Монголын нүүрсэнд ирээдүй бий юу?
Нүүрсний хэрэглээний оргил үе 2020 онд тохиох бөгөөд цаашдаа буцаад буурна
2015.04.17

Монголын нүүрсэнд ирээдүй бий юу?

Өнөөдөр Монголын нүүрсийг худалдаж авах боломжтой орон бол зөвхөн Хятад. Цааш нь заръя гэхээр тээврийн зардал нь орлогоосоо давна.

Азийн бүсэд нүүрсний эрэлт тогтмол байгаа ч 2030 он гэхэд ихэнх орнууд, тэр дундаа урд хөрш маань нүүрсний хэрэглээгээ эрс багасгах зорилт тавьжээ. 

Ийм нөхцөлд манай нүүрсийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Таван толгойн асуудал яах нь тодорхойгүй байна. Гэтэл харамсалтай нь дэлхийн зах зээл биднийг хүлээхгүй. Дээр дооргүй нүүрсний талаар маргалдаж байх хооронд хоёр хөрш маань нүүрсний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлээд эхэлжээ.

Оросын нүүрсний экспорт Дорно зүг рүү чиглэв                  

Оросод хэд хэдэн сав газарт нүүрс олборлодог.  Чулуун нүүрсний хамгийн том сав газар нь Кузбасс.  Түүнчлэн Печорский, Эрхүү, Өмнөд Якут, Минусинскийн сав газарт нүүрс  олборлодог. 

Нүүрсний гол 8 компани бий. Энэ нь «Кузбассразрезуголь», «СДС-Уголь», «Востсибуголь», «Южный Кузбасс», «Южкузбассуголь», ХК «Якутуголь», «Распадская» зэрэг компаниуд. Эдгээр компаниудад 2013 онд олборлосон нүүрсний 63 хувь ногдож байна.

Оросын газар нутагт судлагдсан нүүрсний нөөц нь нийт зах зээлийн хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа. Тиймээс сүүлийн үед ОХУ-ын Засгийн газар аль нэг бүс нутгаа сонгон нүүрс олборлолтыг хөгжүүлэх бодлого барьж байна.  Энэ бодлогын дагуу Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн нүүрсний орд газруудад хөрөнгө оруулж байна. Үүнд Эльгиний, Эгийн гол хоорондын, Каа-хемскийн, Чаданскийн болон бусад ордуудыг сонгож авчээ. Түүний дотор ойрын ирээдүйд Якут дахь Эльгиний орд газар, Тувагийн Эгийн гол хоорондын, Ар Байгалийн Апсатын орд газруудыг нүүрс олборлолтын шинэ төвүүд болгохоор төлөвлөжээ.

2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өсчээ. 

ОХУ-ын нүүрсийг авдаг уламжлалт газрууд бол Европ болон Ази Номхон далайн орнууд. Дараа нь ТУХН-ийн орнууд, Ойрхи Дорнод орно. Оросын экспортолсон нүүрсний хэмжээ жил ирэх тутам өсч байна. 

Олон жилийн турш Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч нь Их Британи байсан ч 2009 оноос Хятад улс энэ байрыг эзэлжээ. 2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өсчээ.  Энэ нь Ванины боомт дахь «Дальтрансуголь» нэртэй хөлөг онгоцонд нүүрс ачигч терминалын хүчинч адлыг бүрнээр нь ашиглаж чадсантай холбоотой аж.  Түүнчлэн «Кузбассразрезуголь», «Мечел» зэрэг том компаниуд Алс Дорнодын эрэг дагуух өөрсдийн боомтуудыг ашиглаж Хятад руу нүүрс нийлүүлдэг.

