С.Энхтайван: Өрхийн үйлдвэрлэгчид маань худалдааны төвтэй болно
С.Энхтайван: Өрхийн үйлдвэрлэлд хамгийн чухал нь санхүүгийн эмх цэгц
2015.03.10

С.Энхтайван: Өрхийн үйлдвэрлэгчид маань худалдааны төвтэй болно

Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг Бизнес Инкубатор төвийн дарга С.Энхтайвантай ярилцлаа.

- Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд ямар онцлогтой байдаг вэ?

Эмэгтэй хүн аливаа ажлыг хийхдээ болгоомжтой ханддаг, эрсдэл гарах магадлал бага. Бизнесийг эхлэхдээ жижгээс нь томортол тууштай явж чаддаг. Энэ утгаараа манай эмэгтэйчүүд маш эрэмгий. Манай төвд л гэхэд бойжигчид, сүлжээний бойжигчдын ихэнх нь эмэгтэйчүүд. Ялангуяа сүлжмэл, оёдлын салбарт илүүтэй ажилладаг.

Өрхийн бизнесийг гэр бүлийн хүмүүс хамтарч хийх нь түгээмэл. Эхнэр нь хийгээд нөхөр нь зардаг ч гэх юм уу. Жаахан өргөжөөд ирэхээрээ хамаатан саднаа оролцуулж, цөөн тооны өрхийн амжиргааг дэмжээд эхэлдэг. 

Энэ түвшинд очихоороо өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд маань тодорхой бэрхшээлүүдийн өмнө ирдэг. Санхүүгийн тооцоо, борлуулалт, маркетинг гээд бүх ажлыг өрхийн хүрээнд шийдэх хэрэг гардаг. Тоног төхөөрөмжөө сайжруулах хэрэгтэй болно. Олсон орлогоо өдөр тутмынхаа зардалд зориулаад дуусчихдаг учраас хуримтлал бий болгож чаддаггүй.

Энэ мэт шалтгаан байгаа учраас бид энэ ондоо өрхийн үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг дэмжихийн тулд бараа бүтээгдэхүүнээ зарах худалдааны төвтэй болгоё гэж шийдсэн. Энэ нь эхний ээлжинд түрээсийн, явцын дунд “Чингэлтэйд үйлдвэрлэв” нэртэй өөрсдийн жижиг худалдааны төвтэй болох зорилт тавиад ажиллаж байна.

- Өрхийн үйлдвэрлэл ашиг орлого олохын эхний алхам юу вэ?

Санхүүгийн эмх цэгц гэдэг маш чухал. Нэгдүгээрт тухайн бүтээгдэхүүнийхээ өртгийг сайтар тооцож сурах хэрэгтэй. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн ажлын хөлсийг ашиг гэж үзээд байдаг түгээмэл алдаа бий. Үнэндээ ажлын хөлс маань зардал шүү дээ. Сүүлийн үед нано технологи хөгжсөнтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг улам багасаж байгаа. Харин манай өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид тээврийн зардал, гаалийн татвар зэрэг давхар давхар зардал шингэсэн түүхий эдийг импортоор авдаг учраас үйлдвэрлэж буй бараа нь өртөг өндөртэй. Гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бүр ч хэцүү. Энэ мэт зүйлийг сайн тооцож сурах хэрэгтэй байна. 

Хэрэв өртгөө зөв тооцвол зээл авахад дөхөмтэй болдог. Тиймээс энэ чиглэлд бид өрхийн үйлдвэрлэл эрхлэгчиддээ түлхүү сургалт явуулдаг.

- Өрхийн үйлдвэрлэгчид хоршиж, хамтрах хандлага байна уу?  

Эхлээд эрх зүйн хувьд тодорхойгүй зүйл байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл гэж ерөнхий утгаар яриад байдаг ч бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл гэж юу болохыг эрх зүйн баримт бичгээр тодорхойлсон юм алга. Хоршооны хуульд 9-өөс дээш хүнтэй бол хоршоо болно гэж үздэг. Хамтрахын ач тусыг ойлгоод 4-5 хүн нийлээд бүлэг болж байгаа хүмүүс манайд бий. Гэтэл бас хоршоо, нөхөрлөлд зээл өгөхөөс биш бүлэгт зээл өгнө гэсэн хууль байхгүй.

