Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь нягтлан бодогчдын хувьд ёс зүйн шаардлага болж байна
ММНБИ-ийн Нягтлан бодох бүртгэл, арга зүйн хорооны менежер Ч.Мөнхбаяр
2015.04.10

Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь нягтлан бодогчдын хувьд ёс зүйн шаардлага болж байна

Монголын Мэргэшсэн нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) 2015 оны эхний хагас жилд  мэргэшсэн нягтлан бодогчдод зориулсан тасралтгүй боловсролын сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтын талаар ММНБИ-ийн Нягтлан бодох бүртгэл, арга зүйн хорооны менежер Ч.Мөнхбаяраас тодрууллаа.

-Тасралтгүй боловсролын сургалтын шаардлага юу вэ? Яагаад нягтлан бодогчдод энэ сургалт хэрэгтэй гэж?

Дэлхийн нягтлан бодогчдын холбооноос гаргасан Боловсролын олон улсын стандартад “Аудит, хууль тогтоомж, техник арга хэрэгслийн сүүлийн үеийн хөгжил дэвшилд суурилсан мэргэжлийн чадвартай үйлчилгээний давуу талыг хүлээн авч байгаа гэдэгтээ Үйлчлүүлэгч буюу ажил олгогч итгэлтэй байхын тулд мэргэжлийн нягтлан бодогч хүн өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа байнга сайжруулж байх үүрэгтэй. Мэргэжлийн нягтлан бодогч нь мэргэжлийн болон бизнесийн бүхий л харилцаандаа ашиглах боломжтой бүх техник болон мэргэжлийн стандартад нийцүүлэн нягт нямбай байх ёстой” гэж заасан байдаг. Тиймээс нягтлан бодогч  мэргэжлийг эзэмшсэн хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх нь тухайн хүний ёс зүйн шаардлага юм.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь ДНБХ-ны жинхэнэ гишүүний хувьд мэргэшсэн нягтлан бодогчиддоо шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхийн тулд тасралтгүй боловсролын сургалтыг зохион байгуулах үүрэгтэй юм.

-ММНБИ-ээс ийм сургалт байнга явуулдаг уу?

2011 онд мэргэшсэн нягтлан бодогчдоо ангийн зохион байгуулалтаар нь тасралтгүй боловсролын сургалтанд хамруулсан удаатай. Түүнээс хойш ММНБИ-ээс эрх сунгах сургалтаас гадна тодорхой сэдвүүдээр сургалт зарлан сонирхсон сэдвийн сургалтандаа сайн дураар хамрагдах байдлаар тасралтгүй боловсролын сургалт  явуулж байсан. Харин энэ удаад дахин ангийн зохион байгуулалттайгаар долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригуудад 1000 орчим нягтлан бодогчдыг энэхүү сургалтандаа хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Энэ удаагийн сургалтын онцлог юу вэ?  

1993 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль батлагдсан цагаас эхлэн манай улс Санхүүгийн Тайлагналын Улсын Стандартыг бүх аж ахуйн нэгж мөрддөг байхаар хуульчилсан. 2009 онд Нягтлан Бодох Бүртгэлийн Олон улсын Стандартын Зөвлөлөөс жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан стандартыг гаргасан ба уг стандартыг олон орон мөрдөж эхлээд байна.

Аудит тухай хууль, Нягтлан Бодох Бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад аж ахуйн нэгжийг том ба жижиг дунд гэж ангилан тус тусдаа стандарттай байх өөрчлөлтийг оруулахаар зорьж байгаа. Тиймээс уг өөрчлөлтөд юун түрүүн мэргэшсэн нягтлан бодогчдоо бэлдэх, жижиг дунд аж ахуйн нэгж гэж ямар аж ахуйн нэгжийг хэлэх, тэдгээрийн мөрдөх бүртгэлийн стандарт нь том аж ахуйн нэгжийнхээс ямар ялгаатай болох тухай мэдээллийг хүргэхэд энэ удаагийн сургалтын зорилго оршиж байгаа юм. Сургалтад мөн хувь хүний хөгжлийн хичээл, гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагааныхаа талаар  мэдээллүүдийг ч оруулсан байгаа.

-Сүүлийн үед гарсан Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын өөрчлөлтийн талаар товч мэдээлнэ үү?

Жижиг дунд аж ахуйн нэгжийн энэхүү стандарт маань одоогийн мөрдөж буй бүртгэлийн стандартаас нилээд ялгаатай, товчилж хураангуйлсан байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг зөвхөн сургалтаар олж авах боломжтой.

-Мэргэжил дээшлүүлэх талаар санхүүчдэд хандаж юу хэлэх вэ?

Манай гишүүд болох мэргэшсэн нягтлан бодогчид маань жилд 40 цагийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж байх үүрэгтэй. Мөн өмнө дурьдсанаар үйлчлүүлэгчиддээ чанартай, өндөр мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх нь нягтлан бодогчдын ёс зүйн үүрэг. Ер нь санхүүгийн ажилтнуудын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн урагшилж, техник технологийн хөгжил дэвшил, шинэ мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, өөрийгөө хөгжүүлэхэд цаг ямагт анхаарах хэрэгтэй.