Ванины боомт дахь «Дальтрансуголь» нэртэй хөлөг онгоцонд нүүрс ачигч терминал

Сүүлийн үед ОХУ далайн боомтоор дамжуулан Хятад руу нүүрс нийлүүлэхээс гадна төмөр замаар тээвэрлэн хүргэх замаар нүүрсний экспортоо нэмэгдүүлж байна.  2013 онд Махалино-Хуньчунь чиглэлийн хилийн дамжуулан өнгөрүүлэх төв ашиглалтад орж “Мечел” компани төмөр замаар нүүрс нийлүүлж эхэлжээ.  Тус компани эхний шатанд Хятад руу 2 сая тонн чулуун нүүрс,  алс хэтдээ 8-12 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөжээ. 

Хятадууд нүүрсгүй ирээдүйг сонгож байна

Өнөөдөр Хятад улс манай гараг дээр олборлосон нүүрсний тал хувийг хэрэглэдэг. Яагаад гэвэл цахилгаан станциудын 70 хувь нь нүүрс шатаадаг. Энэ том зах зээлд нүүрсээ их хэмжээгээр нийлүүлэх гэсэн улс Орос, Монголоос гадна олон бий. Дэлхийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австрали улс нийт олборлосон нүүрснийхээ 32 хувийг Хятадад гаргадаг.  Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос руу гаргадаг нүүрсний экспорт багассан учраас Хятадын зах зээлд улам их анхаарал хандуулах болжээ.  Австралийн коксжих нүүрсний олборлогчид Брисбен хотод Хятад-Австралийн хооронд чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулснаас хойш Австраличууд Хятад руу нүүрс экспортлохдоо давуу талтай болсон юм.  

Түүнээс гадна нүүрсний нөөцөөрөө дэлхийд 16-д ордог Индонези улс олборлолтоороо айргийн тавд орж 2000-2010 онд 358 хувиар суга өссөн үзүүлэлттэй байна. 

Түүнчлэн АНУ өмнө нь хэн ч нүүрс нийлүүлдэггүй байсан Зүүн Өмнөд Азийн орнуудад нүүрсээ зарж эхэлжээ. Цаашдаа Европ болон Ази Номхон далайн орнуудад 200 хүртэл сая тонн нүүрс нийлүүлэхээр төлөвлөж байна.

Ойрын жилүүдэд Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо 10 хувиар бууруулна

Энэ мэтчилэн Ази Номхон далайн бүс, тэр дундаа Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлэх гэсэн улс орны тоо олширч өрсөлдөөн ширүүсч байна. 

Гэхдээ их хэмжээний нүүрсний хэрэглээ экологийн хямралд хүргэнэ. Хятадын зарим хотод маск зүүхгүйгээр гудамжинд гарах боломжгүй. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын судалгаагаар агаарын бохирдлоос болж жилд сая гаруй хятад иргэн нас бардаг ажээ.

Тиймээс Хятадын Засгийн газар хүссэн хүсээгүй нүүрсний хэрэглээг багасгахаас өөр аргагүй болж байна. 2014 онд Хятадын нүүрсний хэрэглээ 2,9 хувиар буурчээ. Ойрын жилүүдэд Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо 10 хувиар бууруулна гэж шинжээчид үзэж байна. Түүнээс гадна одоогоор ашиггүй ажиллаж байгаа нүүрс олборлогч 2000 жижиг компанийг татан буулгахаар болжээ.  Энэ тухай Хятадын Нүүрс олборлогчдын үндэсний холбооны дарга 2014 оны намар мэдэгдэл хийсэн. Тэрээр нүүрсний салбарт ажилладаг компаниудын 70 хувь ашиггүй ажиллаж байгааг хэлсэн. 2020 он гэхэд Бээжингийн 6 дүүрэгт нүүрсний аж үйлдвэрийн үйл ажиллагааг хориглохоор төлөвлөж байна.

Монголын түүхий нүүрсний зах зээл богино насална

Шинжээчдийн үзэж буйгаар 2015 онд дэлхийд нүүрсний үнэ буурсан хэвээр байна. Австралийн хөрөнгө оруулалтын банк Macquarie-гийн үнэлгээгээр тонн нүүрсний үнэ 57 доллар хүртэл унана. Харин 2016 онд багахан хэмжээнд буюу 67 доллар хүртэл өснө. Өнөөг хүртэл нүүрсний үнэ байнга буурсаар ирсэн. 2013-2014 онд 90 доллараас 79 доллар болтлоо унасан. Коксжих нүүрсний салбарт ч энэ хандлага ажиглагдаж байна. 2013-2014 онд 160 доллараас 125 доллар луу буужээ.