- Төрөл бүрийн экспертүүд өрхийн үйлдвэрлэл, гэрийн ажил хоёрыг аль болох холихгүй байх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байна. Энэ талаар таны бодол?

Гэртээ үйлдвэрлэл явуулах нь олон сул талтай. Тухайлбал гутал хийдэг хүмүүс химийн бодис хэрэглэдэг. Гэтэл тэрэнд нь гэр бүлийн хүмүүс хордож болно. Аюулгүй байдал, бүтээмжийн аль алиныг нь бодсон ч тусгай газар үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Гэртээ ажилладаг хүн цагаа зөв ашиглаж чаддаггүй, сатаарах зүйл олонтой. Бизнес инкубатор төвүүдийн гол зорилго нь энэ асуудалд төвлөрдөг. Төвд ирээд сар болсон хүн хамгийн түрүүнд бүтээмж өслөө гэж хэлдэг. 

- Өрхийн үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэл, дунд үйлдвэрлэлийг тус тусад нь бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн санааг олон хүн хэлдэг. Түүгээр зогсохгүй тэр дотор нь салбар бүрээр нь тусад нь дэмжих хэрэгтэй гэж ярьж байна?

Өрхийн үйлдвэрлэлийг мөнгө гэхээсээ илүү бодлогоор дэмжих ёстой.

Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэгтэй наадах чинь яг адилхан. Үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаараад өөр өөр бодлого байх хэрэгтэй. Өрхийн үйлдвэрлэлийн эдийн засагт авчирдаг гол ач тус нь ажилгүйдлийн эсрэг зогсож чаддагт оршдог. Бусад орнууд ч гэсэн энэ зарчмыг бодож өрхийн үйлдвэрлэлийг дэмждэг. Нэг ёсондоо өрхийн үйлдвэрлэгч улсын ачаанаас хөнгөлдөг. Түүнээс татвар авах нь гол биш.

Гадаадын орнуудад мөнгө өгөхөөсөө илүүтэй бодлогоор дэмждэг. Хувцас үйлдвэрлэдэг нэг том компани байлаа гэж бодоход ханган нийлүүлэгчид нь олон жижиг компани байдаг. Нэг компани утсыг нь ээрээд өгчихөд, нөгөөх нь ханцуйг нь оёчихдог гэх мэт. Ийм кластерийг л хөгжүүлэх хэрэгтэй. 

Салбар болгон өөр өөр зовлонтой учраас холбогдох яамдууд, мэргэжлийн холбоод хамтраад ажиллавал үр дүн гарна.

Намайг энэ ажлыг авч байхад сүлжмэлийнхэн нэг нэг машинтай байсан. Тэднийг жаахан жаахан дэмжээд өгсөн. Харин одоо бүгдээрээ илүү хүчин чадалтай машинтай үйлдвэрлэл явуулж байна. Энэ мэтээр тухайн салбар дээр төвлөрөөд ажиллавал болохгүй зүйл байхгүй. 

- Үйлдвэрлэгчид маань түүхий эдээ хаанаас авч байна вэ?

Эмэгтэйчүүд үйлдвэрлэлдээ ашигладаг гол түүхий эд болох даавууг 100 хувь гаднаас авдаг. Ийм нөхцөлд валютын ханш өсчихөөр өртөг улам ихсэж, хийсэн зүйл нь өрсөлдөх чадваргүй болдог. Хэрэв түүхий эдээ дотоодоос авдаг байсан бол өрхийн үйлдвэрлэгч инфляциас хожно.

Мод л гэхэд ойн нөөц дутмаг учраас дотооддоо мод бэлтгэх нь Оросоос мод авснаас үнэтэй байна. Монгол хавтан үйлдвэрлэдэг газар бараг байхгүй. 

Хэрвээ энэ мэт түүхий эд бэлтгэх чиглэлээр үйлдвэрлэлийг хөгжүүлвэл орон зай их байна.