Баянгол дүүрэгт гэмт хэргийн гаралт хамгийн бага
БГД нь нийслэлийн дүүргүүд дундаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Тамхины хяналтын хуулийг хэрэгжүүлэх тал дээр багагүй амжилт гаргажээ. Энэ талаар БГД-ийн ИТХ-ын Ажлын албаны дарга П.Цэцэгмаатай ярилцлаа.
- Саяхан БГД-ийн хэмжээнд хийсэн хяналт, шалгалтын үр дүнгээс ярихгүй юу?
БГД-ийн ИТХ-ын даргын гуравдугаар сарын 27-ны А50 тоот захирамжаар ажлын хэсэг гарч дүүргийнхээ хэмжээнд нийтлэг үйлчилгээний журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа. 4 дүгээр сарын 3-ны баасан гарагийн орой Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг гарч нийт 7 хүнсний дэлгүүр, 3 зочид буудал, 5 баар, ресторан, 14 ТҮЦ-нд шалгалт хийлээ. Хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн. Жишээлбэл архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагууд заасан цагаас хэтрүүлж ажилладаг, хүнсний дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан зөрчлүүд гарсан. Ялангуяа хугацаа нь дууссан хүүхдийн сүүн тэжээл борлуулж байсан дэлгүүрүүд байна. Түүнчлэн
Бие засах өрөөндөө хүнсээ хадгалж байсан дэлгүүр ч байна.
Зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар хураасан.
Тамхины хяналтын тухай хуулийг хамгийн их зөрчдөг газрууд нь ТҮЦ. Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс давтан зөрчил гаргасан 106 ТҮЦ-ний зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг манайд ирүүлээд байгаа.
Зөрчил гаргасан газруудыг хаах, тухайн үйлчилгээг цуцлах, сануулга өгөх эсэхийг зөрчлөөс нь хамааруулж холбогдох зөвлөлөөр хэлэлцэж шийднэ.
- Мэргэжлийн хяналттай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
Дүүргийн удирдлагатай байнгын холбоотой ажилладаг. Оны эхний улиралд эмийн сангуудаар мансууруулах төрлийн эм бодисонд хяналт тавих шалгалт хийсэн.
Гэхдээ энд нэг ойлгомжгүй зүйл бий. Мэргэжлийн хяналтын чиг үүргийн улсын байцаагч нарыг нийслэл рүү төвлөрүүлчихдэг нь дүүргүүдэд төвөгтэй байдаг. Жишээ нь БГД-ийг хариуцсан барилгын хяналтын улсын байцаагч нь нийслэл дээрээ байдаг. Хэрвээ дүүрэгт барилгатай холбоотой асуудал гарвал заавал нийслэлд хүсэлт тавьж байж тэр байцаагчийг авчирч ажиллуулдаг. Энэ жилээс хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчаа нийслэл рүү татчихсан. Гэтэл БГД-ийн 75 хувь нь барилгажсан. Барилга дээр хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудал их гардаг. Өмнө нь бид гурван байцаагчтайгаа тогтмол шалгаад явахад л зөрчил байнга гардаг байсан.
Шалгалтын үйл явц
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хувьд дүүргийн зүгээс их санаа тавьж ажилладаг. Гэхдээ энэ чиглэлийн байгууллагууд нь дандаа босоо чиг үүргийн бүтэцтэй. Дүүргийн цагдаа л гэхэд дээрээ нийслэлийн цагдаагийн газарт, цаашлаад Цагдаагийн ерөнхий газарт харьяалагддаг учраас тэндээсээ үүрэг, даалгавар авдаг. Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс ч бас босоо удирдлагатай. Тэгэхээр удирдах газраа хуралдаад ирсэн хүмүүсийг дүүрэг дахин хуралдуулахад төвөгтэй. Нэг хурал зарлах гэхээр ихэнх нь удирдлага дээрээ хуралтай гэдэг. Гэтэл Засаг даргын дэргэд ажиллана гээд хуулиндаа заачихсан байдаг. Үнэндээ нэг асуудлыг ярилцаж захирамж, удирдамж гаргахын тулд хэд хэдэн удаа хуралдах хэрэгтэй болдог.
