Олныг талцуулсан Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар шүүх нь зөв
Улсын Их Хурал
2015.04.17

Олныг талцуулсан Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар шүүх нь зөв

Оюутолгойн гэрээг тун муу хэрэгжсэн хэмээн олон нийт шүүмжиддэг. Гэтэл түүний ардаас Тавантолгойн гэрээ мөн л тийм аргаар хэрэгжих гэж байна гэсэн шүүмж хүчтэй өрнөж эхлэв.

Тавантолгойн гэрээний төслийн асуудалд УИХ, Засгийн газар эсрэг тэсрэг байр суурьтай, хоёр тий- шээ хараад суучихсан. Уг нь Засгийн газар Тавантолгойн гэрээг 14 хоногт хэлэлцэхийг УИХ-аас хүссэн ч одоо болтол өөрсдөө энэ төслийн талаар хэлэлцэхгүй удааширч, УИХ-д өргөн бариагүй байна. Харин энэ асуудалд намын бүлгүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Энэ гэрээ УИХ-ын хяналтад байх ёстой

Намын бүлгийн хувьд Эдийн засгийн хүндрэлтэй үед Тавантолгойг эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байтаа. Энэ бол стратегийн ач холбогдолтой орд учраас УИХ- ын хараа хяналтад байх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-аас өмнө нь баталсан хууль тогтоолтой нийцэж буй эсэхийг хянахын тулд УИХ-аар оруулж шийдэх ёстой. Учир нь энэ асуудлыг "УИХ-аар оруулсны дараа эцэслэн шийдэх нь улс орны эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байна. УИХ-аас баталсан хуулиудын хүрээнд асуудлыг ярих учиртай. Тийм учраас гэрээ өмнө нь гаргасан шийдвэрүүдтэй нийцэж байна уу үгүй юү. Цаашлаад ард түмэнд амалсан 1072 хувьцааны асуудал хэрхэн шийдэгдэж байна гэдгийг харах хэрэгтэй. Эцэст нь УИХ хариуцлагыг хамт хүлээнэ. Тийм учраас УИХ-ын хяналт дор энэ асуудлыг шийдэх ёстой. УИХ дахь МАН-ын бүлэгт ажлын хэсэг ажиллаж байгаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орж өгөөжөө өгөх хэрэгтэй

Ардчилсан намын бүлэг энэ асуудлаар гишүүдийнхээ саналыг нэг бүрчлэн сонссон. Тавантолгой эдийн засгийн эргэлтэд орох ёстой, өгөөжөө өгөх ёстой, үйл ажиллагаа нь богино хугацаанд сэргэх ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэг байгаа. Мөн энэ асуудлыг УИХ-аар зайлшгүй хэлэлцүүлэх ёстой, УИХ-аас Тавантолгойтой холбоотой асуудлаар хэд, хэдэн тогтоол гарсан. Гэрээ хэлцэл нь түүнд нийцэж үү гэдгийг үзэх зайлшгүй шаардлага бий, тиймээс энэ асуудлуудыг нягтлах ёстой гэсэн байр суурь барьж байна. Ерөнхий сайд 14 хоногт багтаан Тавантолгойн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Г эвч өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Тиймээс хүлээж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:Тавантолгойн гэрээ ашигтай  үгүй юу гэдэг нь чухал

Тавантолгойн гэрээ яваасай гэж хүсч байна. Энэ гэрээ явах нь Монголын нийгэм, эдийн засагт хэрэгтэй. Гэхдээ явуулахын төлөө ад болгоод байдаг зүйл нь Тавантолгойн уурхай биш. Гол нь ашигтай юу, үгүй юу гэдэг нь чухал. Оюутолгойн гэрээг явуулах уу, үгүй юу гэж бүгд асууж байсан.

Тухайн үед миний бие Оюутолгойн гэрээг явуулъя гэдэг байсан. Хамгийн гол нь ямар ашигтай вэ, гэрээг хийсэн тохиолдолд Монголын ашиг нь хаана байх уу, энэ ашгийг авахгүй тохиолдолд хяналт нь хаана байгаа юм бэ, удирдах зөвлөлд нь байгаа Монголын гурван хүн эрх мэдэлтэй юу гэдгийг асууж байна. Өнөөдөр зардлаа дураараа нэмж биднийг ямар ч ашиггүй, татваргүй Оюутолгой болгохоос яаж сэргийлж байгаа гэдэг асуудлуудыг тодорхой нээлттэй ярихгүй байснаас болж Оюутолгойн гэрээг яах гэж хийв ээ гэхэд хүрч байна.