Жагсаалтын эхний 10-т эмэгтэй оруулах ёстой гэв
“Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний чуулганы үеэр хөндөгдсөн чухал асуудлын нэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тавьсан илтгэл байлаа.
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль төгсөгчдийн 60 хувь бүсгүйчүүд байдаг ч дунд шатны удирдах албан тушаалтны 30 хувь, дээд тушаалын 15 хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг аж. Мөн хувийн өмчийн 10 хувь, ажлын ачааллын 70-80 хувь нь эмэгтэйчүүдэд ногддог гэсэн судалгаа гарсан байна.
Монгол түмэн эмэгтэйчүүддээ хэр итгэл үзүүлж байгааг зарим нэг судалгааны дүнгээс иш татвал, “Монгол Улсын Ерөнхийлөгчид эмэгтэй улс төрч өрсөлдвөл та дэмжих үү гэсэн асуултад 41 хувь нь дэмжинэ гэж хариулсан бол УИХ-д танай тойрогт эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та дэмжих үү гэсэн асуултад 42.8 хувь нь дэмжинэ, харин 44.1 хувь нь хүнийг нь харж байж сонгоно хэмээн хариулжээ.
Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна гэдэгтэй та санал нийлж байна уу гэсэн асуултад 86.2 хувь нь санал нийлж байна гэжээ.
Ийм нөхцөлд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг бодитой дэмжье гэвэл сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгох, намын жагсаалтад эрэмбэлэгчдийн эхний 10-ын 50-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх зэрэг өөрчлөлтүүдийг УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Намын тухай хуулиудад оруулах шаардлага бий болж байна гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэмдэглэв.
Улсын хэмжээнд өнөөдөр эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн төвшин 6.6 хувьтай аж. Мөн улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн 55 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлд цалин хөлсгүй оролцогч зэрэг хөдөлмөр нийгмийн хамгааллын төрийн үйлчилгээг хүртэж чаддаггүй иргэд байгаагийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Цалингийн хэмжээ ч ялгаатай, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс өндөр цалин авдаг. Иймээс эдгээр зөрүүг ойртуулахад төрийн зүгээс бодлогын төвшинд анхаарах асуудал олон байна гэдгийг чуулганд оролцогчид хөндлөө. Эцэст нь чуулганаас уриалга гаргасан юм.
УИХ-д хандаж Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг нэн тэргүүнд хэлэлцэж батлах.
Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулинд тусгагдсан жендэрийн тэгш эрхийн заалтуудыг баталгаажуулж, хэрэгжүүлэх.
Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдсэн бүх төрлийн хүчирхийлэлд ногдуулах хариуцлагыг чангатгах.
Засгийн газарт
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн байдлыг хуулийн заалт нэгбүрээр эдийн засаг, улс төр, нийгэм, соёл, гэр бүлийн бүхий л хүрээнд гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх.
Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодитой арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах.
Хөгжлийн зээлийн сан байгуулж, өрх толгойлсон олон хүүхэдтэй ядуу эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхэлж, орлого бий болгох ажлыг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх.
Улстөрийн намуудад
УИХ,орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлэх.
Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгуллагаар дамжуулан удирдах ажилд эмэгтэйчүүдийн сургаж, бэлтгэх зэрэг санаачилга гаргав.