энэ нь худлаа.

-Захиалагч борлуулалтын сувгаа яаж олдог вэ?

Эхлээд худалдааны түншүүдтэй л харилцаа холбоо тогтооно л доо. Нэг үйлдвэрлэгч их олон зүйлээ хийх болж байна. Үйлдвэрлэл, маркетинг, борлуулалт, брэнд хөгжүүлэлт гээд л.

Гэтэл Levi’s брэнд гэхэдбрэндээ хийж байгаа хэдхэн хүн оффист сууж байдаг. Гоё загвар санаа гаргаад Индонез юм уу Хятадад үйлдвэр дээр дээр оёулчихдаг. Өшөө нэг маркетингийн компанитай хамтраад брэндийнхээ маркетингийг хийлгээд борлуулалтаа хариуцуулдаг. Гэтэл бид болохоор “Денимон” ХХК энэ циклийг бүгдийг нь өөрсдөө хийгээд байгаа. Тиймээс ирээдүйд тусдаа салах байх.

Хувцасны бизнес маш өргөн цар хүрээтэй учраас ЖДҮ эрхлэгч нар хамтраад маш олон монгол хүнийг сайхан амьдруулах боломжтой. Монголчууд их мундаг. Нэг хэсэг Хятадаас ангорон ноолуур их орж ирдэг байсан бол одоо дандаа монголын ноолуур байгаа шүү дээ.

-Өрхийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ сайн хийхээ мэддэг ч зарж борлуулах, маркетингийн ажилд асуудалтай байдаг. Өөрөө л үйлчлэгч, захирлаа хийнэ гэдэг шиг. Олон төрлийн авьяастай байх хэрэгтэй болдог?

Өөрөө бүх зүйлээ хийх нь зайлшгүй учир санаа зовох хэрэггүй. Асар олон туршлагыг өөртөө хуримтлуулна шүү дээ.

Харин яахын аргагүй томроод их хэмжээний үйлдвэрлэл явуулаад ирэхээр ажилчдаа нэмээд, томроод ажллахаас аргагүй. Энэ бол компанийн үүсэл, явах ёстой шат замнал юм.

Манай жижигхэн үйлдвэрлэгч ганцаараа дээлээ оёод хүмүүсээс захиалга аваад тодорхой хэмжээгээр сурталчлаад явдаг. Гэхдээ хамгийн гол нь тухайн дээлээ маш сайн чанартай, сайн оёдолтой хийж байвал хэрэглэгчид нэмэгдэнэ.

Ямар төрлийн бизнес байх нь хамаагүй. Хамгийн жижиг цэгээс том алхам үүсэх учир жижиг цэгдээ өөрөө бүтээгдэхүүнээ хамгийн сайнаар хийх ёстой. Хүмүүст өөрийгөө таниулж, сайхан харилцаа тогтоох ёстой.

-Өрхийн үйлдвэрлэгч нар ихэвчлэн эмэгтэй хүмүүс байдаг. Эмэгтэй хүн бизнесийг удирдаад явахад ямар хүч чармайлт хэрэгтэй байдаг вэ.

Эмэгтэйчүүд их мундаг хүмүүс. Эрэгтэй хүмүүс ч мундаг. Эмэгтэйчүүд олон ажлыг зэрэг амжуулж чаддаг. Олон хүнтэй харилцаж чаддаг. Ар гэрээ ажлаа авч явж чаддаг. Эрчүүдтэй харьцуулахад олон таскуудыг зэрэг хийж чаддаг. Тиймээс илүү бизнесийг илүү сайн авч явах бололцоотой.

Эмэгтэйчүүд их хариуцлагатай учраас жижиг бизнес хөгжөөд эхэлчихсэн байна.

-Эрчүүдийг бодоход эрсдэл гаргахдаа жаахан зориг дутмаг санагддаг. Таны хувьд хэр вэ?

Нэгэнт эхэлсэн бол дуусгахаас нааш салахгүй шүү дээ. Бизнесээ эхэлсэн зээл төлөх, цалин тавих, түрээс төлөх хугацаа дөхөөд ирэх үед чамд аяндаа ачаалал үүрэгдээд ирнэ. Тиймээс бизнес эрхлэгч хүн үүнээс илүүг яаж хийж болох вэ, цаашаа юу хийх ёстой вэ гэдгийг байнга бодож, эрэл хайгуулж хийж байх хэрэгтэй.

Тэгсэн цагт хаа нэгэн газар гарц байж л таарна. Шантралгүй бага багаар зөөлөн алхаад явбал бизнесээ томруулж чадна. Бага багаар дөхөөд байвал уулын оргил руу ойртоно гэсэн үг. Нэг их айхтар зоригтой, мэдлэгтэйгээс хамаарахгүй ч байж болно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.