Албан хаагчдын орон сууцны хүрэлцээ хангалтгүй байна
Байнгын хороодын гишүүд Дархан-Уул аймагт
2015.04.06

Албан хаагчдын орон сууцны хүрэлцээ хангалтгүй байна

Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд эхлээд Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний тайван цагийн бэлтгэл сургуулилт, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцсан юм.

Тус ангийн захирагч, дэд хурандаа Н.Алтангэрэл тус ангийн бие бүрэлдэхүүн тайван цагт олон талт үүрэг гүйцэтгэх бүрэн чадавхитай, ангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг илтгэлээ. Мөн тэрээр “Зэвсэгт хүчний Жанжин штабаас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл сургалт явагдаж байгаа.

Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох цэрэг дайчдын хэлний бэлтгэлийг хангах үүднээс 2008 онд гадаад хэлний сургалтын төв байгуулж, АНУ-д бэлтгэгдсэн мэргэжлийн багш ажиллуулдаг. Цэрэг, иргэний холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл сурталчилгааг сайжруулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, орон нутгийн бусад байгууллагатай байнгын холбоотой, ойр дөт ажилладаг” гэдгээ танилцуулсан юм.

Харин ангийн сургалтын төвийн газрын маргаантай асуудлыг зохицуулж өгөх, албан хаагчдын орон сууцны хүрэлцээ хангалтгүй байгаа нь шинээр томилогдон ирж буй офицер, ахлагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгааг анхаарч туслахыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, ажлын хэсгээс хүслээ.

   

Тус анги нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох Монголын бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Сүүлийн арваад жилд ангийн нийт бие бүрэлдэхүүний 85 хувь нь буюу давхардсан тоогоор 1100 гаруй офицер, ахлагчид олон улсын энхийг сахиулах болон НҮБ-ын бусад үйл ажиллагаанд оролцоод иржээ.

Одоогоор тус ангийн 162 албан хаагч Өмнөд Суданд, 10 албан хаагч Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уламжлал болгон зохион байгуулдаг үзлэг шалгалт, уралдаан тэмцээнд тус ангийн хамт олон жил бүр амжилттай оролцдог агаад өнгөрсөн жилд гэхэд Зэвсэгт хүчний анги, салбаруудын дунд явагдсан уралдаан тэмцээнд нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.

Ангийн захирагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд зарим зүйлийг тодруулав. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ, тус Байнгын хороо УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулахад гол анхаарлаа хандуулж ажиллах болно. Бодлогын энэ баримт бичиг батлагдсанаар салбарын олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарна.

Иймээс батлан хамгаалах салбарт тулгарч байгаа асуудлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, энэ үндсэн дээр асуудлаа зөв, оновчтой тодорхойлж бодлогын баримт бичигтээ тусгах шаардлагын үүднээс зэвсэгт хүчний анги, салбаруудын үйл ажиллагаа, зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтыг газар дээр нь үзэж танилцах, удирдах болон нийт бие бүрэлдэхүүний санаа бодлыг сонсох нь чухал байгааг онцлов.

Ингээд ажлын хэсгийн гишүүд төрийн цэргийн бодлогын талаарх бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах шаардлага, үзэл баримтлал, түүнд тусгах асуудлаар ажлын дэд хэсэгт ажиллаж байгаа Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах албан тушаалтнууд болон тус ангийн удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын ажилтнуудтай санал солилцож, ангийн цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдал, бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтын явцтай танилцав.