Нүүрсний үнийн өөрчлөлт

Дэлхийн эрчим хүчний агентлаг ойрын хэдэн арван жилд нүүрсний аж үйлдвэр хэрхэн хөгжих талаар гурван хувилбар гаргажээ.

  1. Нүүрсний хэрэглээ өсч 2035 онд 70 хувьд хүрнэ
  2. 2020 он гэхэд экологийн шаардлагаас үүдэлтэй олонхи хөгжингүй оронд нүүрсний эрэлт эрс буурна
  3. Нүүрсний хэрэглээний оргил үе 2020 онд тохиох бөгөөд цаашдаа буцаад буурна

Одоогоор хамгийн магадлалтай нь гурав дахь хувилбар. Нүүрснээс үүдэлтэй экологийн хямрал, байгалийн хийн хямд үнэ зэрэг нь олонхи орны хувьд нүүрсний хэрэглээгээ багасгах гол шалтгаан болж байна. Азийн зарим оронд нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байгаа ч энэ нь дэлхий нийтийн нүүрсний хэрэглээний бууралтад нөлөөлж чадахгүй.

Монголын хувьд ойрын 10-15 жилд олдох тэрхүү боломжийг ашиглаад нүүрсний ордуудаа хурдан эргэлтэнд оруулах хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна. 

Энэ нөхцөлд Монголын хувьд ойрын 10-15 жилд олдох тэрхүү боломжийг ашиглаад нүүрсний ордуудаа хурдан эргэлтэнд оруулах хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна.  Монголын түүхий нүүрс тэртэй тэргүй богино настай. Хэрэв ойрын ирээдүйд нүүрсний салбарт хэний хөрөнгийг оруулах, ямар царигаар зам барихаа шийдэж чадахгүй бол түүхий нүүрс гадагш гаргаж амжаагүй байтал нүүрсний аж үйлдвэр уруудаж эхэлнэ. 

Өнөөдөр нүүрсээ ухаж гаргаад тэр чигээр ачиж аваачаад зардаг үе өнгөрч байна. Дэлхийн нүүрс олборлогч компаниудын олонхи нь маш бага ашигтай ажиллаж байна. Тиймээс хүндрэлээс гарах цорын ганц арга бол нүүрсний гүн боловсруулалт. Ингэвэл бизнес ашгаа өгч эхэлнэ.

Экологийн өндөр шаардлагууд нь зарим тохиолдолд нүүрсний аж үйлдвэрийн хөгжилд саад болох бус, харин эсрэгээрээ соёлтой олборлолтыг бий болгоход түлхэц болно. Метаны хаягдлыг дахин боловсруулах замаар уурхайн хаягдлыг багасгаж, дараа нь бусад компаниудад квот борлуулах нь ашигтай бизнес болж хувирав. Иймэрхүү төслөөс олох ашиг нь хэдэн арван сая доллар.

Чулуун нүүрснээс гаргаж авдаг бүтээгдэхүүн.

Өөр нэгэн ирээдүйтэй технологи бол нүүрсийг хийжүүлэх. Украйны эрдэмтдийн тооцоолсноор Донбасст олборлож буй 2,5 тонн нүүрснээс 1000 куб метр нийлэгжсэн хий гаргах боломжтой аж. 

Тэр байтугай нүүрсээр газрын тосыг орлуулж болно. ӨАБНУ-д нүүрсээр моторын тос хийдэг 100 гаруй үйлдвэр ажиллаж байна. Тус улсад ийм технологийг 1980-аад онд Барууны орнууд нефтийн бүтээгдэхүүнд хориг тавихад нэвтрүүлж эхэлжээ.