Энэ мэт бэрхшээл байгаа ч гэсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ИТХ-ын даргаар толгойлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл маш сайн ажилласан. Чиг үүргийн байгууллагуудаа хөрөнгө мөнгөөр дэмждэг. Наад зах нь шатахуун, хоол хүнс, компьютер хэрэгслээр тусалдаг. Үр дүнд нь БГД гэмт хэргийн гаралт хамгийн бага гарсан дүүрэг болсон. Манай дүүрэгт баар, ресторан олон, 1000 орчим тусгай зөвшөөрөлтэй ААН байдаг. Гэхдээ бид байнга хянаж цагдаад байлгүй бизнес эрхлэгчдээ дэмжихийг зорьдог. Анх удаа, хоёр дахь удаагаа зөрчил гаргасан газруудыг хаалгүй хуулийн зөвлөгөө өгч ажилладаг. Хэрэв гурав дахь удаагаа зөрчил гаргавал хориглодог.
- Цагдаагийн байгууллагаас голдуу ямар гомдол, санал ирдэг вэ?
Цагдаагийн хэлтсийнхэн олон газрыг хаая гэсэн хүсэлтийг ирүүлдэг. Тиймээс энэ удаагийн шалгалтанд дүүргийн удирдлагууд биечлэн оролцож тэдний хэлсэн зүйл хэр зэрэгт бодитой вэ гэдгийг нүдээрээ үзсэн. Түүнчлэн ААН-үүдтэй яаж хамтарч ажиллавал үр дүнтэй вэ гэдгийг мэдэх зорилготой байсан. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг саун, массажны газрууд их байгаа талаар цагдаагийн байгууллагаас гомдлууд ирдэг болохоор тэрийг нь шалгасан. Цагаар өрөө өгнө гэсэн зарууд руу залгаж үзэхэд ихэнх нь хотын төвд байрладаг болохоос ихэнх нь манай дүүрэгт байдаггүй нь илэрсэн. Харин ийм үйл ажиллагаа явуулдаг хоёр газрыг хаах шийдвэр гарсан.
Цагдаагийн хэлтсийнхэн олон газрыг хаая гэсэн хүсэлтийг ирүүлдэг.
- Шалгалтын давтамж нь ямар вэ?
Чиг үүргийн байгууллагууд өдөр тутмын хяналтаа тавьдаг. Харин хамтарсан шалгалтыг сар бүр хийдэг. Ингэхдээ тамхи, согтууруулах ундаа, компьютер тоглоомын газар, хүнсний дэлгүүр гэх зэрэг аль нэг чиглэлийг сонгож шалгадаг. Алийг нь сонгохоо судалгаандаа үндэслээд шийддэг. Өнгөрсөн сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ажлыг явуулсан.
- Ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр дүүргээс ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
Номер нэг асуудал бол иргэд гэрийнхээ орчинд айдасгүй зорчих. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асуудлыг шийдээд явж байна. Яагаад гэвэл гэмт хэрэг голдуу харанхуй орчинд гардаг. Түүнээс гадна гэрэлтүүлэг сайн байсан нөхцөлд камеруудын харалт тод байдаг.
Хоёрдугаарт камержуулалтыг хийснээр гэмт хэргийг таслан зогсоож, эсвэл шуурхай илрүүлдэг. Нөгөө талаас камертай бүсэд гэмт хэргийн санаа өвөрлөсөн этгээд гэмт үйлдлээ хийх магадлал бага байдаг сэтгэл зүйн онцлог бий. 2013 -2014 онд 6 хороонд 175 камер тавьсан. Энэ онд суурилуулсан камеруудаа нэгдсэн сүлжээнд холбоно.
Зөвхөн төсвийн мөнгөөр бүх газрыг камержуулах боломжгүй учраас Засаг даргын захирамжаар хувийн байгууллагуудыг камержуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд 1308 камер суурилагдсан.
Харин одоо тэр олон камерынхаа ашиглалтыг яаж сайжруулах вэ гэдэг чухал болоод байна. Учир нь зарим байгууллага ямар ч хамаагүй камер тавиад тэр нь ажиллахгүй тохиолдол олон. Тиймээс төлөөлөгчид маань камеруудад стандарт тогтоож өгье гэсэн саналыг хуралдаа оруулна.
Түүнчлэн баар, ресторануудад соёлтой үйлчилгээг бий болгох замаар аюулгүй орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Тухайлбал тухайн баар согтоод гарсан хүнээ таксинд суулгаад өгчихвөл соёлтой үйлчилгээ болно.