Боломж алддаггvй “боловсрол”-ын сайд
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.03.30

Боломж алддаггvй “боловсрол”-ын сайд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг боломжийг алддаггүй нэгэн гэж болохоор хүн. Тэрбээр аливаа үйл ажиллагаанд оролцох үедээ өөрийн хариуцаж буй салбартаа хэрэгцээтэй, шаардлагатай зүйлсийг Засгийн газрын тэргүүн хийгээд хариуцаж буй эзэнд нь аятайхан гэгч нь дуулгаж байгаад шийдвэрлүүлчихдэг “зальжин” нөхөр. 

Тиймдээ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 45 дугаар сургуульд зочилж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг боловсрол төсөл”-ийн цэгэн хээнд суурилсан технологитой танилцах үеэр мөн л салбартаа нэн шаардлагатай гэсэн зүйлсээ “нэхээд” амжжээ. Тэрбээр “өнөөдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 15 400 гаруй анги танхим байна. Эдгээрээс эхний ээлжинд 3000-ыг нь цэгэн хээнд суурилсан технологитой ухаалаг танхим болгох шаардлагатай байна” хэмээн баахан тоочиж, зовлон гэхэд арай биш, гуйлга гэхэд бүүр ч биг байдлаар сэтгэлээ уудлаад авна лээ.

Хөөрхий түүнийг салбарын боловсон хүчнүүдийнхээ дэргэд ийн учир байдлаа илэрхийлж буйг харахад “аргагүй л ядарсан сайд юм даа” хэмээн өрөвдмөөр байв. Гэхдээ мань хүний хувьд “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг ингэж байгаад хэдэн ухаалаг танхим нэмүүлчих санаатай л үзээд байгаа бололтой юм билээ.